Му-ын сайд ЗГХЭГ-ын Дарга Г.Занданшатарын Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-11 09:28:18203
Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал маань эхэллээ! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид гурван жилийн өмнөөс эхлэн Зөвлөлдөх ардчилалын талаар өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөлдөх ардчиллын мөн чанар, эрх зүй ба Үндсэн хуулийн асуудлаар удаа дараа ярилцаж байлаа. Энэхүү сэдэв Монголын хөрсөн дээр буун өнөөдрийг хүртэл үргэлжилж, олон нийт, улстөрчид, судлаачдын дунд хэлэлцэх өргөн цар агуулгаар баяжиж байна. Зөвлөлдөх ардчиллын зарчим, үзэл санаа, үйл ажиллагааны хэм хэмжээг баримталсан Зөвлөлдөх санал асуулгын хууль Монгол улсад батлагдан эдүгээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн буй нь өмнө зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын бодит үр дүн мөн.


Ардчиллын хөгжлийн дараагийн шат болох Зөвлөлдөх ардчилал нь Монгол Улсын өнгөрсөн 20 гаруй жилийн засаглалын гажуудлыг засч залруулах, төрийн гурван институцийн зааг ялгааг тодорхойлох, ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээх, бататгах, улмаар энэ бүхний эхлэл болох Үндсэн хуулийн оновчтой өөрчлөлтийг хийхэд чиг шугам болох ёстой. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар нийслэлийн хөгжилд олон нийтийн санал асуулга зохион байгуулах, төсвийн төлөвлөлтийг зөвлөлдөх ардчиллын дагуу төсөвлөх, нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд зөвлөлдөх ардчиллын зарчмыг баримтлах зэргээр тодорхой үйл ажиллагаанд хэрэгжүүлж, алдаа оноогоо дэнслэх боломжийг бүрдүүлж чадлаа. Эдүгээ улстөрийн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж, нийгэм эдийн засгийн нөхцөл сайжирч, эрх баригч намын бодлого үйл ажиллагаа олон нийтийн хүлээлт, итгэлд байсаар байна. Ийм цаг үед зөвлөлдөх ардчиллын талаар илүү өргөн цар хүрээтэй ярьж, улс төр, эдийн засгийн савалгаанаас хараат бусаар зөвлөлдөх ардчиллын мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгарч байна. Энэ удаагийн хуралд асуудлын гүн рүү орсон жишээ, сайн туршлага, баримт, үйл ажиллагаанд тулгуурлан ярилцахаар хуран цуглараад байна. Тэр дундаа газар зүйн хувьд ойролцоо Азийн орнуудын зөвлөлдөх ардчиллын туршлагыг судлан хэлэлцэх нь энэхүү эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол, цар хүрээг илүү үнэ цэнэтэй болгож байна. Илүү тулхтай зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэхэд мэдээлэл технологийн хөгжлийн туршлагаас эхлээд нийгмийн халамжийн бодлого буюу иргэн хүнд шууд үр өгөөжөө өгөх төрийн бодлогод хэрхэн зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлж байгаа орнуудын туршлагатай бид танилцаж суралцах болно. Зөвлөлдөх ардчилалыг хэрэгжүүлсэн, хөгжүүлсэн туршлага, бодит үйл ажиллагаагаа бидэнтэй хуваалцаж, улмаар Монгол Улсын ардчиллын хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорин ирсэн эрдэмтэн, судлаач Та бүхэнд гүнээ талархаж байна. Мөн эх оронч сэтгэлтэй зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэхэд идэвхийлэн ажиллаж буй өөрийн орны судлаач эрдэмтэд, улстөрчид, төрийн жинхэнэ албан хаагч та бүхэнд баярлаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Цаашид ардчиллыг жинхэнэ мөн чанараар нь бэхжүүлэх, ард иргэдийн ардчилалд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд дан институцийн шинэчлэлээр тогтохгүй, төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодитоор хангах шаардлага тулгамдаж байна. Бид зөвлөлдөх ардчиллын зарчмыг хөгжлийн бодлого боловсруулах бүхий л үйл ажиллагаандаа бүх төвшиндөө хэрэгжүүлэх оновчтой арга замыг тодорхойлоход өнөөдрийн хуралдаан үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна!

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Му-ын сайд ЗГХЭГ-ын Дарга Г.Занданшатарын Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна