Ц.Хосбаяр: Гавьяатыг би гуйж биш гуядаж авсан...

Урлаг, Спорт 2018-07-26 04:34:575233

"Чөлөөтийн Хосоо" гэхээр спортынхон төдийгүй Монголын ард түмэн андахгүй ээ. Үнэхээр ч МУГД Ц.Хосбаяр багш их спортод амь, амьдрал, насаа тэр чигт нь зориулж яваа эрхэм. Жижигхэн биетэй энэ хүнийг "багш аа..." хэмээн хүндэтгэн дуудаж, бас ч үгүй зэмлэл хүртчихээд айж, гэмших хүдэр, бадируун бөхчүүд олон. Нэгэн үе тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсган, өдгөө шавь нараараа амжилтын буухиагаа үргэлжлүүлж яваа түүнтэй дэлгэрэнгүй яриа өрнүүллээ. Үе үе нулимсаа барьж ядан цийлгэнүүлэх түүний дотоод ертөнц, чин сэтгэлийн яриаг эрхэм уншигч танд дэлгэж байна.

  • Хоёулаа таныг анх чөлөөт бөхийн спортод хөл тавьж байсан үеэс яриагаа эхлэх үү?

За тэгье. Анх есдүгээр ангид байхдаа чөлөөт бөхийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд орж, түрүүлж байсан. Төд удалгүй Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд орж бас түрүүлсэн. Тэгээд С.Сүрэнжав багш маань намайг анзаарч, Хотын аваргын тэмцээнд оруулна гээд "Баянгол" зочид буудалд байрлуулж байлаа. Хүүхэд байсан болоод ч тэр үү, буудалд байрлах нээх гоё санагдаж билээ. Тэгээд л хотын аваргын тэмцээнд орж, хоёрдугаар байр эзэлсэн дээ. Удалгүй "Улсын аварга шалгаруулах тэмцээн"-д орж хүрэл медаль хүртсэн. Тэгээд л ер нь эргэлт буцалтгүй чөлөөт бөхийн спортод орсон доо.

  • Таныг анх чөлөөт бөхөөр хичээллэхэд аав тань нэлээд дургүйцэж байсан гэж сонссон юм байна...

Тийм ээ. Аав анхандаа дургүйцэж байсан. Харин С.Сүрэнжав багш маань нэг удаа бүх эцэг, эхчүүдийг дуудаж, хоолонд оруулж, бидний байрлаж буй зочид буудалтай танилцуулсан юм. Тэгээд л аав маань "Миний хүү чинь "Баянгол" ресторанд байрлаж байна шүү дээ" гээд л их бахархаж ярьж билээ. Түүнээс хойш дахиж дургүйцээгүй, харин дэмждэг болсон доо.

  • Танай удманд ер нь бөх хүн байсан уу?

Үгүй ээ. Бүгд л төрийн албанд насаараа зүтгэж ирсэн хүмүүс. Аав минь "Эмийн бааз"-ийн ерөнхий нягтлан бодогч, намын үүрийн даргаар ажиллаж байсан.

  • Таныг аравдугаар ангиа төгсөөд нягтлан бодогчын ангид суралцаж байсан гэдэг байх аа...

Тийм. Аав намайг аравдугаар ангиа төгсмөгц Нягтлан бодогчийн ангид оруулсан. Тэгээд жил суралцаад дараа жил нь цэрэгт явсан. "Зүүн баян"-гийн цэргийн ангид танкчин цэрэг байлаа шүү дээ ах нь.

  • "Алдар" спорт хороотой хэрхэн амьдралаа холбож байв...

1983 оны намар чөлөөт бөхийн Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж, хүрэл медаль авсан юм. Дараа жил нь жин өгсөж 45 кг-ын хүнд, хөнгөн жингийн Залуучуудын УАШТ-д орж, тухайн үеийн сайн барилддаг байсан бүхий л залуучуудыг хожиж, түрүүлж байлаа. Тэгээд цэрэгт явж ирсэнийхээ дараа 1985 онд "Алдар" биеийн тамир спортын хороондоо орж түүнээс хойш "Алдар"-аасаа салсангүй дээ. Дунд нь бас Биеийн тамирын дээд сургуулийг дөрвөн жилээр суралцаж, төгссөн. Бас хувийн сургуульд хэдэн жил багшилсан. Харин 2001 оноос хойш "Алдар"-таа тасралтгүй багшилж байна.

  • Таны үеийнхэн бол чөлөөт бөхөөр үзүүлсэн амжилтыг тань мэднэ. Харин сүүлийн үеийнхэн нэг их сайн мэдэхгүй болов уу...

