Б.Уранчимэг: Германд монголчууд маш нэр хүндтэй байдаг...

Энтертайнмент Admin Today2018-08-29 13:28:491246


Манай сайт дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа үзэл бодол, аж амьдрал, амьдралын хэв маяг, онцлогийг эрхэм уншигчдадаа “Хилийн чанадаас Монголчууд ярьж байна” булангаараа дамжуулан хүргэж байгаа билээ. Энэ долоо хоногийнхоо ээлжит зочноор Герман улсын Берлин хотод оршин суугаа Б.Уранчимэгийг урилаа. Тэрбээр Германд “цахиур хагалж” яваа таван мундаг Монгол бүсгүйн нэг төдийгүй, тус улсад сүүлийн үед нэрд гарч буй шилдэг “makeup artist”-уудын нэг юм.

  • Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу...

За баярлалаа. Юуны өмнө танд болон танай хамт олонд мөн ”Хилийн чанадаас Монголчууд ярьж байна” булангийн эрхэм уншигч нартаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Болормаагийн Уранчимэг гэдэг. Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт төрсөн. Одоо Герман улсын нийслэл Берлин хотноо гэр бүлийн хамт амьдарч байна.

  • Анх Герман улсад хэрхэн хөл тавьж байв...

Анх Герман улсад зул сарын баярын үеэр нь зочилж байлаа. Гудамж, талбай, олон өнгийн гэрлээр гялалзсан, хуурсан самар, халуун виноны үнэр сэнгэнэсэн бороотой, цастай өвлийг тэгэхэд анх удаа үзэж билээ. Дараа нь нөхрийн хамт нүүж очсон. Анх Берлин хотыг өндөр шилэн барилгаар дүүрэн модерн хот байна  гэж төсөөлж, соёлын шоконд орохдоо бэлдээд ирж байлаа.  Гэтэл  харин ч эсрэгээрээ энгийн тайван, хот дотроо хаа сайгүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон зүлэгтэй, цаанаа л чанартай маш бат бөх модоор урласан өнгө өнгийн хөөрхөн хийцтэй жижиг нялх балчир хүүхдүүд болоод том насны хүүхдүүдэд зориулсан нарийн элсэн дэвсгэртэй хүүхдийн тоглоомын талбайнууд угтсан нь үнэхээр таалагдсан. Би тэр үед өөрөө хүүхэдгүй байсан ч Монголд байгаа хүүхдүүд, дүү нараа ийм гоё тоглоомын талбай дээр тоглуулах юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн шүү.

  • Таныг Германд Монголынхоо нэрийг гаргаж яваа таван мундаг бүсгүйн нэгээр нэрлэсэн байсан. Манай уншигчдад өөрийнхөө хийж буй ажлыг товчхон танилцуулахгүй юу...

Баярлалаа. Би өөрийгөө нээх тийм мундаг амжилтанд хүрчихсэн гэж боддогүй ээ. Чадварлаг болж, амжилтанд хүрэхийн тулд хичээж, мэрийж, суралцаж яваа л хүн. Германд эх орныхоо нэрийг сайнаар гаргаж яваа миний мэдэх олон сайхан мундаг бүсгүйчүүд бий. Таваар тогтохгүй болов уу. Миний хувьд мэргэжлийн нүүр хувиргагч, стилстээр ажилладаг. Бас үс засдаг. Хувь хүн, хурим, загварын шоу, хувцас, загварын сэтгүүлүүдийн зураг авалт, мөн видео клип, кино зураг авалт гээд хаана л makeup artist хэрэгтэй байна, тэнд л явж байдаг даа.

  • Ажиллаж байсан томоохон арга хэмжээ, шоунуудаасаа нэрлэвэл...

