Ч.Чингис: Тэгвэл С.Зоригийн сүнсийг буулгаад хэн алсныг нь асуучихгүй яасан юм...

Энтертайнмент Admin Today2018-10-08 09:11:054858

Дархад зайран Ч.Чингисийг орчин цагийн бөө нарын анхдагч хэмээн олон хүмүүс хүндэтгэдэг. Онгод тэнгэртэйгээ холбогдоод 30 гаруй жилийг үдэж буй түүнийг энэ удаагийнхаа зочин хойморт урилаа.

  • - Бидний урилгыг хүлээж авсан танд гялайлаа. Таныг хүмүүс орчин цагийн бөө нарын анхдагч гэж ярьдаг юм билээ. Гэвч та ихэд нуугдмал, хэвлэл мэдээллээс их хол байдаг хүн юм аа даа...

За гялайлаа. Би ер нь олны хөл, хэл ярианаас хол байхыг чухалчилдаг хүн л дээ. Телевиз, сониноос нэлээд хэдэн удаа ярилцлага өгөөч гэж холбогдож байсан. Дандаа л татгалзчихдаг юм. Харин чи манайхыг олоод ирлээ. Одоо өгөхөөс яах билээ дээ/инээв/.

- Харин танайх чинь бараг Чингэлтэй уулын оройд юм байна. Таныг олж уулзах гэж нэлээд явлаа шүү. Анх бөөлж байсан үеэс тань яриагаа эхлэх үү, хоёулаа...

За тэгье. Би 1983 оны 5 сарын 13-нд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд алдарт дархад Цэгмид удганы шавь болон тодорсон хүн л дээ. 1983 онд гэнэтхэн элийрч балайрдаг юм. Тэгээд сураар чулуу баглаад үүрчихсэн, сумын дэлгүүр дотор цохиж явсан гэж байгаа. Бөөгийн өвчнөөр өвдсөн нь тэр юм байж. Алс бөглүү газар тулдаа л болсон байх. Түүнээс биш төв суурин газар байсан бол галзуурчихлаа гээд Шар хаданд хэвтүүлчихнэ биз дээ. Бас ч гэж бөөтэй газар гэдэг чинь учиртай. Энэ бөө болох нөхөр л манаргаж явна гэдгийг мэдэлгүй дээ. Дараа жил нь Улаан-Уул суманд Цэгмид удган дээр очоод түүнээс хойш онгод тэнгэртэйгээ холбогдож явна даа.

  • - 1984 оноос хойш гэхээр 34 жил бөөлж байгаа байх нээ. Одоо бол бараг айл болгонд л нэг бөө байх болж. Таныг анх бөөлж байх үед хэр олон байсан бол...

Би Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ суманд төрж, өссөн. Намайг анх бөөлж байхад Хөвсгөлийн баруун тайгад  Гомбохүү гэж зайран байсан. Тэр миний аавын хамаатан өвөг эцгийн минь дүү л дээ. Зүүн тайгад Балжир удган, мөн манай Алаг-Эрдэнэ суманд Цэнд зэсэм удган, тэгээд миний багш энэ хэд л байсан даа. Тэгээд би тэр мундаг хүмүүсийг залгаж бөөлж байлаа. Социализмын үе байсан болохоор бөө ер нь тасарчихсан байсан үе л дээ.

  • - Зарим хүнийг бөө болно гэхээр гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрдөггүй. Танд тийм тохиолдол гарч байсан уу?

Намайг эсэргүүцсэн хүмүүс байгаагүй. Миний бие тун ихээр өвдсөн учраас аав минь амьд авч үлдэхийн тулд эсэргүүцэж байсангүй. Миний эхнэр надтай гэрлээд 13 жил намайг бөө гэдгийг мэдээгүй юм билээ. Манай нутгийнхан ч мэддэггүй байсан. Одоо бол мэддэг болсон шүү/инээв/.


  • - Анх яаж бөө болж байсан бэ. Одоо бол бөө болох гэж байна гээд баахан л зардал, чирэгдэл болдог болж...