Тийм байх шүү. Би чөлөөт бөхийн Улсын шигшээ багт 1989-1995 он хүртэл тамирчин байсан. Тэр үед улсын болоод, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд байнга л оролцдог байлаа. Азийн аваргаас хоёр мөнгөн медаль хүртсэн. Мөн олон улсын чанартай тэмцээнээс нэлээд хэдэн мөнгөн медаль зүүсэн шүү. Монголд болсон тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн байдаг.

  • Танд тамирчин байх дасгалжуулагч байх хоёрын аль нь амархан санагддаг вэ?

Тамирчин нь амархан л даа. Дасгалжуулагч байх их хэцүү. Бүх шавь нартайгаа хамтдаа зовж, сэтгэл зүрхээрээ хамт барилддаг. Ялагдахад нь хамтдаа уйлж, ялахад нь хамтдаа баярладаг. Хүүхдүүдээ бодоод нойргүй хонох үе мөн ч олон шүү дээ.

  • Таны төрсөн дүү МУГТ Ц.Цогтбаяр, Ц.Энхбаяр нар мөн л тив, дэлхийд алдраа дуурсагсан мундаг тамирчид явсан. Нэгэн үе ах дүү гурав гээд л монголчууд төдийгүй дэлхийн чөлөөт бөх сонирхогчид шагшин магтдаг байсан даа...

Баярлалаа. Бурхнаас ивээсэн сайхан хувь заяа юм даа. Нэг айлын гурван хүү гурвуулаа нэг төрлийн спортод хүч үзнэ гэдэг их сайхан шүү дээ. Аав, ээж хоёр минь биднийг гадагшаа тэмцээнд явахаар арц, хүж өгөөд л явуулна. Би тэмцээнд явахаараа бага нь гээд Цогтбаярыгаа нэг өрөөнд аваад л орчихдог, дэвжээнд бас аваад гардаг байсан. Тэгээд л Энхбаяр "Та дандаа Цогоо гэдэг" гээд л гомдоно/инээв/. Одоо бол Цогоо бид хоёрт чөлөөт бөхөөс өөр хийх ажил байхгүй шүү дээ. Тийм ч учраас Цогоо бид хоёр өглөө 8 цагт ирээд орой 19 цагаас энэ заалнаасаа гардаг. Нэг нь нэгийгээ нөхөөд л ажиллаж байна даа.

  • Заримдаа ядарч, шантрах үе байдаг уу?

Үгүй ээ. Хэдийгээр ачаалалтай ч гэсэн дуртай ажил минь болохоор ядрахыг мэддэггүй. Хүүхдүүдийнхээ хөлс, ноцолдох чимээнд ах нь хачин их дуртай шүү дээ/инээв/. Манай Д.Цог-Эрдэнэ хурандаа уур нь хүрэхээрээ "Танай энэ муу хэдээс чинь хэзээ бөх болж та нарыг гялайлгах юм" гэдэг байсан. Одоо "Нөгөө хэд чинь бүр овоо болоод одоо эргээд та нарыг тэжээх нь дээ" гэж хэлдэг болсон. Цогоо бид хоёр зөв зүйлийн төлөө явж байгаадаа үргэлж бахархдаг.

  • Амжилтаар нь ам бардам бахархах шавь нараасаа дурдвал...

Өнөөдөр энэ жижигхэн зааланд таван гавьяат, улсын гарьд, улсын начингууд мөн Олон улсын хэмжээний мастер 20 гаруй, спортын мастер, дэд мастерууд 50 гаруй байна. Сурагчдын дэлхийн аварга, өсвөрийн дэлхийн аварга, оюутаны дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга гээд 30-аад тамирчин бий. Гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Орхон, С.Цэрэнчимэд, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын начин Б.Чимэдвандан, Л.Шинэбаатар гэх мэтчилэн олон мундагууд байна. Г.Мандахнаран арав төгсөөд, П.Орхон, С.Цэрэнчимэд нар 13, 14 настай л хүүхдүүд орж ирж байсан. Шавь нарын минь буян хишиг их шүү. Гурван жилийн өмнө Гончигдамба гарьд болсныхоо дараа манай Цогоод машин авч өгсөн. Дараа нь Хосоо багшийгаа машинтай болгоно гээд Б.Гончигдамба гурван саяыг нь гаргаад бусад хүүхдүүд маань үлдсэн мөнгийг нь гаргаж надад машин авч өгсөн. Тухайн үед манай тамирчид дэлхийн чанартай тэмцээнүүдээс 18 медаль авсан байсан. Тэд бүгд багшдаа хандив өгсөн. Шавь нартаа үеийн үед баярлаж, амжилтаар нь бахархаж явдаг даа. Сурагчдын шигшээ багийн Б.Төгөлдөр маань хүртэл 100 мянган төгрөг өгсөн гэсэн. Энэ их зөрчилдөөний хажуугаар миний хэдэн хүүхдүүд тасралтгүй амжилт үзүүлдэг/нулимс нь цийлгэнэв/.

