Сувилагч Ж.Уранчимэг хорвоог орхилоо

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-09-18 09:28:377523

Цалингаа нэмэгдүүлэхээр хаврын турш суулт хийсэн сувилагчдын хамгийн "сод" дүр нь үсээ хусуулсан ядруухан төрхтэй, бүсгүй Ж.Уранчимэг байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын сувилагч тэрбээр үүдэл эсийн хорт хавдар өвчнөөр өвдөж яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан билээ. Гэвч түүнд хагалгаанд орохын тулд 120 сая төгрөг хэрэгтэй. Гэвч сувилагчийн цалин нь 460 мянган төгрөг. Хагалгааны зардлаа цалингаараа төлнө гээд цуглуулбал өмсөхгүй, идэхгүйгээр түүнд 22 жил хэрэгтэй байсан билээ. Ж.Уранчимэг 14 жил сувилагчаар ажиллачихаад эцэст нь үхэлтэй нүүр тулахад хураасан мөнгө байхгүй, гурван хүүхдэдээ үлдээх хөрөнгө байхгүй байгаа нь туйлын харамсалтай хэмээн манай сайт "ТҮҮНИЙ ЦАЛИН 460 МЯНГА, ХАГАЛГААНД ОРОХОД 120 САЯ ХЭРЭГТЭЙ..." хэмээх гарчигтай түүний болоод сувилагч нарын цалингийн асуудлыг анхлан хөндөн бичиж байсан билээ. Тэгвэл бидний эрүүл энхийн төлөө цаг, наргүй ажиллаж байсан цагаан нөмрөгтэй сувилагч  бүсгүй хорвоог орхижээ.
Тодруулбал Ж.Уранчимэг Энэтхэг Улсын Fortis эмнэлэгт хэвтэн донор сайн тохирсон сайн мэдээ дуулгаж, мэс засал нь амжилттай болсон ч саяхан Монголдоо ирээд удалгүй хоёрдогч хүндрэлээр харамсалтайгаар бурхан болжээ.
Өрх толгойлсон, өөрөө хавдрын хөнгөвчлөх эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан түүнд  эрүүл мэндийн салбар даяараа, Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийн салбарынхан тусламжийн гараа сунгаж, халуун сэтгэлээр хандаж эмчилгээний зардлыг нь цуглуулж чадсан билээ. 
Амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байсан түүний эр зориг, тэвчээр, хатуужил, өөдрөг сэтгэл, амьдралыг сөрж тэмцэж чадсан гайхалтай сувилагч таныг Монголын эрүүл мэндийн салбарынхан үүрд санан дурсах болно.
Талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.  Ум сайн амгалан болтугай.

Эх сурвалж: 0

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Мядагмаа
2018-09-18 11:16:49

Хорвоод 1 л амьдрана шуу дээ бие биенээ хайрлах бодит жишээ байлаа бурхан ивээг

зочин
2018-09-18 09:38:27

ум сайн амгалан болтугай

Сувилагч Ж.Уранчимэг хорвоог орхилоо