Ямар юмны зардал гарах билээ дээ. Би анх бөө болохоо мэдээгүй. Гэнэт л сохорсон, галзуурсан тэрнээс улбаатай онгодтой гэдгээ мэдсэн. Тэгээд л багш дээрээ очоод онгодоо таниулаад л болчихож байсан. Хуур татаж явган бөөлөөд л холбож өгсөн. Уулын орой дээр их гал түлж байгаад бөөлж билээ. Нэг хуур амилуулж өгөөд “Үүнийг татаж бай” гэсэн. Дархадын бөө холбох ёс их энгийн. Онгодонд чинь мэдүүлж таниулаад л орхино. Чи үнэхээр сайн бөө юм бол аандаа л учраа олоод, хүчээ аваад босоод ирнэ. Чадахгүй бол хохь чинь. Шударга байгаа биз дээ. Байгалийн шалгарлын хууль үйлчилдэг гэж хэлж болно. Дархадын Халзан зайран гэж нисдэг долоон бөөгийн нэг нь миний ээжийн эцэг нь юм. Аав, ээж хоёрын аль, аль талд нь бөөгийн удам байсан. Тэгээд л тэр онгод нь надад өвлөгдөж ирсэн хэрэг л дээ.

  • - Тэгэхээр та бөөг удам дамжиж ирдэг гэж хэлэх гээд байна уу?

Тийм ээ. Удам дамжиж ирэх ёстой зүйл юм. Миний аав багш, ээж минь эмийн санчаар ажиллаж байсан, ямар ч бөөгийн шинж чанаргүй хүмүүс л дээ. Гэхдээ аав, ээжээс дээшээ удманд маань бөө хүн байсан учраас дүү, бид хоёрт онгод нь ирсэн хэрэг л дээ.

  • - Нээрээ олны танил Ч.Чинбат зайранг таны төрсөн дүү гэдэг шүү дээ. Бас нэг эмэгтэй дүүг тань удган гэж сонссон юм байна...

Бид ээж, ааваасаа гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нийт тавуулаа. Ч.Чинбат бид хоёр л зайран. Манай дүү хүүхэд байхдаа бөөлсөн. Багаасаа тусгай хүүхэд байсан л даа. Харин өөрийн чинь хэлээд байгаа эмэгтэй дүүгийн тухайд Ч.Мөнхцэцэг гээд Ч.Чинбат бид хоёрын дундах нь. Тэр маань 1984 онд Их сургуулийн оюутан байж байгаад хоёр жил чихгүй, дүлий явсан. Бас л бөө болох байсан юм билээ л дээ. Тэгээд аав, ээж хоёр маань “нэг гэрт олон бөөгөөр яах юм” гэж дургүйцээд онгодыг нь болиулсан.

  • - Хөөх тийм үү. Бөө болох ёстой хүнийг болиулахаар болдоггүй гэж хүмүүс ярьдаг шүү дээ...

Харин тийм. Дэмий юм билээ. Дүү минь амьдрал нь сайн ч сэтгэл санаа нь жаахан тааруухан л явдаг. Төрөх дөхчихсөн хоёр ихэр хүүхэд нь зулбасан. Ер нь бөөлөх, бөөлөхгүй нь хамаагүй. Авах ёстой зүйлийг нь аваад л өгчих хэрэгтэй юм байна гэж боддог.


  • - Анх ямар засал хийж байв?

1993 онд юм байна. Цэгмид удган намайг дуудуулжээ. Тэгсэн намайг айлд очиж хүүхдийнх нь хөлсөөг гарга гэнэ. Тэгээд айлд нь очсон чинь Монгол гэрт хоёр сартай охин хүүхэдтэй, хоёр залуухан хос байсан. Багшаасаа “яаж засах вэ” гэж асууж чадахгүй шүү дээ, их эмээдэг байсан. Бодож байгаад л аавд нь аяга бариулаад гэрийг нь нар зөв тойруулсан. Тэгээд би тэр хүүхдийг “бурхан болсон” л гэж бодоод буцаад холбогдоогүй. Гэтэл дараа нь Хатгал суманд таарсан хөөрхөн том болчихсон явж байсан. Ямартай ч хөлсөөг нь гаргаад зүгээр болгочихсон л байсан байна лээ. Тэгэхэд миний онгод хэл ороогүй байсан юм.