Бидний хөдөлмөрөөр л "Бөртэ чоно" авсан ш дээ...

  • Хүүхдээ шавь оруулъя гэж олон хүн таныг зорьж ирнэ биз...

Их ирдэг шүү. Ялангуяа хөдөө орон нутгаас олон хүн зорьж ирдэг. Сая тав хоногийн өмнө л гэхэд Сэлэнгэ аймгаас нэг охин ирж, шавиар орлоо. Аав ээж нь өөрсдөө дагуулаад ирдэг юм.

  • Танай энэ зааланд гурав, дөрвөн настай болов уу гэмээр жаахан охин хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийж байна. Таны отгон шавь уу?

Үгүй ээ. Энэ манай нэг шавийн төрсөн дүү нь. Харах хүн байхгүй, бас чөлөөт бөх сонирхоод байдаг гээд эгч нь дагуулаад ирдэг юм. Хөөрхөн, эгч нартайгаа хамт бэлтгэл хийгээд байгаа биз дээ/инээв/.

  • Харин тийм байна. Ингэхэд та ер нь хичнээн шавьтай вэ. Шавь нараас тань хамгийн ахмад, бас хамгийн бага нь хэдэн настай байна вэ?

Намайг "багш аа" гэж хүндэтгэн дуудаг хүмүүс нийгмийн бүхий л салбарт ажиллаж байна. Өндөр зэрэглэлийн тамирчин шавь нар 100 гаруй байна. Бүх шавь нар гэх юм бол хэдэн мянгаар тогтохгүй л дээ. Тэднээс хамгийн ахмад нь гэвэл 1982 оны О.Пүрэвдорж байна. Сая ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Харин хамгийн бага нь долдоон настай охин бий. Өнөөдөр миний энэ олон шавь нараас нэг нь ч хүнд зодоод, хулгай хийчихлээ гэсэн таагүй зүйл чихэнд сонсогдож байсан удаагүй. Тэгхээр би эдгээр хүүхдүүдийг ямар ч гэсэн нийгэмд зөв хүн болгон төлөвшүүлж дээ гэж боддог шүү. Одоо над дээр хичээллэж байгаа таван ээлжийн 150-200-гаад хүүхэд байна. Өглөө 08:00 цагаас бэлтгэл эхэлж, орой 21:00 цаг гээд л гэртээ ордог доо.

  • Ар гэрийн амьдрал бол тэр чигтээ хаягдана биз...

Тэгэлгүй яах вэ. Ер нь сайн эхнэр байхгүй л бол бидний ажлыг ойлгохгүй шүү дээ. Сайн ханийн буянд л өдий зэрэгтэй явж байна.

  • Та гэр бүлээ танилцуулаач...

Манай эхнэр Увс аймгийн харьяат С.Батжаргал гэж хүн бий. 23-р сургуульд багшаар ажилладаг. Манайх хоёр хүү, нэг охинтой. Том хүү минь ОХУ-д Харилцааны эдийн засагч мэргэжлээр суралцдаг. Дараа жил төгсөж ирнэ. Дунд хүү Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцдаг. Яваандаа спортын сэтгүүлч болох санаатай юм шиг байгаа юм. Бага охин 10 настай, 23-р сургуулийн тавдугаар ангиад суралцдаг.

  • Хүүхдүүдээс нь аавынхаа "шийрийг хатаах" хүн байх юм уу?

Манай том хүү уг нь бөхөд их дуртай байсан юм. Гэвч би чинь өөрөө хөл бөмбөгийн улаан фэн болохоор хүүгээ ухаан орсон цагаас нь л хөлбөмбөгийн тэмцээн зурагтаар үзсээр байгаад хөлбөмбөгийн хорхойтой болгочихсон. Охин минь бөхөөр хичээллэнэ гээд намайг дагаж долоо хоног явсан ч ээж нь дургүйцээд больсон.

  • Таныг шавь нарынхаа ар гэр, бүр санхүүгийн асуудалд нь хүртэл санаа тавьж, С.Цэрэнчимэдийг ДАШТ-д явахад нь байраа барьцаанд тавьж байсан гэдэг байх аа..

