Буриадын театрын будлиан хэнээс эхлэв...

Урлаг, Спорт Admin Today2018-10-03 16:21:303112

Эх орныхоо нэрийг дэлхийн урлагийн тайзнаа дархалж, тамгалсан МУГЖ Г.Ариунбаатарыг Буриадын театр хөөсөн тухай мэдээ сошиал ертөнцийн сүүлийн хэд хоногийн дуулиануудын нэг байлаа. Энэ тухай мэдээллийг эрхэм гавьяат өөрөө анх цахим хуудаснуудаараа дамжуулан мэдэгдсэн.


Тэгвэл өчигдөр МУГЖ, дуучин Г.Ариунбаатар Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин багшийгаа дагаж, өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн билээ.


Ийн дэлхийд үнэлэгдсэн багш, шавь хоёрыг явахад хүргэсэн Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуулиан чухам юунаас эхлэв...

Өнгөрсөн жил сонгуулиар Буриадын тэргүүн болсон Алексей Цыденов Буриадын Соёлын сайдаар Соелма Дагаеваг томилсон билээ. Шинэ сайд Соелма Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Аюна Владимировна Цыбикдоржиеваг энэ сарын 20-нд ажлаас нь халсан. Энэ шийдвэр театрын хамт олныг бухимдуулж, ямар учраас захирлыг нь халсан талаар тайлбар шаардаж эхэлсэн билээ. Харин Соёлын яамнаас театрын санхүүгийн асуудал гарсан гэж тайлбарласан. Театрын засварын ажилд зарцуулсан хөрөнгө асуудалтай, зарим уран бүтээлчдэд хэт их шагнал, мөнгө өгч байна гэж мөн хэлсэн юм.


Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин “Надаас яагаад танай театрт монгол, япончууд ажиллаж байна гэж асуусан. Их Театрт ч гадаад мэргэжилтнүүд ажилладаг шүү дээ. Захирлыг буцаан авахгүй бол би ч гарна” гэж мэдэгдсэн юм. Буриадын Дуурь, бүжгийн театрт монгол дуучид, япон балетчид ажилладаг бөгөөд Балетийг япон мэргэжилтэн Морихиро Ивата хариуцдаг билээ. Удалгүй театрын хамт олон захирлын тал, эсрэг тал гэсэн хоёр хуваагдан, асуудал даамжирсан тул энэ сарын 23-нд Буриадын тэргүүн Алексей Цыденов театрын хамт олонтой уулзсан юм.

Алексей Цыденовийн хэлсэн эхний үг нь “Буриадын Дуурь, бүжгийн театр бол манай улсын нүүр царай. Би Буриадын тэргүүн хүн, Буриадыг хөгжүүлэх гэж томилогдсон болохоос Монгол, Японыг хөгжүүлэх гэж ирээгүй” байлаа. Мөн “Буриадын уран бүтээлчидтэй ажиллаж, шинэ авьяастныг олох хэрэгтэй. Мэдээж гадаадаас од дуучин, бүжигчин урьж авчрах хэрэгтэй. Гэхдээ ийм олноор биш. Өөрийн уран бүтээлчдээ ажиллуулах ёстой. Хэрэв энэ гадаадынхан нэг өдөр гараад явчихвал манай театр элгээрээ хэвтээд мөхөх үү. Монгол, Япон, Оросын бусад хотоос хэт олон жүжигчин авч байна гэж хүмүүс ярьцгааж байна. Театрын нээлтийн хөтөлбөрийг л сөхөөд харахад 10 япон балетчин байна шүү дээ” гэж ярьсан байна.


Дарима Линховоин “Би монгол уран бүтээлчдийг урьж авчирдаг. Буриадад олон сайн дуучин байгаа ч Чайковскийн олон улсын уралдааны аварга, шагналт дуучин байхгүй шүү дээ. Сопрано хоолойтой дуучин ч байхгүй. Одоо сурч байгаа сопрано дуучин 5 жилийн дараа л төгсөнө. Ингээд Батчимэгийг авсан. Монгол дуучин гээд яах билээ. Намайг монголчуудтай л ажилладаг гэж шүүмжилж байна. Гэхдээ манай дуучин алга байна. Буриад дуучин гараад ирвэл би мэдээж хамтран ажиллана. Монгол, япончууд манай театрт ажиллах ёстой. Гэхдээ бид дахиж шинэ гадаад уран бүтээлч авахаа больё” гэж хэлсэн юм.


Энэ бүх асуудлын дараа Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин ажлаас гарах өргөдлөө өгч, манай дуучин МУГЖ Г.Ариунбаатар ч Буриадын Дуурь, бүжгийн театраас гарч байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн юм.


Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Аюна Владимировна Цыбикдоржиеваг ажлаас нь халсны дараа захирлаа дэмжсэн уран бүтээлчдийн хэсэг нь театраас гарна гэдгээ илэрхийлж байсан. Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин тэдний нэг. Дарима Линховоиноос өмнө алдарт тенор Михаил Пирогов театрыг орхисон билээ.


Багш, шавь хоёрын дуулиантай зэрэгцэн ЗХУ-ын Ардын жүжигчин Галина Шойдагбаева энэ сарын 27-нд болох байсан уран бүтээлийн үдэшлэгээ цуцалсан тул түүнийг ч театраас гарах гэж байна гэсэн мэдээ хэвлэлээр гараад эхэлжээ.


Ийн хил дамнан дуулиан шуугиан тарьсан театрын шинэ захирал өчигдөр мөн тодорхой болсон юм. Соёлын сайд Соелма Дагаева Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэ захирлаар Буриадын Драмын театрын уран сайхны удирдагч, Буриадын Ардын жүжигчин, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Эржена Жамбаловаг томилжээ.


С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Seegii.D
2018-10-09 09:59:52

MGL chuudiin hairtai duuchin huu mine haana ch OD-doo.Bas MGL-iin hairtai duuchin huu Amarkhuu mine baina.MGL chuudiin ERDENE-BAYALAG shuu ta nar

ХҮНДЛЭХГҮЙ ЭЭ ЧАМАЙГ
2018-10-06 11:55:26

Нүдээ аньсан юм яаж ажиллах болоо?

Zochin
2018-10-04 16:23:31

Manai Ariunbaatar bol buyatiin teatrt ahadna doo, tsaashaa yavj milanii La Skala ch yum uu delhiin aldartai teatruudad duulsan deer, Buyat bol oros helee saijruulah damjaa tedii

Буриадын театрын будлиан хэнээс эхлэв...