“Germany’s Next Top Model” хэмээх алдарт модель Хайди Клум−н зохион явуулдаг шоуны ард ажиллаж байлаа. Мөн шоунд түрүүлсэн Германы топ моделиудтай хамтран ажилладаг. Түүнчлэн германчуудын өмнөө барьдаг мундаг дива дуучин “Voice of Germany” шүүгч Нина, түүний охин “Voice of Germany Kids” Шоуны шүүгч Ларисса нартай хамтран ажилладаг. Ерөнхийдөө Германы “од” гэх тодотголтой нэлээд хүмүүст үйлчилдэг дээ. Миний хийсэн ажлууд олон эндэхийн олон мундаг сэтгүүлүүд дээр тавигдаж байсан. Берлиний метроны буудал, рекламны самбар дээр гарсан ажлуудаа хараад дотроо “Үүнийг Монгол хүн, би хийсэн” гэж чимээгүйхэн бахархаж зогсдог/инээв/. Томоохон шоунуудаас жил бүр болдог “Bambi“ хэмээх Германы урлагийн шилдгүүдээ шалгаруулдаг наадмын улаан хивсний ёслолын ард ажилладаг. Бас “Mercedes-Benz fashion week“ шоунуудын ар талд нь байнга ажилладаг. Миний хийсэн ажлуудаас санаанаас гардаггүй, нэгэн сэтгэл догдлуулсан ажил байдаг юм. Юу гэхээр, 2015 онд Берлинд болсон хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний хаалтын ёслолын гол дүрийн хатны болон бусад жүжигчдийн үсийг засаж, нүүр будалтыг нь  болон нүүр будалтыг хийсэн юм. Тэгээд хөл бөмбөг сонирхдоггүй би аваргын тоглолтыг үнэгүй үзэж байлаа.

  • Германд ер нь make-up хэр хөгжсөн байдаг юм бэ?

Нэг их мундаг хөгжиж ирсэн түүх бол байхгүй л дээ. Харин саяхнаас л нэлээд дэлгэрч, хүмүүс ойлгож, дурлаж эхэлж байна. Том, том make-up брэнд дэлгүүрүүд борооны дараах мөөг шиг л үүд хаалгаа нээж байгаа.

  • Нүүр будалтыг та анх хэрхэн сурч байсан бэ. Бүхэл бүтэн гүрэн улсад эх орныхоо нэрийг дуурсгах хүртлэх зам мэдээж дардан байгаагүй болов уу...

Баярлалаа. Маш гоё асуулт байна. Make-up чиглэлээр амжилттай ажиллахын тулд олон зүйлийг давах хэрэгтэй байдаг. Харагдаж байгаа шиг ээ амар, сайхан ажил биш. Хийсэн ажлыг чинь “доош нь хийх”, ажлын шалгаруулалтанд олон удаа татгалзсан хариу сонсох, олон артистуудын өрсөлдөөн гэх мэт олон бэрхшээлүүд бий. Тэр болгонд бууж өгөхгүйн тулд тэвчих хэрэг их гарна шүү дээ. Би дунд сургуульд байхын л нүүрээ будах дуртай хүүхэд байсан. Олон нагац эгч нарынхаа нүүрээ будахыг харж өссөн маань энэ мэргэжилд дуртай болох цаашлаад хөл тавих шалтгаан болсон болов уу. Арван жилд байхдаа арын ширээнд суугаад л ангийнхаа охидуудын хөмсгийг нь засаад, нүүрийг нь буддаг байлаа.  Анх 10-аад жилийн өмнө Монголд н.Батболд гэж мундаг багшаараа make-up заалгасан. Дараа нь Берлинд ирээд Make-up & Hairstylist Мэргэжлээр дахиж гүнзгийрүүлж сурсан. Сонирхуулахад энд makeup-ийн сургуулиуд нь маш өндөр төлбөртэй байдаг. Жилийн сургалт л гэхэд есөн мянган еврогоос дээш байдаг.

  • Германы их, дээд сургуулиуд нь үнэ төлбөргүй байдаг гэж сонссон юм байна...

Тийм. Манайхаас бусад бараг бүх сургуулиуд  мэргэжлээс төлбөргүй байгаа байх шүү. Бас суралцагчийн ар гэр боломж багатай бол улсаас 200−700 еврогийн тэтгэмж өгдөг. Гэхдээ Монголоос энд ирж сурах нь тийм амар биш. Учир нь ихэнхдээ боломжтой айлын хүүхдүүд л энд сурахаар ирж чаддаг. Мэдээж бас өөрийн сургалтын амжилтаараа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад ирдэг хүүхдүүд ч бий л дээ.

  • Их дээд сургууль болоод дунд сургуулийн сургалтын чанар нь хэр вэ?

Ер нь бол Герман улс боловсролын чанараараа дэлхийд нэлээд дээгүүрт жагсдаг. Гэхдээ дунд сургуулиудын сургалтын систем, чанар нь тухайн хот, дүүргээсээ шалтгаалаад өөр өөр байдаг л даа. Берлинд гэхэд л Араб, Турк хүүхдүүд ихтэй, чанар нь нэлээд сайн. Харин дүүргүүдийн сургуулиудын чанар муу байх нь элбэг. Герман хүүхдүүд сурдаг сургуулиудын чанар бусад сургуулиудаа бодвол харьцангуй сайн. Сайн ч багш нар ажилладаг.