Тийм ээ. Ер нь ганц С.Цэрэнчимэд биш шүү дээ. Анх Б.Одончимэг 2009 онд насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон. Мөн 2005 оны Оюутны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан. Дараа нь залуучуудын дэлхийн аваргаас Д.Цогтбаатар, Э.Цэгмид хоёр Залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Энэ бүгдэд бид чадах чинээгээрээ л санхүүгийн тусламж үзүүлэхийг хичээж байсан. Би хүүхдүүдээ тэмцээнд явахад нь эхнэртээ хэлэлгүй байраа барьцаанд тавьж, ломбарданд машинаа ч бас тавьж л байсан. Бид нар их юм үзсэн дээ. Их ч зүйлийг давж гарсан. Гэхдээ хүүхдүүд минь амжилтаараа багшийнхаа ачийг хангалттай хариулж байгаа гэж боддог. Өөр надад юу хэрэгтэй юм бэ.

  • Их зүйлийг даван туулсан гэснээс танай чөлөөтийнхөний маргаан хэдэн жилийн турш л үргэлжилж байна. Тэнд таны нэр байнга л явдаг...

Би тэр зөрчил маргаан яагаад эхэлсэн талаар анхнаас нь товчхон яръя. "Гацуурт"-ын Л.Чинбат Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч байхдаа чөлөөт бөхөд их мөнгө хаясан нь үнэн. Гэтэл дундуур нь Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар орж ирээд л Л.Чинбатыг баллачихсан. 2009 оноос Д.Дагвадорж хэдэн дасгалжуулагчийг үгэнд орохгүй бол ална хядна гээд л, Д.Сумъяабазар нь МЧБХ-г бид анх үүсгэн байгуулсан гээд л ярьцгааж эхэлсэн. Үүнээс л энэ зөрчил, маргаан эхэлсэн. Д.Сумъяабазар, Д.Дагвадорж хоёр тамирчдад гурав, дөрвөн удаа хувцас өгч, хэдэн аймагт дэвжээ өгснөө их зүйл хийсэн гэж ярьдаг. Д.Дагвадорж, Д.Сумъяабазар хоёрын тэрбум төгрөгийн хувцсыг нь шигшээ багийн 20 гаруй тамирчид хоёр, гурван багш л авсан. Тэгээд болоогүй ээ, тамирчин биш дарга, захиралууд л нөгөө хувцсыг нь өмсчихсөн яваа л харагддаг ш дээ. Түүнээс гадна Д.Дагвадорж чөлөөт бөхийн спортыг нэг их сэргээчихсэн юм ярина. Гэвч тэд яг үнэндээ бидний хөдөлмөр, амжилтаар л "Бөртэ чоно" авсан байхгүй юу. Чөлөөт бөхийн 2014 оны ДАШТ-ий үеэр Г.Мандахнаран үнэнхүү хүчээрээ барилдаж, нүд ам нь ямар болж гарч ирлээ, бүгд л харсан. Гэтэл Дагваа "Багш дасгалжуулагч нар ямар ч үүрэггүй. Би шүүгч нарт нь 10 мянган доллар атгуулж та нар медаль авлаа" гэж ярьсан. Биднийг тамирчидтай минь хамт тэгж доош нь хийж болохгүй биз дээ. Тэгээд бид нарыг шинэ жилийн арга хэмжээнд урьсан. Тэгж муухай хэлүүлчихсэн бид юу гэж очих юм бэ.

  • Нээрээ Д.Дагвадорж аваргын тэр бичлэгт хэлсэн үнэн юм уу. Үнэхээр ДАШТ-ий үеэр тэгж мөнгө тараадаг юм уу?

МЧБХ-ны нарийн бичгийн дарга Б.Батбаяр Г.Мандахнаранг "Муу нусан чавх минь чи хэн юм бэ" гэж дайрснаас болоод тэр хоёр фесбүүкээр маргалдаад сүүлдээ Мандах тэсэхээ болиод тэр бичлэгийг олон нийтэд ил болгосон. Яг үнэндээ Б.Болд багш, Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар чөлөөт бөхийг жинхэнэ утгаар нь самарч байна. Мань гурав манай холбоонд хувиасаа 470 сая төгрөг өгсөн гэж ярьдаг юм. Тэр мөнгөө яаж зарцуулснаа ярих гээд л Дагваа бүх шүүгч нарт мөнгө өгсөн гэж ярьж байгаа нь тэр л дээ. Үнэндээ тэд мөнгө өгдөг нь бол үнэн. Яагаад энийг би сайн мэдэж байгаа гэхээр н.Батням ах тэр жил ДАШТ-д явахдаа Б.Төмөрбаатар шүүгч энэ тэртэй хамт мөнгө тарааж явсан гэж өөрийн амаар хэлж байсан юм. Би дандаа баримттай зүйл л ярьдаг. Дасгалжуулагч болсноосоо хойш би ДАШТ-д нэг, олимпод нэг удаа л өөрийнхөө зардалаар орсон. Энэ үед миний найз нөхөд, БХЯ, ЗХЖШ, "АЛДАР" спорт хороо, МҮОХ , БТСГ-аас ивээн тэтгэсэн. Сүүлийн хэдэн жил ДАШТ рүү зүглэхгүй байж байгаад өнгөрсөн жил нэг явсан. Тэр үеэр л шүүгч нар сугалаан дээр мөнгө өгдөг гэх мэтчилэн ярьж байсан. Гэхдээ тэр тэмцээнд бид шударгаар өрсөлдөөд багаараа дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэгээд 2015 оны тэр тэмцээнээс ирээд Ц.Цогтбаяр тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал хийж, тэр үеэр Цогоо "Энэ амжилтанд МЧБХ ямар ч хамаагүй шүү. Бид өөрсдөө энэ амжилтыг байгуулсан" гэж зоригтой дуугарсан даа.

