Шарк С.Ариунболд мөнгөө өгөхгүй

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-10 11:35:14367

"Шарк танк" нэвтрүүлгийн шарк "Монгол базальт” компанийн Ерөнхий захирал Л.Ариунболд нэвтрүүлгийн үеэр амласан хөрөнгө оруулалтаа хийхгүй байгаа талаар Барилга.мн сайтын үүсгэн байгуулагч С.Батсүх өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр, "Онлайн барилгын зах" төслөөр оролцож, С.Ариунболд шарк дэмжин 50 хувь дээр тохирч хамтран ажиллахаар болсон байдаг. Гэвч нэвтрүүлэг дуусаад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч "Монгол базальт” компанийн Ерөнхий захирал Л.Ариунболд хөрөнгө оруулалтаа хийгээгүй тул уулзаж, хөрөнгө оруулалтаа өгөхийг хүсэхэд чадахгүй, боломжгүй гэсэн хариултыг өгчээ. 

Үүссэн асуудлын талаар Барилга.мн сайтын үүсгэн байгуулагч С.Батсүхээс тодрууллаа.

-Танд С.Ариунболд шарк хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах байсан юм бэ?

-"Шарк танк" нэвтрүүлэгт "Онлайн барилгын зах" төслөөр оролцсон. Тэгээд “Монгол базальт” компанийн Ерөнхий захирал С.Ариунболд шаркаас 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон юм.

-Мэдээж 500 саяын хөрөнгө оруулалт авахаар болсон өдрөө тодхон санаж байгаа байх. Тухайн үеийн сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Том хөрөнгө оруулалт авахаар болчихсон хүн мэдээж маш их баярлаж байсан. Таньдаг таньдаггүй маш олон хүн баяр хүргэж, амжилт хүсч дэмжиж, ээж минь хүртэл хадаг сүү барьж баяр хүргэж угтаж байсныг тодхон санаж байна. Олон жил хийж хэрэгжүүлэхийг хүсч байсан төслөө сайн хамтрагчтай болж, хөрөнгө оруулалт авсан учраас олон залууст боломж олгоно гэж бодож байлаа. Маргааш нь гадуур явахаар л "Энэ нөгөө 500 саяын залуу явж байна, тийм их мөнгийг насаараа цуглуулаад ч барахгүй дээ" гэх мэтээр шивэр авир ярилцаж байсан. 

-Тэгээд нэвтрүүлэг дуусаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Хөрөнгө оруулах боломжгүй гэх хариуг хэзээ авсан юм бэ?

 -Шарк танк нэвтрүүлгийн хөрөнгө оруулалтын талаар олон хүмүүс найз нөхөд байнга асууж байсан болохоор өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Монгол ТВ-д, есдүгээр сарын 12-нд шарк С.Ариунболд нарт хөрөнгө оруулалт юу болсон эсэх талаар албан бичиг хүргүүлсэн. Гэвч аль алинаас нь ямарч хариу ирээгүй учраас уулзахаар цаг товлосон юм. Улмаар өнгөрсөн долоо хоногт С.Ариунболд захиралтай үйлдвэр дээр нь очиж уулзсан. Түүнтэй хоёр цаг гаруйн хугацаанд уулзаж, тэрбээр надад чулуун хөвөн, үйлдвэрийнхээ талаар ярьж, үйлдвэрээ танилцуулж, цай хуушуураар дайлсаны эцэст хөрөнгө оруулах эсэх шийдвэрээ хэдэн сарын өмнө гаргаж, "Монгол базалт" ХК-ийнхаа ТУЗ-д Шарк Танкын 500 саяын хөрөнгө оруулалтыг хийхгүй гэдгээ танилцуулсан гэх хариуг өгсөн.

-Тэгж болдог юм уу. Та шалтгааныг нь асуусан юм уу?

-Амласан хөрөнгө оруулалтаа өгөх эсэх нь өөрийнх нь сонголт бөгөөд оруулахгүй байсан ч ямар нэгэн асуудал хариуцлага байхгүй, хариуг бичгээр өгөх ч албагүй гэсэн. Би хувьдаа нэвтрүүлгийн үеэр Шаркууд юу ч амлаж болно, бас амласнаа биелүүлэхгүй байж ч болдог юм байна гэж л ойлгосон.

-Энэ уулзалтаас өмнө та хөрөнгө оруулалтын асуудлаар уулзаж байсан уу. Тухайн үед ямар хариу өгдөг байсан юм бэ?

-Өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан. Тус уулзалтуудад их нааштай, ах нь хөрөнгө оруулалтаа хийнэ, одоогоор хувьцаа гаргах гээд маш их ажилтай байна, дараа тухтай уулзья гэдэг байсан. 

-Энэ асуудал дээр таны байр суурь юу вэ. Мэдээж гомдолтой байгаа байх?

-Нэгэнт хөрөнгө оруулалт оруулах боломжгүй гэсэн хариу авсан юм хойно юугаа ч бодох вэ дээ.  Одоо бол шинэ хамтрагчтай болохоор сэтгэл шулуудсан. Хол явья гэвэл олуулаа яв гэдэг, иймд энэ бизнест хамтран ажиллах хэн бүхэнд нээлттэй үлдээж байна. Нэмж хэлэхэд, Нэвтрүүлгийн дараа barilgachin.mn сайтын хандалт эрс нэмэгдэж, олон хүмүүс манай үйл ажиллагааг мэддэг болж, одоо олон харилцагчтай болсон. Барилгын материалын борлуулалтын хэмжээ сардаа 400-500 сая төгрөг болсон нь бидний амжилт юм.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Шарк С.Ариунболд мөнгөө өгөхгүй