Зуун мянган хүнээ "зуухандаа шатаасан" хар өдрийг бүү март...

Улс төр Admin Today2018-09-10 12:08:027201

Жил бүрийн энэ өдрийг "Хэлмэгсдийн өдөр" хэмээн онцлон тэмдэглдэг ч хэлс хэргээр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн болоод төрийн өндөрлөгүүд хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөөс хэтэрдэггүй гэхэд болно. Гэвч энэ өдөр бол Монголын ард түмний түүхэнд нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсах учиртай мартаж үл болох "хар" өдөр юм.

Эдүгээгээс 80 жилийн өмнө тодруулж хэлбээс 1938 онд түүхэндээ хамгийн олон хүн буюу тухайн үеийн Монгол Улсын нийт хүн амын 5-аас илүү хувь нь цуст аллагын золиос болж, харгис хэрцгий яргалалд өртөн хорвоог орхисон билээ. Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Өөрөөр хэлбэл Зуун мянган хүнээ "зуухандаа шатаачихсан" гэхэд хилсдэхгүй болов уу. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв. Хэлмэгдүүлэлтэд монголын нийгмийн өнгийг уламжлан тодорхойлж ирсэн төр нийгмийн зүтгэлтнүүд, халуун орончид, сурвалжит тайж ноёд, бурханы шашны эрдэмтэн хутагт хувилгаад, шавь нар, эгэл жирийн иргэд, түүгээр үл барам охид бүсгүйчүүд, нялх балчир энхрий үрс маань ч олон мянгаараа өртжээ.

Энэ бол тухайн үеийн МАН-ын бодлогоор Монголын төрийн нэрийн өмнөөс эх орныхоо эрдэнэ болсон иргэдээ үй олноор нь ёс бусаар залхаан цээрлүүлсэн урьд өмнө тохиож байгаагүй гамшиг байсан юм. Өөрөөр хэлбэл тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм.

Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ-д ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Санкт-Петербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн байдаг.

Хэлмэгдэгсэд бол эх орноо, ард түмнээ гэсэн цогтой тэмцэгчид, нийгмийн идэвхтэй иргэд байсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байдаг. Хэлмэгдэлд өртөөгүй айл өрх, төрөл садан, ураг элгэн, аймаг хошуу гэж Монголд байхгүй.

Хэлмэгдэлд зөвхөн тухайн хүн өөрөө өртөөд зогсоогүй биеийн болон эд хөрөнгө, сэтгэл оюун санааны залхаан цээрлүүлэлтийг хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, удам хойч үе, танил тал, найз нөхдөд нь, нутаг усныханд нь, хамт олонд нь халдаан хэрэглэснээрээ түүний уршиг, үр дагавар хэмжээлшгүй их байсан юм.

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дийлэнх нь лам нар байсан юм. Лам нар нь тулгасан хэрэг хүлээхдээ амархан, дуулгавартай, хүлцэнгүй байсан нь хэрэг тулган хүлээлгэхэд амархан байжээ. Мөн лам нарын ихэнх нь Монгол бичиг мэддэггүй байсан бөгөөд түүнийг нь далимдуулан мэдүүлээгүй зүйлүүдийг нь мэдүүлсэн болгон бичиж хууран хурууных нь хээг даруулдаг байсан байдаг. Түүнээс гадна байцаагч нар лам нараас цөөхөн асуулт асуудаг байжээ. Тэр нь та хэн хэнийг таних вэ гэж асуудаг байсан байна. Байцаагдаж байгаа лам өөрийн танидаг лам нарын нэрсийг хэлэхэд тэднийг нь эсэргүү бүлгийн гишүүд болгож бичээд ахмад зэрэг цолтойг нь толгойлогч болгон бичээд гарынх нь хээг даруулдаг байсан байна. Тухайн үед нэрсийн жагсаалтын дагуу болон баривчлах хүний тоо гаргаж өгдөг байсан байна. Төлөөлөгч нар өөрсдийн нормоо биелүүлэхийн тулд нэрсийн жагсаалтанд ороогүй, тааралдсан нэг айлаасаа л хүн баривчлаад аваад явж байсан тохиолдол олон байдаг талаар дурьдсан байдаг. Дорноговь аймгийн дотоод яамны төлөөлөгчийн газрын шоронд хүн орох зайгүй болсон байсанд 30 хүнийг буудан алж зай гаргаж байсан тухай баримт хадгалагдан үлдсэн байдаг. Мөн сэжигтнүүдийг баривчлан авч явахдаа ачааны машин дээр олон зуугаар нь давхарлан ачаад бүтээлгээр бүтээж, овоосон газар нь бороохойдож, буудаж байсан баримт жишээ бий. Ийнхүү баривчлагдан хүргэгдэх замдаа 2-3 хүн нас бардаг байжээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг 3 үе шатанд хуваадаг.