Тамирчдаас мөнгө авч шүүгчээ явуулдаг шүү дээ...

  • Өнгөрсөн олимпийн үеэр таны төрсөн дүү Ц.Цогтбаяр, Б.Баяраа багш хоёр дэвжээн дээр хувцсаа тайчин дэлхий нийтийн анхаарлыг татсан. Ах хүний хувьд тэр үед юу бодож байсан бэ?

Би үзэгчид дунд сууж байсан. Үнэхээр ингэхээс өөр арга байсангүй дээ гэж бодож, дүүгээ их өрөвдсөн. Би үнэндээ тэр үед дүүдээ юу ч хэлж, ярьж чадаагүй/уйлав/. Ер нь бол Б.Төмөрбаатар Монгол хүн л юм бол тэнд шүүгч нартай нь уулзах хэрэгтэй байсан л даа. Бас энд Г.Мандахнарангийн барилдааны бичлэгийг үзээд анализ хийж, Дэлхийн чөлөөт бөхийн холбоо руу бичиг явуулах гээд А.Басхүү багш, хөндлөнгийн шүүгч, Б.Төмөрбаатар гурав гарын үсэг зурах ёстой байхад нөгөө хоёр нь зураад Б.Төмөрбаатар зугтаагаад явчихсан байсан. Уг нь Б.Төмөрбаатар гарын үсэг зурчихад л медаль авчих байсан юм билээ. Гэтэл тэр нохой зантай амьтан гарын үсэг зураагүй зугтаачихсан. Г.Мандахнаран, Цогоо хоёр миний мэдэхийн Арбитрийн шүүх рүү 10 сая төгрөг хувиасаа явуулсан байдаг. Гэтэл тэр Б.Төмөрбаатар гэх нөхрөөс болоод бүх зүйл бүтээгүй. Үнэхээр харамсалтай.

  • Яагаад гарын үсэг зураагүй юм бол...

Ёстой бүү мэд. Манай Цогоо, О.Пүрэвбаатар гавьяат эд нар надад нарийн ширийн зүйл, тэр шүүх цагдаагийн асуудал ямар түвшинд явж байгааг ерөөсөө хэлдэггүй, нуугаад байдаг юм. Бодвол "Ах тэгээд мэдчихвэл хагархай хэнгэрэг шиг фесбүүктээ биччихнэ" гэж боддог байлгүй дээ.

- Та үнэнийг нь хэлээд байхаар Д.Дагвадорж аварга энэ тэрээс дарамт ирдэг үү?

Ирэлгүй яах вэ. Гэхдээ би тэд нараас айж, долигонож явдаггүй. Бүх үнэнийг нь нүүрэн дээр нь л хэлдэг. Сүүлийн үед харин А.Сүхбат аварга чөлөөт бөхийн тэмцээнд ирэхээ больчихож дээ. Өнгөрсөн жил болсон МЧБХ-ны хурлын үеэр А.Сүхбат Ц.Цогтбаярын гаргаж өгсөн хавтастай баримтуудыг харчихаад "Эд нар чинь ийм их мөнгө идчихсэн юм уу" гэж гайхаж байсан. Түүнээс хойш Монголд болсон найман том тэмцээнд ирээгүй.

  • Та нарын хэрүүлээс болж шавь нар чинь хуваагдаад байгаа юм биш үү?

