Өдөрт 10 хос салж, 80.000 ганц бие ээж 40.000 үрсээ өсгөж байна...

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-09 09:19:341567

Амьдрал, хүмүүсийн харилцаа нь ихэвчлэн зовлон жаргал, оюун ухаан, хайр, мөнгө, секс гэх мэт зүйлүүд дээр тогтдог гэж хэлж, бичдэг. Тэгвэл түүхийн цаг хугацааны явцад ухаант мэргэд эдгээрийг бүгдийг нэрлэсэн байдаг байна. Харин Монголчууд бид “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн хэдэн арван жил ярьж, дуулсаар ирсэн. Гэвч амьдрал үнэхээр хайр дээр тогтдог болов уу...


Хайр амьдралын хэдэн хувийг эзэлдэг вэ...

“Хайргүй амьдрал бол жимсгүй модтой адил” хэмээн Америкийн нэрт зохиолч, философич, гэр бүл судлаач Халил Гибра бичсэн байдаг. Тэгвэл хайр чухам амьдралын хэдэн хувийг эзэлдэг юм бол... Сонирхолтой нь үүнийг өдийг хүртэл судлаачид тогтоож чадаагүй байна. Яагаад гэвэл хүн бүрийн амьдрал өөр, өөр бөгөөд насны мөчлөг бүрт хайрыг мэдрэх мэдрэмж, үзэл, сэтгэл нь хувьсан өөрчлөгдөж байдаг учраас бодит тоо гаргах боломжгүй аж. Тухайлбал ихэнх хосын харилцаа анхандаа гал халуунаар дүрэлзэж байдаг бол 2-5 жилийн дараа нэгнийгээ илүү мэдсэнээр эсвэл хүүхэдтэй болсноор хайр сэтгэл нь ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгддөг байна. Хамтын амьдралын дунд үед хүүхдүүдийн сургууль, санхүүгийн асуудалд гол анхаарлаа хандуулж хосууд нэгэндээ бага цаг зав гаргаснаар сэтгэл нь өөрчлөгддөг бол хичээл наснаас хойш 50, 60, 70 насанд бие биедээ дасаж, илүү амьд харилцааг эрхэмлэж, нэгэнгүйгээр амьдралыг төсөөлж чадахаа больдог гэнэ. Харин ихэвчлэн 30 дээш насанд зохиосон амьдрал илүү бат бөх байдаг гэж Швейцарийн алдарт сэтгэл судлаач Карл Юнг дүгнэсэн байна.


Өдөрт арван хос салж байна

Америкийн Юүта их сургуулийн профессор Николас Волфинэр хүний гэрлэх хамгийн тохиромжтой насыг 30 гэжээ. Учир нь энэ насанд хүмүүс төлөвшиж, эцэг, эх болоход бэлэн болсон байдаг аж. Тэгвэл Монголчууд бидний хосын амьдрал хорин наснаас эхэлдэг. Статистикийн үндэсний хорооноос гаргасан судалгаагаар 2017 онд 20.000 хос гэрлэлтээ бүртгүүлснээс 20-30 насныхан 70% эзэлжээ. Харамсалтай нь тэрхүү 20.000 хосоос 4000 гаруй нь жил хүргэж амжилгүй салсан байна. Тэгэхээр Монголд өдөрт 10 хос салдаг гэсэн үг юм. Энэ бол маш ноцтой тоо. Цаана нь шүүхээр салаагүй, гэрлэлт цуцуулсан нь бүртгэгдээгүй хичнээн хос цаана нь байгааг бид мэдэхгүй. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод 80.000 ганц бие ээж 40.000 гаруй үрсээ өсгөж байна. Хосуудын салалтын шалтгаан гэр бүлээс гадуурх харилцаа, гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй, хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн, санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа, гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй, архидалт, муу зуршил, хэрүүл маргаан, үл ойлголцол хүчирхийлэл, дарамт шахалт байсан ба хамгийн гол шалтгаан нь хэт залуудаа гэрлэсэн гэсэн судалгаа гарчээ. Учир нь өөрөө төлөвшөөгүй, хүүхэд насныхаа гэнэн үеийг туулж дуусаагүй тул эцэг, эх болох сэтгэлзүйн бэлтгэлгүй, хүнийг таниж мэдэх ухаан суугаагүй байдаг  гэж судлаачид дүгнэжээ. Мэдээж салалтаас үүдэж гэр бүлийн гишүүд амсах хохиролыг энд дурдах нь илүүц биз ээ.


