Зээлийн хүүг урьдчилан суутгахыг хориглов

Нийгэм, Эдийн засаг Admin TodayӨчигдөр2162


Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төв банкны тухай хуулийн 5.7-д Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай заалт шинээр орсон. Энэхүү заалттай холбоотойгоор Монголбанк “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг өнгөрсөн 7 сарын 23-нд шинэчлэн батлан мөрдүүлж байгаа юм. Энэ талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултай ярилцлаа. 


-Шинээр мөрдөгдөж эхэлсэн “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” иргэдэд ямар давуу тал олгож байгаа вэ?

-Журам хэрэгжсэнээр иргэд мэдээллээр хангагдах маш том давуу тал бий болж байгаа. Хэдийгээр өмнө нь уг журмын дагуу мэдээлэл авах эрхтэй байсан ч одоо илүү бодитой хэрэгжих нөхцөл бүрдэж байна. 

Тухайлбал, хадгаламжийн хүүг жилээр зарлаад, зээлийн хүүг сараар зарладаг байсныг жилээр нь зарладаг болгож байгаа. Жишээ нь өрхийн хэрэглээний зээлийн жилийн дундаж хүү 2-2.5 хувьтай байдаг. Бага мэт сонсогдож байгаа ч жилээр нь тооцоод үзэхээр 24-30 хувь. Иргэд энэ тоог анзаарахгүйгээр 2.5 гэдгээр нь хардаг. Гэтэл хадгаламжийн хүүг харьцуулаад үзэхээр хамгийн дээд тал нь жилийн 13-15 хувь байх жишээтэй. Хэрэв жилийн дүнгээр нь хүүг иргэдэд мэдээлбэл иргэд илүү анхааралтай хандаж, мөнгө зээлэх үү, мөнгөө хадгалуулах уу гэдэг сонголт хийх боломж олгоно. 

-Тэгвэл банкуудын зүгээс журмыг ямар байдлаар хэрэгжүүлж байгаа вэ?

-Банкууд хүү, шимтгэлийн хэмжээндээ ч юм уу ямар нэгэн өөрчлөлт хийвэл шууд тухайн өдөртөө вэб сайт дээрээ мэдээллээ шинэчилж оруулах юм. Хоёрдугаарт, 100 сая ба түүнээс доош дүнтэй нэгэн зээл гаргахаасаа өмнө нийт зээл болон хүү, шимтгэлд хэдэн төгрөг төлөх, бодит өртөг ямар байх талаар үйлчлүүлэгчдэд танилцуулж, мэдээлэл өгнө гэсэн үг.

-Бодит өртөг гэдгийг та дэлгэрүүлэхгүй юу. Нийт хэрэглэгчээс зээлтэй холбоотой гарах зардлыг хэлж байна уу, эсвэл зөвхөн хүү, шимтгэлийг тооцсон гэсэн үг үү?

-Бодит өртөг гэдэг нь зээлийн хүүн дээр шимтгэл хураамж орсон дүн юм. Жишээ нь, хэрэглээний зээлийн жилийн дундаж хүүн 30 хувь дээр аваад үзэхээр бодит өртөг шингэхээр жилийн 31.2 болчихдог. Илүү өндөр болно гэсэн үг. Тиймээс банкууд 100 сая хүртэлх зээл авч байгаа бүх үйлчлүүлэгчид дээрх мэдээллийг өгснөө баталгаажуулж, үсэгжүүлж, танилцуулах үүрэгтэй болж байна. Улмаар мэдээллийн дутмаг байдлаас болж иргэд хохирохгүй байх боломж бүрдэх юм. 

-Журмаар өөр ямар шинэчлэлүүдийг хийж байна вэ?

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд гэрээний үг үсгийг “9”-өөс доошгүй хэмжээгээр гаргах тухай багтаасан. Хэтэрхий жижиг үсгээр бичсэн нь уншихад хэцүү байдаг. Түүнчлэн гэрээний бүрэлдэхүүнд зээлийн мэдээллийг зээлдэгчид бүрэн гүйцэд тайлбарлан өгч, хоёр тал гарын үсгээр баталгаажуулж байхаар болсон. 

Эдгээр өөрчлөлт зөвхөн зээл авч байгаа бус, хадгаламж нээлгэж байгаа иргэдэд ч ялгаагүй үйлчилнэ. Жилийн хүү нь ямар байх, хадгалуулсан мөнгөө урьдчилаад авахад мөнгө нь хэд болох зэрэг мэдээллийг урьдчилж танилцуулах үүрэгтэй. Ингэснээр иргэд хадгаламжаа хугацаанаасаа өмнө цуцалснаар хугацаагүй хадгаламжийн хүүний тал хувиар бодож хүүгээ авах уу, анхнаасаа эрсдэлээ бодож хугацаагүй хадгаламж нээлгэх үү гэдэг сонголтоо хийх нөхцөл бүрдэнэ. 

-Иргэд иймэрхүү мэдээллийг хаанаас авах боломжтой вэ. Заавал банкин дээр очиж, судлах шаардлагатай юу?