Мэдээж, тэр л их хэцүү байна. Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар бид хэдийн шавь нар биднийг дагаад ирчихсэн. МЧБХ-ны нарийн бичгийн дарга Б.Батбаяр "Намайг авсанаас хойш МЧБХ их сайхан явж байна" гэж телевизээр ярьж байгаа харагдана лээ. Ямар юмаараа сайхан болох вэ дээ. Өнгөрсөн жил "Алдар", "Аваргууд" академийн бүх хүүхдүүдийг шигшээ багаас хассан. Манайхан "Эрдэнэт-ийн цугларалтанд өөрийн хувийн зардлаар очсон. "Батзол" ХХК-ийн ерөнхий захирал н.Батсайхан бид хоёр П.Орхоныг ДАШТ-д таван тойрог дэвжээнд авч гарсан. Бас Францад тэмцээн эхлэхээс хоёр, гурван хоногийн өмнө шигшээ багийн нэг багш П.Орхоныг маань "гичий, нохой, пизда..." гээд ёстой элдэв муугаар нь дуудсан байсан. Тэгээд миний охин бидэн рүү яриад "Хурдан ирээч..." гээд н.Батсайхан бид хоёр араас нь очсон. Захын жишээ ярихад ийм л ширүүн тэмцэл явагддаг юм даа. Би хэнээс ч айдаггүй. Өнгөрсөн жил Өсвөрийн ДАШТ-нд 20 хүний бүрэлдэхүүнтэй хэрнээ нэг ч шүүгчгүй явсан. Нийт таван тэмцээнд шүүгчгүй явсан учраас торгуульд орсон. "Та нар хоол унааны мөнгийг нь даагаад нэг шүүгч явуулчих л даа" гэж би мөн ч олон удаа хэлсэн дээ. Шүүгч авч явах болохоороо хамгийн харамсалтай нь тамирчдаас мөнгө цуглуулж шүүгчдийн зардлыг гаргуулдаг. Өөрсдийнхөө зардлыг арай гэж гаргаж байгаа тамирчид хаанаасаа бас шүүгчид мөнгө өгөх юм бэ. МЧБХ ажлаа хийж чадахгүй байгаагийн хамгийн тод жишээ бол энэ.

  • Уг нь өнгөрсөн жил МЧБХ-ны нарийн бичгийн дарга Б.Батбаяр та нартай уулзаад "учир зүйгээ оллоо" гээд л цахим хуудаснаа зураг нийтлээд байсан санагдах юм...

Уг нь тэгсэн. Тэгээд долоо хоногийн дараа яг л хуучин хэвэндээ л байсан ш дээ. Өнөөдөр сайхан зүйл яриад маргааш нь мартдаг л хүн дээ цаадах чинь.

  • 2020 оны Олимп хаяанд ирчихлээ. Гэтэл та нар иймэрхүү зөрчилтэй байгаад байж болж байгаа юм уу?

Харин тийм ээ. Би чөлөөт бөхийн спортод 1983 оноос хойш 35 жил зүтгэж байна. Энэ сүүлийн хэдэн жил болсон шиг муухай гутамшигтай зүйлийг үзсэнгүй. Нэртэй, алдартай аварга, төрийн түшээ хүмүүс байна даа, юу дутлаа гэж чөлөөт бөх рүү хуруугаа дүрээд шуналдаад байдгыг ойлгох ухаан хүрэхгүй л сууна.

  • Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын хувьд та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

Ёстой хангалуун бус байдаг. Чөлөөтийн шигшээ багийн шинээр орсон багш нар бүгд зөрчилтэй. Тухайлбал Б.Батзориг байна. Шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтын шаардлагад "гурван жил өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан байна" гэж заасан байдаг. Гэтэл Б.Батзориг тамирчин байж байгаад л шууд орсон. Шигшээ багийн дасгалжуулагчаар ямар хүн орохыг яг үнэндээ "ах дүүсийн бүлэг" буюу Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, Б.Болд, Б.Батбаяр нар мэддэг. Дандаа өөрсдийнхөө хүмүүсийг шургуулдаг. Тэд нарт тамирчид амжилт гаргах ердөө сонин биш. Харин нэр хүнд, албан тушаал, эрх мэдэл л чухал. Шигшээ багийн дасгалжуулагч нараас "Хасу-Мегастарс" клубын дасгалжуулагч Ц.Баярсайханаас бусад нь мэргэжлийн ур чадвар муутай. Чөлөөт бөх хөгжихгүй байгаагийн нэг том шалтгаан нь багш нар нь ур чадвар муу байгаагаас болж байна гэж би боддог. Сүүлдээ бүр шигшээ багийн тамирчид нь багш нарынхаа үгэнд орохоо больж байна шүү дээ. Ийм шигшээ баг байж болох уу. Манай Цогоо шигшээ багийг ахалж байхдаа 20 хүний зардлаар 60-70 хүнийг авч явдаг байсан. Аль л хоол сайтай, дулаахан, хямд зардалтай газар байна, тэнд хүүхдүүдээ байрлуулж, бэлтгэл хийлгэдэг байсан. Гэтэл өнгөрсөн өвөл хүүхдүүд минь цан савссан хүйтэн газар куртиктэй бэлтгэл хийж байсан. Яаж тийм байхад хүүхдүүд амжилт үзүүлэх юм бэ.