I үе шат, 1922-1939.  Эхний үе шат Монголын хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. БодооДанзанДамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерны заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хорогдов. 1932 оны зэвсэгт бослогын[1] дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. ЛхүмбэП. ГэндэнГ. ДэмидД. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9сарын 10нд байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулжээ. Зөвхөн 1937 оны 8 сараас 1938 оны 1 сарын хооронд 10728 хүнийг баривчилсан ба үүний 7814 нь лам, 322 нь хуучин феодал, 300 нь албан хаагч, 180 нь ардын цэргийн дарга, 1555 нь буриад, 408 нь хятадууд байжээ. Үүнээс 7171 хүний хэргийг мөрдөн байцаасан байх бөгөөд 6311 хүнийг цаазалсан байна.

II үе шат, 1940-1955. Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.

III үе шат, 1956-1990. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-ОчирЦ. ЛоохуузБ. СурмаажавХ. НямбууЛ. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн, нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг заан цөлөх хэлбэртэй болсон юм. Энэ удаа хууль-хяналт, шүүх, прокурорын байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх болсон ажээ.

Хор уршиг ...

19321940 онд 28,451 хүн баригдаж шийтгүүлсэн. Түүний 20,822 хүн буюу 73% нь буудуулжээ.

1932-1937 оныг хүртлэх 5 жилд 1730 хүн шийтгэгдэж 162 буюу 0.9% нь буудагдсан бол 1937-1940 он хүртлэх 4 жилд 26,721 хүн шийтгэгдэж түүний 20,660 буюу 77% нь буудуулсан байна.

1937-1940 онд шийтгүүлсэн хүний тоо нь тэр үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9% -ийш эзлэж байсан бөгөөд энэ нь 1000 хүн тутмаас 10-11 хүн шийтгэгдэж, 8-9 хүн буудуулж байсан гэсэн үг юм.

1934 онд хуралдсан намын 9-р их хурлаар сонгогдсон бүгд хурлийн гишүүдийн 72%, Төв хорооны тэргүүлэгчдийн 82%, намын төв комиссын гишүүдийн 57%, Төв шалган байцаах комиссын гишүүдийн 80% нь баригдаж шийтгүүлжээ.

Хэлмэгдүүлэлтийн оргил үе нь 19331937193819391940 он байв.

Цагаатгах ажил...

1990 ээд оны эхээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдаж, 1998 оны 1 сарын 2-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг УИХ батласан юм. 2005 оны 11 сарын байдлаар Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн 36 мянган хүний 29 мянгыг нь цагаатгаад байна. Эдгээр хүмүүсийн 26 мянга нь улсын комисс байгуулагдсан цагаас хойших 15 жилийн хугацаанд цагааджээ.

Бидний зүрх сэтгэлээс яаж ч хусаад энэ гашуун түүх арилахгүй. Цаашид ч үл мартагдана. Бид энэ "хар өдөр"-ийг үеийн үед, үрийн үрд санаж явах ёстой. Бүү март...

С.Мөнхжаргал

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

2018-09-10 20:17:32

хамгийн дээд талд нь Манжийн үеийн зураг тавьчихаад

Зуун мянган хүнээ "зуухандаа шатаасан" хар өдрийг бүү март...