  • - Хэлгүй ороогүй байсан гэхээр...

Онгод чинь хүн шүү дээ. Өөрийн гэсэн хэл яриагаар ярьдаг. Тамлага, дуудлага гэж ярьдаг л даа. Миний онгод тэр үед хэл ороогүй байж байгаад аяндаа л тэгж байгаад хэл орсон. Эхлээд “Гоолингоо” дууны үгийг зүүдэлдэг юм. Тэр дууг чинь би мэдэхгүй шүү дээ. Нэг шөнө унтаж байтал л “Арван түмэн адуун сүрэг…” гээд үг нь ороод ирсэн. Ямар ч үгийн зөрөөгүй зүүдлэгдсэн байсан. Энэ бол хэл орох дохио байсан юм билээ. Хуур татаж байхад янз бүрийн л дуудлага орж ирсээр байгаад л бүрэн хэл ордог юм билээ.

Би 34 жил бөөлөхдөө “тэдэн төгрөг” өг гэж нэг ч удаа хэлж үзээгүй...

  • - Бөө болгон ямар нэг үйлд илүү гаршсан, илүү сайн байх нь бараг зүй тогтол гэмээр ажиглагддаг. Таны хувьд ямар үйлэнд илүү сайн бэ?

Нялхсын үйлд бол ер нь сайн шүү. Хөлссөн цочсон, гэмтсэн, сэвтсэн гээд нялх хүүхдийн засалд сайн, сайн. Тэгэхдээ миний сайных биш, онгодын сайных шүү. Би өөрийгөө магтаагүй, онго тэнгэрүүдээрээ бахдаж байна. Ер нь нялхсыг цааш нь алдсан удаагүй. Хоёрт гэвэл, хилс хэргээр шорон оронд суусан хүний асуудлыг наашлуулахдаа сайн. Харин яалтгүй өөрийн буруугаар шоронд орсон хүнийг бол барахгүй юм билээ. Ер нь онго тэнгэрүүд чинь шударга үнэний талд бат зогсдог, худал хуурмагийг үздэггүй юм шүү дээ. Гуравт, онго тэнгэртэй хүнд хөтөч болж, угийн их тэнгэртэй нь уулзуулж таниулж өгөхийг бол хийж болж байна аа. Тэгэхдээ хаа хамаагүй юмыг хүнд аваачиж наахыг бол зөвшөөрөхгүй. Арын үр дагавар нь хаа хаанаа муу. Тэрнээс биш огтоос онго тэнгэргүй мөртөө надад ямар ч хамаагүй онго олоод өгөөч, би бөө л болмоор байна гэх хүн таарч л байдаг юм. Ар нь их хатуу л даа. Хүсэх юм биш. Бусад олон бөөг ч гэсэн тийм нүгэл битгий үйлдээрэй гэж захья. Эзэнгүй сүнсэндээ ч муу, энэ биеэ өгч байгаа хүндээ ч муу, холбож замчилсан бөөдөө ч муу шүү. Тэгж давхар, давхар нүгэл хийгээд яах вэ. Сураг сонсоход ийм төрлийн үйлээр дагнасан улс ч байгаа юм шиг. Ээ дээ, тусгүй шүү. Эртхэн наад нүгэлт үйлээ зогсоо гэж хэлмээр байна.


  • - Одоогийн бөө нар Тулга, Жамц өвөөг, Янжмаа, Дулмаа эмээг буулгаж байна гээд л сүйд болдог. Тэр ч бүү хэл, нас барсан аав, ээж, хамаатан саданых нь сүнсийг буулгаад уулзуулж байна гээд байх юм билээ. Үнэхээр нас барсан хүний сүнсийг биедээ буулгаж болдог юм уу?