-“Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу Монголбанк цахим тооцоолуурыг сайт дээрээ гаргаж байгаа. Иргэд Монголбанкны вэб сайт руу ороод өөрийн авч буй зээлийнхээ хүү, бодит өртөг зэргийг тооцоолон үзэх боломжтой. Банкны хүү шимтгэлийн мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. Эндээс иргэд аль ч банкны хадгаламж, зээлийн хүүгийн мэдээллийг авч болно. Мэдээлэл нь сар болгон шинэчлэгддэг. 

Банк шийдвэрлэж чадахгүй бол иргэд Төв банк руугаа хандаж, гомдлоо гаргах эрх зүй үүсчихсэн




-Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах чиглэлээр энэ журамд орсон зүйл бий юү?

-Харилцагчдаа хамгаалах ёстой гэдэг үүднээс банк бүрд жилд хоёроос доошгүй удаа иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, суурь ойлголт өгөх, тухайн бүтээгдэхүүний сул болон давуу тал, хүү тооцоолох аргачлал гэх мэт танин мэдэхүйн чиглэлээр цахим болон биечилсэн сургалтууд явуулах тухай журамд заасан. 

Төв банк эл журам хэрхэн хэрэгжиж байгаа талаар жилдээ нэгээс доошгүй удаа газар дээрх шалгалт хийнэ. Шалгалтын үндсэн дээр зөвлөмж, үүрэг, даалгавар өгнө. 

-Иргэдээс ирдэг гомдлын нэг нь тэтгэврийн зээл авахад хүүг нь урьдчилаад зээлээс нь суутгаж авдаг тухай. Энэ талаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д ямар нэгэн заалт орсон уу?

-Яг энэ асуудлыг тусгасан. Иргэдэд олгосон зээлийн хүүг олгох зээлийн дүнгээс суутгах, олгохоосоо өмнө суутгахыг хориглосон байгаа. Тодруулбал, харилцагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зээлийн эхний сарын хүү, ирээдүйд авах хүүг урьдчилж авах, төлүүлэхийг хориглосон заалт орсон.

-Энэ заалтыг хэзээнээс хэрэгжиж байгаа гэж ойлгох вэ?

-Журам батлагдсанаар буюу долоодугаар сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Журмыг Монголбанкны цахим хуудаст байршуулсан бөгөөд банкуудад албан ёсоор хүргэгдээд, Гүйцэтгэх захирлуудад нь даалгасан байгаа. Үүний дагуу банкууд хэрхэн хэрэгжүүлэх тухай өөрсдийн журмаа гаргах ёстой. Журмаа гаргатлаа дээрх журмыг мөрдөнө гэсэн үг. 

-Хэрэв банкууд энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа бол ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэгжүүлэх тал дээр эрх зүйн зохицуулалтыг мөн хийсэн. Банкууд иргэдийн гомдлыг шийдвэрлэх бүтэцтэй байх талаар журамд зааж өгсөн. Тэгэхээр банк журам хэрэгжээгүйтэй холбоотой санал гомдлыг түргэн шуурхай, үр дүнтэй, хянан шийдвэрлэх бүтэцтэй байна гэдэг нь гомдлыг хүлээж аваад шийдвэрлэнэ гэсэн үг. Банк шийдвэрлэж чадахгүй бол иргэд Төв банк руугаа хандаж, гомдлоо гаргах эрх зүй үүсчихсэн.

-Хариуцлагын тухайд?

-Хэрэв ингээд шийдэгдэхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээж, шүүхээр шийдвэрлэх тухай журамд заасан. 

-Иргэдээс ирдэг бас нэг гомдол нь банкууд хүчээр даатгалд хамруулж байна гэдэг яриа. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Уг журмаар банкууд даатгалын үйлчилгээ санал болгохдоо зах зээлийн үнэлгээтэй нийцсэн үйлчилгээ санал болгох юм. Нэг бол үйлчүүлэгчид сонголтоо хийж бас болно.

Бас нэг зүйлийг дурдахад банкууд хүү, шимтгэл, зээлийн тухай дээр дурдсан мэдээллүүдийг урьдчилж буюу зээлийн судалгаа хийхээс өмнө танилцуулах ёстой. Хэрэв ямар байдлаар шимтгэлд өөрчлөлт гарвал тайлбарлаж өгөх талаар заасан байгаа гэдгийг дахин сануулъя. 

-“Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” том зургаараа ямар давуу талыг бий болгоно гэж харж байгаа вэ?

-Эл журам хэрэгжсэнээр иргэдийн зээл, хадгаламжийн хүүний талаарх мэдээлэл нэмэгдэж, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдана. Цаашлаад банкны санал болгож байгаа бүтээгдэхүүний талаар ойлголт сайтай болох юм. Энэ нь бодлого боловсруулагч бидний хувьд хамгийн гол зүйл болох олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх буюу иргэд бодит мэдээлэл дээр суурилан сонголтоо хийх нөхцөлийг бүрдүүлэхэд түлхэц болно гэж харж байгаа. 

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Зээлийн хүүг урьдчилан суутгахыг хориглов