Улаанбаатарчууд Уртын харайлтаар харайсаар байх уу...

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-06 14:39:3983

Өчигдөр орсон борооноос болж Нийслэл хот ёстой л усанд автчихсангүй гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Ганцхан өдөр орсон бороонд усанд автчихаж байгаа хот хэдэн өдөр усархаг бороо орвол хангалттай живэх шинжтэй дэг ээ. Үе үеийн хотын нар нь өмнөх үе рүүгээ чихчихээд “төлөвлөлтгүй баригдсан хотыг би яалтай нь билээ” ухааны юм ярьчихаад гараа хумихад суучихна, манай хүлцэнгүй ард түмэн ч бороо орсон өдрөө шуугиад л өнгөрдөг. Энэ байдал чухам хэр удаан үргэлжилж, хөөрхий Улаанбаатарчууд минь уртын харайлтаар хэдэн зуны турш харайх юм бол...

Дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хот үер усанд өртөх хамгийн эрсдэлтэй бүсэд багтдаг байна. Усархаг бороо удаан үргэлжилбэл Тасганы овоо, Чингэлтэй, Сонгино хайрхан  уулын ус бууж, хот усанд автах аюултайг 1966 оны их борооны үйл явдал бидэнд харуулсан.

Ер нь үер усны аюулын талаар салбарын мэргэжилтнүүд жилийн жилд л ярьж, мэдээлдэг. Гэвч угаас хэтийн төлөвлөлт зохион байгуулалтгүй барьчихсан хотын энэ мэт асуудлыг үе үеийн Хотын дарга нар шийдэж чадалгүй өдийг хүрсэн. Усархаг бороо орсон үед ус их хэмжээгээр хуралдаж, усанд автдаг хэд хэдэн эрсдэлтэй газар нийслэлд бий. Тухайлбал Сансар, Emart худалдааны төвийн ойр орчим, Дарь эх, Тасганы овоо, Хилчин хотхон, Баруун дөрвөн зам Тээврийн товчоо орчим гээд тоочоод байвал гарын арван хуруунд багтахааргүй их. Түүнчлэн хөдөө орон нутгаас хотод нүүж ирсэн зарим айл өрх үерийн ам, гуу жалган дээр гэрээ барьснаас болоод үерт урсах явдал цөөнгүй гардаг.  Өнгөрсөн жилийн үерийн аман дээр 2507 айл амьдарч байсан бол энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд шар усны үерт автах эрсдэлтэй 2500 гаруй айл өрхүүд байна. Эдгээр айлуудын 1700 гаруй нь газар эзэмших, өмчлөх зөвшөөрөлгүй гэдгийг албаныхан хэлж байлаа.

Үерийн аюулаас хамгаалах гол зүйл нь далан суваг, борооны ус зайлуулах байгууламж юм. Гэвч 1966 оны үерээс хойш баригдсан далан сувгийн байгууламж одоо хэр нь нэмэгдээгүйг албаныхан хэлж байгаа юм. Тэр үед Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос гурав дахин бага, хотын нягтрал ч хамаагүй бага байсан цаг үе юм. Харин одоо нийслэл 1.3 сая хүн амтай, уулын ам, далан шуудуу дагасан гэр хорооллын төвлөрөл ихтэй болсон. Тэгэхээр даац хүрэлцээ нь аль хэдийнээ хэтэрсэн учраас нийслэлийн иргэд үерийн далан, ус зайлуулах байгууламж зэрэгт найдаж суух аргагүй болсон.  2015 онд гаргасан Үерийн эрсдэлийн менежментийн судалгаагаар Улаанбаатарт 1966 оных шиг их  хэмжээний үер одоо болбол 80 сая ам.долларын эдийн засгийн хохирол учирна гэсэн дүн гарчээ.


Үер, усны аюулаас иргэдээ хамгаалах чиглэлээр албаныхан хэрхэн ажиллаж буйг Геодези, усны барилга байгууламжийн газрын орлогч А.Эрдэнэбаттай уулзаж, тодрууллаа.

  • Өчигдөр орсон бороонд нэлээдгүй байгууллага, зам усанд автаж, багагүй түгжрэл, ачаалал үүслээ. Танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

Манайх Геодиз усны барилга байгууламжийн газар зөвхөн ашиглалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийдэг. Гэхдээ усны газар гэдэг утгаараа усанд автсан газруудад очиж ажилладаг. Ер нь бол ямар ч гадаргуу дээр төлөвлөлт хийхдээ эхлээд ус болоод инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт хийж арга хэмжээ авах ёстой байдаг. Тодруулбал ус зайлуулах шугам шийдсэний дараа төлөвлөлтөө хийх хэрэгтэй гэсэн үг л дээ. Гэвч харамсалтай нь Улаанбаатарт энэ зохион байгуулалт алдагдаад удаж байна.

