“Хаан” урлагийн наадмаас...

Урлаг, Спорт Admin Today2018-09-12 13:08:28249

Монгол улсад анх удаа Олон улсын дүрслэх урлагийн наадам 9-р сарын 5-12-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Монгол Улсын соёлын Элч Х.Дамдинсүрэн санаачлан МУЭ-с зохион байгуулсан тус наадмын хүрээнд гадаад, дотоодын 80 гаруй зураач, уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэснээс гадна, дотоодын болон гадаадын урлаг судлаач, уран бүтээлчдийн уулзалт, форумыг зохион байгуулсан билээ. Мөн уг наадмын хүрээнд МУЭ-ийн “Арт”, “UB арт”, “Цагаан уул”, “Q”, “976”, “MN 17”, “Best”, “Өв”, Хаан”, “Норфей” гэсэн арт 10 галерей Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг зэрэг зэрэг гаргасан юм.

Яармаг дахь “Морин тойруулга“ хэмээх, олон жил юу нь үл мэдэгдэх хашаа байсан газар “Морьтны хөшөө” нэртэй цогцолбор болж байгаа юм байна. Түүн дэх гурван давхар байшин дүүрэн зураач, барималчдын бүтээлийг дэлгэсэн юм. Энэ нь “Улаанбаатар-2018" олон улсын дүрслэх урлагийн наадмын төв павильон юм. Энэхүү үзэсгэлэнд уран зураг, баримал, инстоляц, эвлүүлэг гээд бүхий л төрөл жанрын уран бүтээл багтжээ. Энэхүү үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна.

Үзэсгэлэнд оролцсон олон уран бүтээлчид төр засгаас дэмжлэг хэрэгтэй байгааг онцолж байлаа. Түүнчлэн залуу уран бүтээлчдийг хөгжүүлэх бодлого, гадны өндөр хөгжилтэй орнуудад суралцуулах зайлшгүй шаардлагатай байгааг цөөнгүй уран бүтээлчид хэлж байлаа.

Арга хэмжээг зохион байгуулагчид, оролцогчид, үзэгчдийн сэтгэгдлийг хүргэе...

Монголын урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч Б.Төмөрбаатар:

Олон улсын “Арт фестиваль”-г Монгол улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнд 9 орны уран бүтээлчид урилгаар оролцлоо. Ирсэн уран бүтээлчдийн хувьд олон улс төдийгүй дэлхийд нэрд гарсан алдартай уран бүтээлчид байсан гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй болов уу. Тус үзэсгэлэнгийн ач холбогдол маш их гарсан гэж бодож байна. Тухайлбал урлаг сонирхдог хүмүүс, урлагийн сургуулийн оюутнууд дэлхийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг үзэж, чиг хандлага ямар байгааг таньж мэдэх том боломж олголоо. Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад хүчин зүтгэсэн БСШУСЯ, “Sound of Mongolia”-ийн Х.Дамдинсүрэн захиралтай хамт олон, “Макс групп”, “Очир пресс” компани, урлаг судлаач, доктор Ч.Болдбаатар, зураач М.Эрдэнэбаяр тэргүүтэй олон зураачдадаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Урлаг судлаач, доктор Ч.Болдбаатар:

Олон улсын гэдгээрээ мэдээж нэр хүндтэй, томоохон хүрээг хамарсан, үр дүнтэй арга хэмжээ боллоо. Энэ үзэсгэлэнгийн нэг онцлог нь орчин үеийн бүтээлүүдийг оролцуулж байгаагаараа онцлог боллоо. Үзэсгэлэнд оролцож буй залуусын бүтээлүүдийг харахад манай уран бүтээлчид олон улс, дэлхийд өрсөлдөхүйц чадвартай болжээ гэж бахархлаа. Тиймээс одоо төр засгаас чадвартай уран бүтээлчдээ дэмжээд өгөх хэрэгтэй байна.

Урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч А.Очирболд:

Орчин үеийн тодотголтой энэхүү үзэсгэлэнд маш мундаг уран бүтээлчид оролцлоо. Үзэгчид ч харьцангуй их ирж буйд нь их талархаж байна. Ер нь манайд уран зургийн үзэсгэлэн толилуулахад их цөөхөн хүн ирж үздэг л дээ. Шулуухан хэлэхэд уран зураг сонирхдог, ойлгодог хүмүүс цөөн шүү дээ. Тиймээс бид олон хүмүүст орчин үеийн уран зураг, зохион бүтээгчдийн ур чадварыг таниулах, ойлгуулах үүднээс энэхүү олон улсын фестивалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион  байгууллаа.

Үзэсгэлэнгийн куратор, зураач М.Эрдэнбаяр:

Олон талын ач холбогдолтой, их үр дүнтэй наадам болж өндөрлөлөө. Түүнээс би уран бүтээлчдийн  уулзалт, зөвлөгөөнийг онцлон яримаар байна. Зөвлөгөөнд гадна, дотны уран бүтээлчид өөрсдийн санаа бодол, туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, хөгжил, дэвшил, бодлого гээд олон чиглэлээр ярилцаж зөвлөлдлөө. Манай уран бүтээлчдийн хувьд биднийг цаашид хөгжихөд хамгийн чухал хэрэгтэй зүйл бол орчин үеийн урлагийн музейтэй болох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Энэ талаар удахгүй төр засгийн шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэхээр төлөвлөж байна.

Зава Дамдин Ренбүчи Д.Осгонбаяр:

Энэ үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн бүтээлээс урлагийн олон урсгал шингэсэн харагдлаа. Ялангуяа тэр нийгмийн шүүмж, байгаль ихийг доромжилж байгаа тэр сэдвүүд нь сэтгэлд их тод үлдлээ. Манай уран бүтээлчид асар их хөрвөж, хөгжиж байгаа юм байна гэж анзаарлаа. Тухайлбал зураг гэхэд барималч юм шиг, баримал гэхэд зураг ч юм шиг бүтээлүүд нь их сонирхолтой санагдсан.

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн:

“Ulaanbaatar international art festival”-ийг манай газрын дэргэдэх “Соёл урлаг хөгжүүлэх” сангаас бодлогоор дэмжлээ. Энэ жил манайд 110 төсөл ирсэн. Үүнээс 80 төслийг дөрвөн чиглэлээр дэмжиж ажиллаж байна. Үүний нэг нь энэ фестиваль л даа. Орчин цагийн урлагийг хөхүүлэн дэмжих зорилгоор бид дэмжсэн. Мэдээж энэ наадмын үр дүн маш их гарч буйг олон хүний амнаас сонссон доо баяртай байна. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үзэсгэлэнд тавигдсан зарим бүтээлүүдээс сонирхуулъя...

Бэлтгэсэн: С.Мөнхжаргал

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

“Хаан” урлагийн наадмаас...