Ажилгүй иргэддээ байр, хэрэглээний мөнгө өгдөг учир гудамжны хүн гэж байдаггүй...

  • Германд хичнээн тооны монголчууд байдаг вэ. Ихэвчлэн ямар ажил хийдэг вэ?

Яг нарийн тоог нь бол сайн мэдэхгүй байна. Харин ажлын хувьд хэлний түвшингээсээ хамаараад янз бүрийн л ажил хийдэг. Гэхдээ бусад оронд амьдардаг монголчуудыг бодвол Герман дахь монголчуудын ихэнх өөрийн гэсэн ажилтай, их нэр хүндтэй байдаг.   

  • Герман ер нь гадны иргэдэд хэр ээлтэй орон бэ. Ажил хийх нөхцөл, боломж хэр их байдаг вэ?

Ажил тэр болгон олдохгүй шүү. Ялангуяа “хар”-аар амьдардаг буюу албан ёсны оршин суух эрхгүй бол Германд ажил олж хийх бараг боломжгүй. Дээрээс нь ямар ч мундаг мэргэжилтэй байгаад хэлний мэдлэг муу бол ажил олгогчийн эхний сонголт байж чадахгүй. Берлинд олон орны хүмүүс ихээр суурьшсан байдаг тул ажил олох бүр ч хэцүү.  Зөвхөн миний мэргэжлийн хүрээнд ярихад ажил нэгдүгээрт тухайн артист хэр сайн бүтээл хийсэн, ямар чадвартайг эхэлж хардаг. За тэгээд мэдээж олон орны хүмүүстэй ажилладаг болохоор англи хэлний мэдлэг маш чухал. Дараа багаар ажиллах чадвар, харьцааны соёлыг хардаг. Энэ мэт олон шалгуурууд бий. Нэг удаа бүр Ази царайнаасаа болоод ажлын шалгаруулалтанд тэнцээгүй тохиолдол ч гарч байсан. Ер нь бол арьс өнгөөр гадуурхах тохиолдол Германд нэлээд гардаг гэж ойлгож болно.

  • Цалин нь хэд орчим байдаг вэ. Амьдралын өртөг өндөр үү?

Цалингийн хувьд ер нь хамгийн багадаа цагийн 9 евро байдаг.  Мэдээж  тухайн хүний  чадвараас хамаараад  өөр өөр байдаг. Германд татвар маш өндөр байдаг. Түүнээс өргөн хэрэглээний бараа, хувцас энэ тэр бол боломжийн үнэтэй.

  • Ард иргэддээ хэр тэтгэвэр, тэтгэмж өгдөг вэ?

Герман улс тэтгэвэр, тэтгэмж сайтай орнуудын тоонд ордог. Ажилгүй иргэддээ байр болон хэрэглээний мөнгө сайн өгдөг болохоор иргэд нь гудамжинд гартлаа л удна шүү дээ. Ер нь бол гудамжны хүн гэж бараг байдаггүй. Ажилгүйдлийн мөнгө нь ойролцоогоор 400 евро дээш байдаг бөгөөд байрны хөлсийг нь улсаас  нь төлдөг. Мөн хүүхдийн тэтгэмж гэж 180 еврог 18 нас хүртэл нь өгдөг. Саяхан Берлинд хүүхдийн цэцэрлэг үнэ, төлбөргүй болсон.

  • Хууль нь хэр хэрэгждэг вэ?

Та баян байна уу, ядуу байна уу хамаагүй, энд хууль энэ тэнцүү үйлчилдэг.

  • Таныг Герман нөхөртэй гэж сонссон юм байна. Германд ер нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хэр дээдэлдэг вэ. Бэр хүмүүстээ хэрхэн ханддаг бол...

Энд хүйсийн ялгаа нэг их байдаггүй. Бусад бэрүүд ямар байдгийг сайн мэдэхгүй ч би хувьдаа сайхан хадмуудтай. Заримдаа ёс заншил соёлын ялгаанаас болж жаахан үл ойлголцох дохиолдол байдаг ч сайн тайлбарлаад ойлгуулаад хэлчихэд болдог. Миний ажлын  онцлог орой үдэш эсвэл амралтын өдрүүдээр их ажилладаг. Харин нөхөр маань өөрөө ажилтай ч гэсэн миний сайн ар тал байж, их ойлгож дэмждэг. Хүүхдээ хараад л хоолоо хийгээд намайг хүлээгээд сууж байх нь их шүү.

