Шинэхэн аварга Н.Батсуурь Ланд Круйзер 200 автомашиныхаа түлхүүрийг гардан авлаа

Нийгэм, Эдийн засаг 2018-07-25 10:46:062226

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр өндөрлөж наадмын түрүү бөх тодорсон билээ. Тодруулбал Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" бөхийн дэвжээ, "ТЭЦ- 3", "Химон" констракшн" ХХК-ийн бөх улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн. Харин Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба найм даван шөвгөрч наадамчин олноо баясгалаа.

Тэгвэл уламжлал ёсоор Н.Батсуурь арслан түрүү бөхийнхөө бай шагналыг дөнгөж сая гардаж авлаа. Засгийн газраас тогтоосон журмын дагуу түрүү бөх бай шагналыг улсаас өгдөг билээ. Өнөөдөр шинэхэн аварга Н.Батсуурь төв талбайд түрүү бөхийн бай шагнал болох үндэсний их баяр наадмын албан ёсны түнш 2018 оны "Ланд Круйзер 200" автомашиныхаа түлхүүрийг гардан авлаа. Түүний энэхүү баярт мөчийг хуваалцхаар аав, ээж болон нутгийн зон олон, найз нөхөд, шавь нар, дэвжээний бөхчүүд нь хүрэлцэн ирсэн байлаа.

Шинэхэн аварга Н.Батсуурийн сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр "Төр түмний минь баяр цэнгэл болсон наадам нар хур тэгширсэн сайхан болж өндөрлөлөө. Ийнхүү улсынхаа баяр наадамд ес даван түрүүлж, аварга боллоо. Сэтгэгдэл өндөр байна. Намайг дэмжсэн аав, ээж ах дүүс болон Монголынхоо нийт ард түмэнд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн өнөөдөр төв тайлбайгаас түрүү бөхийн бай шагнал болох "Ланд Круйзер 200" автомашиныхаа түлхүүрийг гардан авлаа. "Тоёота мотор корпораци"-ийн хамт олондоо баярлаж талархаснаа илэрхийлье. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье" хэмээн ярьлаа.

"Тоёота мотор корпораци" сүүлийн таван жилийн турш түрүү бөхийг шинэ загварын автомашинаар урамшуулж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл үлдээх

Шинэхэн аварга Н.Батсуурь Ланд Круйзер 200 автомашиныхаа түлхүүрийг гардан авлаа