Насан туршийн хамтын амьдралын жор...

Далан жил хамтдаа амьдарсан А.Цэгмид, Д.Ханд нар урт удаан хамтын амьдралынхаа нууцыг “сэтгэл, хүндлэл, итгэл, тэвчээр, ухаан” хэмээн хэлсэн бөгөөд залуустаа ийн зөвлөгөө өгч ээ. “Аливаа хамтын амьдралыг эхлүүлэхэд ганцхан хайр дурлалаа чухалчлаад суучихаж болохгүй. Бас дурлал, шохоорхлоо хайр гэж андуураад сэтгэлийн хөдлөлөөр амьдрал зохиох нь дэндүү эрсдэлтэй. Тэгж зохиосон амьдрал бүтсэн гэж сонсоогүй. Тэгээд л баахан өнчин хүүхэд, өрх толгойлсон ээжүүд бий болоод байгаа юм шүү дээ. Олон зүйлийг харгалзан үзэж, нэлээд нухацтай бодож байж хоёр хүн амьдралаа холбох хэрэгтэй. Тэгээд эхлээд хүүхэдтэй болох гэж яарахгүйгээр хамт амьдарч үзэх хэрэгтэй. Хоёр шал өөр хүн нэг гэрт амьдраад үзэхээр таарах таарахгүй олон асуудал үүсдэг. Тэгээд үнэхээр болохгүй бол салах шийдвэр гаргадаг. Гэтэл салах гэтэл хүүхэдтэй болчихсон байвал хэцүү шүү дээ. Гэр бүлийн харилцаагаа урт удаан хадгалж явахын бүхий л зүйлийн давс хужирыг тааруулах хэрэгтэй байдаг. Хайр сэтгэлээ 100 хувь, эсвэл санхүү мөнгөний асуудлаа, бусад гэр бүлийн асуудлуудаасаа илүү тавиад яваад байх юм бол гэр бүл аз жаргалгүй цаашлаад салах явдал гардаг. Аль болох залуус минь салахгүй л байх хэрэгтэй” хэмээжээ.

Гэр бүлийн харилцаагаа тогтвортой байлгахын тулд хосууд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэйг сэтгэлзүйч, гэр бүл судлаачид зөвлөдөг байна. Хамгийн түрүүнд өөрийгөө гэр бүлийн амьдрал зохиоход бэлэн эсэхээ бодолцох хэрэгтэй юм байна. Харин дараа нь таалагдсан залуу, бүсгүйдээ хайртай эсэхээ тунгаах, түүнчлэн “энэ хүн надад хань болж чадах уу, би түүнтэй хамт байхад аз жаргалтай байж, мөн түүнийг жаргалтай болгож чадах болов уу гэдгээ сайтар бодож, турших хэрэгтэй аж. Эдгээрийг хүлээн зөвшөөрч байвал та үр, хүүхэдтэй болохоосоо өмнө хос болохоор төлөвлөсөн хүнтэйгээ заавал хамтдаа амьдарч үзэх хэрэгтэйг судлаачид зөвлөжээ. Ингээд гэрлэхээр шийдсэн бол нэн түрүүнд “гэрлэлтийн гэрээ” хийх хэрэгтэйг сануулсан байна. Тус гэрээнд мэдээж ямар асуудал үүссэн тохиолдолд салах, салбал эд хөрөнгөө хэрхэн хувааж авах, хүүхдээ хэн нь асран хүмүүжүүлэх гэх мэтийг тусгах шаардлагатай аж.


Харин гэр бүл болсны дараа хамтын амьдрал, харилцааг амжилттай байлгаж, хоёр хүн хоёулаа асуудлыг шийдвэрлэхийн тулд өөр өөрсдийн гэсэн хувийн хүслүүдээсээ татгалзах хэрэгтэй гэж зөвлөжээ. Мэдээж дээр нь нэгэндээ итгэх, харилцан дүрэм тогтоон бие биенээ хүндлэн аль болох ойлгохыг хичээж, сонсох, ярилцах, нэгнийхээ сонирхохыг хүндэтгэх, дэмжих, санхүүгийн хувьд харилцан тэгш зарцуулах, хэзээд нэг нэгнээ хайр энэрлээр дутаахгүй халамжилж, анхаарал тавьж байх юм бол гэр бүлийн амьдрал урт удаан, аз жаргалтай байдаг байна.

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Өдөрт 10 хос салж, 80.000 ганц бие ээж 40.000 үрсээ өсгөж байна...