Он гарснаас хойш ажил үүргээ гүйцэтгэж явсан 56 сэтгүүлч амиа алджээ

Дэлхий Admin Today2018-10-12 15:30:21351

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас мэдээлж байгаагаар 2018 он гарснаас хойш ажил үүргээ гүйцэтгэж явсан 56 сэтгүүлч бусдын гарт амиа алдаад байгаа аж. 

Гэтэл 2017 онд бусдын гарт амь үрэгдсэн нийт сэтгүүлчийн тоо 55 байжээ. Амь үрэгдсэн сэтгүүлчдийн 29 нь дайны бүс нутагт ажиллаж байсан аж. Он гарснаас хойш Афганистанд 13 сэтгүүлч, Йеменд 5, АНУ-д 6, Мексикт 6 сэтгүүлч тус тус амиа алджээ. 

Энэ оны 4-р сарын 30-ны өдөр Францын “Франс Пресс” агентлагийн зурагчин Ша Мараи Фезийн хамт 10 сэтгүүлч нэг дор амь үрэгдсэн ба эдгээр сэтгүүлчдийн 9 нь Кабул дахь бөмбөгдөлтөнд өртөж амиа алдсан бол үүнээс хэдхэн цагийн дараа Хост хотод БиБиСи агентлагийн сэтгүүлч Ахмад Шах буудуулан нас баржээ. 

Йеменд ажиллаж буй сэтгүүлчид зэвсэгт халдлагад өртөхөөс гадна шоронд хоригдох тохиолдол ч их гардаг байна. Түүнчлэн Сирид үйл ажиллагаагаа явуулдаг Вагнерийн зэвсгийн хувийн компанийн хөлсний цэргүүдийн талаар мэдээ бэлтгэж байсан Орхан Жемаль, Кирилл Радченко, Александр Расторгуев нар Төв Африкийн Бүгд найрамдах улсад амиа алдсан талаар ч дурджээ. 

“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуарын хэлж байгаагаар дээрх статистик нь сэтгүүлчдийг хамгаалах арга хэмжээ авах асуудлыг хурцаар тавих болсоныг харуулж байгаа аж. 

Тэрээр энэхүү асуудлыг хариуцаж ажиллах албан тушаалтанг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд бий болгохыг санал болгож байгаа аж. Түүний энэхүү саналыг засгийн газрууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн 100 гаруй албан байгууллага, орон орны сэтгүүлчдийн холбоод дэмжиж байгаа аж. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага сураггүй алга болсон сэтгүүлчдийн асуудлыг ч мөн хөнджээ. 

Энэ сарын 2-нд Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч Жамал Хашогги бичиг баримтаа бүрдүүлэхээр Истанбул дахь Саудын Арабын консулын газар луу ороод консулын байрнаас эргэн гарч ирээгүй талаар олон улсын хэвлэл мэдээллээр мэдээлсэн билээ. Үүнээс 4 хоногийн дараа Туркийн цагдаагийн газар сэтгүүлчийг консулын байранд бусдын гарт амь үрэгдсэн байж болзошгүй хэмээн хэргийг шалгаж эхэлжээ. Сэтгүүлчийн цогцсыг хар өнгийн ачааны машинаар консулын байрнаас гаргасан байж болзошгүй хэмээн эрэн сурвалжилж байгаа аж. 

Жамал Хашшогийг алга болдог өдөр Истанбулд Саудын Арабаас 15 хүн ирсэний дотор гэмт хэргийн шинжээч байсан гэнэ. Саудын Арабын талаас сэтгүүлчийн алга болсон явдалд ямар нэг холбоогүй гэдгээ мэдэгджээ. Энэ сарын 6-нд ХБНГУ-ын хойд зүгт орших хотод TVN сувгийн гүйцэтгэх захирал Виктория Мариновагийн цогцос олдсон юм. Түүний хүчирхийлж, боомилж, толгойн тус газар нь цохисон байжээ. Тус хэрэг В.Мариновагийн Европын холбоон дахь мөнгө угаалт, авлигын талаар хийсэн цуврал нэвтрүүлэг гарсаны дараахан гарсан нь олны анхаарлыг татаад байгаа аж.

Нэвтрүүлэгт оролцсон Болгарын сэтгүүлчид Европын холбоон дахь төслүүдэд санхүүжилт хуваарилах явцад маш их хэмжээний авлига өгөх, авах тохиолдлууд гарсан талаар, үүнд орон нутгийн бизнес эрхлэгчид, улс төрчид, оросын олигархууд хүртэл оролцсон талаар ярьжээ. 

Түүнээс гадна В. Маринова хэдэн жилийн өмнө химийн бодис тээвэрлэж явсан галт тэрэгний дэлбэрэлтэнд өртсөн Хитрино тосгоныг сэргээх ажлын явцад авлига авсан хэргийг эрэн сурвалжлах явцад юу олж мэдсэн талаараа энэ сарын 9-нд мэдээлэхээр төлөвлөж байжээ.

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Он гарснаас хойш ажил үүргээ гүйцэтгэж явсан 56 сэтгүүлч амиа алджээ