  • Та бүхий л амьдралаа чөлөөт бөхийн спортод зориуллаа. Тэгвэл энэ спортоос таны амьдралд "наалдсан, унасан" зүйл юу байна вэ?

Хүүхдүүдийн минь амжилт л надад хамгийн том шагнал даа. Яах вэ, эдийн засгийн хувьд бол голоод байх юмгүй л дээ. Ах нь гуравдугаар хороололд аав ээжээсээ үлдсэн гурван өрөө байрандаа амьдардаг. Мөн Батлан хамгаалах яамнаас шагнасан хоёр өрөө байр минь байна. Унах унаатай, сар, сардаа цалингаа тогтмол авчихдаг. Сайхан л амьдарч байна даа.

  • Нууц биш бол та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

Гар дээрээ 580 мянган төгрөгийн цалин авдаг.

  • Таныг хараад байхад гавьяа шагналд нэг их шунадаггүй хүн санагдлаа...

Ах нь тэр төмрөөр яах вэ, дээ. Гол нь тэр шагналыг зүүх ёстой шавь нар минь л зүүж байвал болох нь тэр. Би "Биеийн тамирын тэргүүний ажилтан" гурван удаа болж байсан. Харин "Монгол улсын Гавьяат дасгалжуулагч"-ыг бол би гуйж биш гуядаж авсан гэж боддог шүү.

  • Урилгыг маань хүлээн авч, цаг зав гарагн ярилцсан танд гялайлаа. 2020 оны олимпийн зорилгоор тань ярилцлагаа өндөрлөх үү...

За тэгье. Ирэх олимпд хэд хэдэн хүүхдүүдээ сойхоор зорьж байгаа. Г.Отгонжаргал 53 кг-д гайгүй орчих байх гэж бодож байна. Мөн С.Цэрэнчимэд, П.Орхон зэрэг тамирчдаа сойж барилдуулна даа. Бас Г.Мөнхцэцэг, Б.Мөнхнар гээд өсвөрийн аваргаар медаль хүртсэн охидууд ээж болсон. Одоо бэлтгэлдээ орох гээд явж байна. Тэднийгээ бэлтгэлдээ жигдрээд сайн болоод ирвэл бас олимпод явуулах бодолтой байга. Эрэгтэйчүүдээс Г.Мандахнаран, О.Үйтүмэн, Ц.Цогбадрах, Э.Батмагнай, Н.Лхамгармаа зэрэг бөхчүүд барилдах байх. Олимп зургаан жинтэй байдаг. Тамирчид өөрсдөө жингээ сонгож ордог л доо. Ц.Цогтбаяр бид хоёр хэзээ ч хий, хоосон зүйл төлөвлөдөггүй. Баримжаатай, багцаатай төлөвлөж, түүндээ хүрч байж санаа амардаг улс. Мэдээж манай чөлөөт бөхийн холбооныхон энэ сөргөлдөөнтэй байдлаараа 2020 он хүртэл явбал Монголын чөлөөт бөх үнэхээр сүйрнэ. Тиймээс энэ төвөгтэй асуудлаа хурдхан шиг нэг тийш шийдээсэй л гэж хүсэж байна даа.

Ярилцсан:С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

АВАРГУУДЫН БАГШИД БАЯРЛАЛАА
2018-06-26 21:50:36

ЮМ ХИЙСЭН ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮНЭЭ МУУ ҮГЭЭР БҮҮ БУЛАА.... ОЛИМП МОНГОЛ БИШ ЭЭ.... ДАВГАА СУМЪЯА ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧ БИШ ДАВСАГНЫ САГСГАРУУД ГЭДГИЙГ МОНГОЛ МЭДНЭЭЭ

ззочиночин
2018-06-26 19:25:05

Эхнэр нь 23-д сургалтын менежер гэлүү.Хамаатныхаа бүх хүүхдийг 23-д оруулсан гэлүү.

Үргэлжлэл
2018-06-26 08:53:50

нэ. Үе үеийн мундагууд өдий хүртэл авч ирсэн ард түмний хайртай спорт шүү. Эв эеэ хичээж ухаантай байцгаана шүү Би брэндийхэн минь ээ.