  • Ус зайлуулах асуудлаа шийдээгүй барьсан хүмүүстэй нь хариуцлага тооцоод явж болдоггүй юм болов уу?

Энэ улс орны эдийн засагтай холбоотой. Яг цогцоор нь шийдлээ гэхэд өртөг нь маш өндөр гардаг л даа.

  • Гэхдээ танай газраас аливаа шинэ хотхон, барилга байгууламжийг хүлээж авахад хяналт тавьж, оролцдог биз дээ?

Ер нь бол хүлээж авалцдаг л даа. Гэхдээ бидний үндсэн чиг үүрэг бол усны барилга байгууламжийг хүлээж авах ёстой байдаг. Түүнээс нэгэнтээ ус зайлуулах хоолойгүй хийсэн тохиолдолд бид очих шаардлаггүй. Тиймээс аливаа бүтээн байгуулалтыг хийх гэж байгаа иргэн, аж ахуй нэгжүүд биднээс биднээс эхлээд санал авдаг байх хэрэгтэй. Гэвч заавал манай байгууллагаас асууж байж барих ёстой, бас аливаа байгууламж заавал ус зайлуулах хоолойтой байх ёстой гэсэн хууль, заалт бол байхгүй л дээ.  Манай газраас ер нь шинэ барилга байгууламжийг хүлээн авах комиссын багт манай газар орж ажиллаж байя гэсэн саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд санал оруулаад журам шинээр батлуулаад ажиллаж байна.

  • Үерээс хамгаалах чиглэлээр танай газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Эхний ээлжид цэвэрлэгээ хийгддэг. Хавраас эхлээд манайх хэд хэдэн газруудад цэвэрлэгээ хийсэн. Тухайлбал Гуравдугаар коллетрийн төгсгөл буюу нарны гүүр хавьцаа олон барилгажилт явагдсан учраас барилга барьж байгаа айлууд шороо асгачихсан байдаг. Үүнээс үүдэн ус зайлуулах хоолой дарагдчихсанаас ус ихээр тогтох болсон. Тиймээс ус зайлуулах хоолойг цэвэрлэсэн. Ер нь бол үерийн далан барих, ус зайлуулах хоолой барих зайлшгүй шаардлагатай байна. Гэвч үерийн далан маш өндөр зардлаар босдог. Трапиз хэлбэртэй 1 мкв далан босгоход 420 мянган төгрөгийн зардал гардаг. Нэг километр далан 5 тэрбум төгрөгөөр босно гэсэн үг шүү дээ. Гэтэл далан босгох шаардлагатай олон газар байна.

  • Гэр хорооллуудад үерт автдаг хэд хэдэн газар бий. Тэдгээр газруудад танайхаас хэрхэн анхаардаг юм бэ?

Гэр хороолол үнэхээр хүнд л дээ. Өнөөдрийн байдлаар 1279 айл үерийн хамгаалалтын бүсэд буучихсан байна. Бид өнгөрсөн долоо хоногт үзлэг хийсэн. Тэгэхэд Улиастайн голын  далан дотор 60 айл өрх буучихсан байна. Тэнд зөвшөөрөлтэй айл ганц ч байхгүй. Тэгсэн хэрнээ хаяг хадчихсан байх жишээтэй. Тэр айлуудыг албадан нүүлгэхээр нөхөн олговор олгох шаардлага гардаг. Айлуудад нүүх шаардлага тавиад буух зарыг нь заагаад өгөхөөр “Тэр газар чинь сургууль, цэцэрлэг, автобусны буудалтайгаа ойр юмуу...” гэх зэрэг асуудлыг бидэнд тавьдаг.  Иймэрхүү олон хүчин зүйлээс шалтгаалж айлууд нүүхгүй байна.

  • Өргөлтийн насос Улаанбаатарын хэмжээнд хэд байдаг юм бэ. Хүчин чадал нь хангалттай байж чаддаг уу?

Өргөлтийн насос станц Улаанбаатар хотын хэмжээнд тав байдаг. Тэр ноцос нь усаа ойролцоох сав газар буюу Туул гол руу шахдаг. Хүчин чадлын хувьд хангалттай хүртээмжтэй байдаг. Усны хоолойгоо л хангалттай хэмжээгээр барьчих юм бол өргөлтийн насос бол хангалттай гэж хэлж болно.

  • Танай газарт энэ онд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа товчхон дурдвал...

Өнгөрсөн онд манай газарт 1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ жил 2 тэрбум төгрөг тавигдсан байгаа. Нийт 10 байршилд усны хоолой янзлахаар төлөвлөсөн.

Бэлтгэсэн: С.Мөнхжаргал


Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Улаанбаатарчууд Уртын харайлтаар харайсаар байх уу...