  • Германчууд их цэвэрч хүмүүс гэдэг. Өөр тэднээс суралцахаар ямар зан чанарууд байдаг вэ?

Тийм шүү. Тэд маш нямбай. Байх ёстой зүйл байрандаа, эмх цэгцтэй байхад дуртай. Германчууд цаг ягштал баримталдгаараа дэлхийд алдартай улс. Түүнийг л монголчууддаа сургамаар санагддаг. Ер нь Герман орноос санаа аваад эх орондоо хэрэгжүүлчихмээр олон зүйлүүд байдаг шүү. Тухайлбал бат, бөх чанартай хүүхдийн тоглоомын талбай, шийдэл сайтай замууд, хөдөлгөөнд оролцож буй соёлыг хэрэгжүүлмээр санагддаг. Энд замын түгжрэл бараг гардаггүй. Учир нь зам, талбайдаа их хэмжээний хөрөнгө зарцуулж маш сайн шийдэж өгсөн байдаг. Түүнээс гадна жолооч нар огт замын хөдөлгөөн зөрчдөггүй. Бас хуучин ба эвдрэлтэй машиныг замын хөдөлгөөнд оролцуулдаггүй. Нүүрсний хэрэглээгүй болоод удаж байгаа орон болохоор агаарын бохирдолгүй амьдрахад тун таатай шүү.

  • Та мэдээж стилст хүн болохоор хоёр орны бүсгүйчүүдийн хувцаслалт, гоо сайхныг харьцуулж хардаг байх. Герман, Монгол бүсгүйчүүдийн гоо сайхан, бие ээ авч яваа байдал нь хэр ялгаатай санагддаг вэ?

Ялгаа их шүү. Миний үеийн залуухан Герман эмэгтэйчүүд биедээ эвтэйхэн жинс өмсөөд, үүргэвч үүрээд, нүүрээ ч будахгүй, үсээ ардаа боосон болоод л явж байдаг. Үнэндээ залуухан бүсгүйчүүд байж тийм уйтгартай, доожоогүй гэмээр байх нь надад таалагддаггүй. Гэтэл манай Монгол бүсгүйчүүд бол үргэлж л ёстой нөгөө бидний хэлдгээр “гоё дээрээ тавьчихсан” л явдаг. Нүүрээ байнга будаж, үсээ арчилж, өөрсдийнхөө хэмжээнд ганган загварлаг хувцас өмсдөг. Гэрийн ажил, албаны ажил, үр хүүхдээ өсгөхийн хажуугаар гоё ганган байхад цаг гаргаж чаддаг манай бүсгүйчүүд үнэхээр мундаг шүү. Залуу нас мөнх биш учраас бүсгүйчүүд маань үргэлж гоё байх хэрэгтэй гэж би боддог.

  • Танд эх орондоо ирж амьдрах сонирхол бий юу. Байхгүй бол яагаад...

Миний хувьд гэр бүл, сонгосон амьдрал маань энд учраас Монголдоо очиж амьдрах бодол одоохондоо байхгүй ээ. Гэхдээ мэдээж цохилох зүрх, сэтгэл минь үргэлж Монголынхоо төлөө байдаг. Гаргасан амжилт бүхэнтэй минь цуг Монгол гэдэг нэр минь цуурайтаж байх учиртай гэж бодож явдаг.

  • Залуу хүн мэдээж зорилготой байгаа байх. Ирээдүйн зорилгоор тань ярилцлагаа өндөрлөх үү...

За тэгье. Мэдээж зорьсон, мөрөөдсөн зүйл их байгаа. Ирээдүйд дэлхийн мундаг make-up артистуудтай мөр зэрэгцэн ажиллаж, өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болохыг мөрөөддөг.  Энэ мөрөөдлөө биелүүлбэл эх орны минь нэр дэлхийн тавцанд бас нэгэн шинэ салбараар цуурайтан даа...гэж бодож явдаг даа.

Ярилцсан: С.Мөнхжаргал


Эх сурвалж: 0

Б.Уранчимэг: Германд монголчууд маш нэр хүндтэй байдаг...