Зочин
2018-06-26 08:50:06

м уу. 2015 онд дэлхийгээс хэдэн медаль авангуутаа л энэ амжилтад холбоо хамаагүй гээд л хөөрцөглөөд л удирдлагуудаа үгүйсгээд л эхэлсэн олимпоос хоосон л ирээ биздээ.Агуу бөх Пүлэвбаатал гээл биенээ хөөрөгцгөөнөө сайн нь ч сайн л бсан байх гэхдээ агуу ч юу юм.би бид л чадна гээл бусдыгаа доош нь хий

Ганаа
2018-06-26 08:42:05

Мундаг дасгалжуулагч гэдэгтэй чинь бол маргахгүйэ. Гэхдээ бусдийн сэтгэл зүтгэлийг бага ч гэсэн үнэлж байлдаа. Жижиг сажиг хар хороо марталдаа. Дэлхийн бөхийн холбоо Цогоо Баяраа 2 -н дасгалжуулах эрхийг хас гээд үндэсний холбоонд нь шахалт үзүүлээд л хасуулсан шдээ. Тэрэнд өс хонзон санаад л бдаг ю

Зочин
2018-06-26 07:07:18

Японд спортын дэлгүүрээс хулгай хийгээд цагдаад баригдан арай гэж мултарж ирсэн Орхон нарынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй

Зочин
2018-06-26 07:05:57

Хосбаяр мундаг шавь төрүүлж гаргасан яах аргагүй мундаг.Гэхдээ гэхдээ.....сүүлийн үед БИ гэдэгээр дэндүү өвчлөөд бгаа..Эм хошуулаад хэрүүлч .ховч.хутгагч.тархи угаагч болоод бгаа.Та одоо хэрүүл хийж байхынхаа оронд БЭХБАЯР тамирчны мөнгө хулгайлсан дүү.Японд спортын дэлгүүрээс хулгай хийж цагдаад б

Зочин
2018-06-26 07:05:23

Хосбаяр мундаг шавь төрүүлж гаргасан яах аргагүй мундаг.Гэхдээ гэхдээ.....сүүлийн үед БИ гэдэгээр дэндүү өвчлөөд бгаа..Эм хошуулаад хэрүүлч .ховч.хутгагч.тархи угаагч болоод бгаа.Та одоо хэрүүл хийж байхынхаа оронд БЭХБАЯР тамирчны мөнгө хулгайлсан дүү.Японд спортын дэлгүүрээс хулгай хийж цагдаад б

би
2018-06-25 20:56:30

хүн хөдөлмөрлөөд байхад дараад байх хэцүү. юу дутлаа гэж сумъяа давгаа 2 энэ холбоотой зууралдаад байдаг бн. хосбаяр цогтбаяр баяраа пүрэвбаатар зэрэг тив дэлхий мэддэг. амь амьдралаа өгсөн хүмүүсийн хажууд сумъяабазар давгаа 2 юу хийсэн юм вэ

Зочин
2018-06-25 17:01:26

Сүхбат үзэгдэхээ бсан л гэж бна аргагүй шдээ. Тэдэнд чинь энэ спортдоо бга юмнаасаа зориулах бага ч гэсэн сэтгэл бгаа шдээ тэрийг огт үгүйсгээд л Алдарынхан Цогоо бид хэд л мундаг бид л авч явж бна гээд бусдын сэтгэл зүтгэлийг үгүйсгээд цааш нь түлхээд байхаар хүн юм хойно гомддог залхдаг биз.

Зочин
2018-06-25 16:56:16

Хийсэн юм ч бий бий. Гэхдээ бусдын хийсэн хөдөлмөр сэтгэл гаргасан хөрөнгө мөнгийг ор тас үгүйсгээд зөвхөн хар талаас нь хараад бдаг болсон юм шиг бна лээ.Сумьяа Дагва 2т алдаа дутагдал байдаг л байх гэхдээ идээд уугаад байхаар их мөнгө улсаас чөлөөт бөхийн холбоонд түүхэндээ өгч байгаагүй л байх.Сү

z men
2018-06-25 16:38:44

baasa. bitgii hutsaaa nudeeree harsiinmuu

z men
2018-06-25 16:38:44

baasa. bitgii hutsaaa nudeeree harsiinmuu

Baasan huud kkkkk hiisen uymtai heleh ugtei humuustei uy yarih be dee delhii mednee Tserenbaatar iin huyhduudiig
2018-06-25 02:02:50

Zochin

Baasanhuu
2018-06-25 01:20:34

Za da tserenbaatariin heden huuhduud heruuldee ch bas sain gedgiig bugd meddeg bolson doo. Sain tamirchin sain bagsh Mon uu gevel mon. Bas buzartai heruulch mon uu gevel bas l mon. Hulgai zelgii hiij end tend asuudald orj baisan ni odoo shavi nart ni haldsan surag garaad baigaa. Yapond bolson temc

Ц.Хосбаяр: Гавьяатыг би гуйж биш гуядаж авсан...