Газар дээрээ

Нийгэм, Эдийн засаг Admin Today02 цаг 31 минутын өмнө3245

Авлигатай тэмцэх газраас тав таван хоногийн хугацаатай гурван ч баривчилгаа явуулж, авлига авсан этгээдүүдийг үйлдэл дээр нь саатуулав. Энэ байгууллагыг ажил хийдэггүй гэх хүн олон. Энэ удаад тэд “ажилладаг” болохоо харуулах мэт 15 хоногийн хугацаанд даруй гурван этгээдийг хахууль авч байхад нь баривчилсан нь сайшаалтай.

2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг хахууль авч байхад нь өгч буй этгээдтэй нь хамтад нь саатуулсан. Г.Бум-Эрдэнэийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх болон  дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан байна. Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч  хянан хэлэлцсэн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан үндэслэлээр Г.Бум-Эрдэнийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Г.Бум-Эрдэнэ нь 2002-2007 онд I дүгээр сургуульд сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажилласан бол өнгөрсөн 2017 оноос эхлэн сургуулийнхаа захирлаар ажиллаж байсан.

Дараа нь БСШУСЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай "Шинэ эхлэл" лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд мөн л авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж, 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжэээ авсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна. Түүнийг 10 сая төгрөгийн хахууль авч байгаад баригдсан гэх албан бус мэдээлэл бий.

Харин өчигдөр орой буюу 2018 оны аравдугаар сарын 14-нд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулжээ. Түүнийг хагас тэрбум төгрөгийн хахууль авсан гэх албан бус мэдээлэл байгаа ч хахуулийн хэмжээг нотлоогүй болохыг албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Ийнхүү Авлигатай тэмцэх газраас тав таван хоногийн зайтай гурван ч дорвитой ажиллагаа явуулж, хоёр сургуулийн захирал, нэг ТӨХК-ийн захирлыг авлига авч байх үйлдэл дээр нь “гардлаа”.  

 

Г.Сүрэн

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Газар дээрээ