Бөө бөөгийн буулт өөр бүжин туулайн харайлт өөр гэж үг байдаг. Миний бодлоор тийм зүйл байхгүй. Хүний сүнсийг тэр тусмаа хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн сүнсийг үнэхээр л оруулж ирдэг юм бол С.Зоригийн сүнсийг оруулаад үхлийн шалтгааныг нь асууж болно шүү дээ. Ингэсэн тохиолдол ганц ч байхгүй л байна шүү дээ. Тийм учраас энэ бол худал зүйл юм.

  • - Таны тодорхойлолтоор бөө хүн гэж ямар шинжийг агуулсан хүнийг хэлэх вэ?

Бөө хүн шинж агуулдаггүй. Харин бөөгийн өвчнөөр өвчилдөг. Бөө хүн гэдэг бол цаанаасаа тусгай төрдөг. Бүтэлтэйгээр бөөгийн сахиус ирдэггүй юм. Энэ ямар учиртай юм гэхээр онгод тэнгэр хувь тавилангийнхаа эрхээр л тухайн хүнд заяагддаг зүйл юм. Онгод тэнгэрээ сайнаар залаад авч явахгүй бол тухайн хүнд сайнаар нөлөөлдөггүй. Харин сайнаар залаад явбал амьдрал нь сайн сайхан явдаг.

  • - Та сая онгод тэнгэрээ сайнаар залаад явбал сайхан амьдардаг гэлээ. Зарим хүмүүс бөөгийн сахиусаа аваад л учиргүй бэл бэнчинтэй баян болчихдог. Энэ хэр шударга зүйл юм бол доо...

Амьдрал нь сайн сайхан явна гэдгийг би эд хөрөнгөтэй баян болно гэдэг утгаар хэлээгүй юм шүү. Хүн эрүүл, элэг бүтэн, идэх хоолтой л явбал болоо биз дээ. Жинхэнэ бөө бол цусан төрөлдөө хагацал үздэггүй. Мэдээж хүн мөнх биш учраас настай, хөгшин хүмүүс нь хорвоогийн чамаар нас эцэслэлгүй л яах вэ. Гэхдээ залуу хүмүүс нь бол зуурдаар оддоггүй юм. Би бөөлсөн цагаасаа хойш цусан төрөл дотроо үхлээс хол байгаа хүн. Энэ зүйлийг зөв авч явбал хүнийг буруудуулдаггүй юм. Гэхдээ бөө гээд нээх өндөр үнэ тариф хэлээд хүний зовлонгоор нь далимдуулаад тийм засал, ийм засал гэж худлаа яриад мөнгө идээд баяжаад байж болохгүй л дээ. Хүнд чинь үлдэх, үргэлжлэх амь амьдрал, үр хүүхэд  гэж бий. Хийсэн муу үйлээ хүн хэзээ нэгэн цагт эргэж төлдөг. Би үр хүүхэд ач нартай болохоор тийм зүйлээс болгоомжилдог. Чи миний энэ муу байшинг хар л даа, гадаа байгаа машиныг хар, 34 жил бөөлөхдөө би хүнд “тэдэн төгрөг” өг гэж нэг ч удаа хэлж үзээгүй.

  • - Гэхдээ бөө нар өргөл барьц авахгүй бол болдоггүй юм биш үү?

Удам дамжсан зовлон муу үйлийг нь засаж өгсөн бол байж болно. Тийм тохиолдолд баярласан талархсаны илэрхийлэл гэж өгдөг байх. Тэр авилга, хахуул биш шүү дээ. Гэхдээ мэдээж хүмүүс сэтгэлээрээ л өргөл барьц өгдөг. Түүнээс тариф тогтоогоод, “тэдийг өгчихөөрэй” гэх бол буруу л даа.


  • - Тэгэхээр та ямар нэгэн үнэ тарифаар үздэггүй байх нээ дээ...

Надад тийм зүйл байдаггүй ээ.

  • - Зарим бөө нар хараал хийдэг гэлцдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

Тэр хараалыг чинь хийнэ гэвэл тодорхой цаг нар, өдөртэй хийдэг. Далайн түвшнээс доош, агаарын даралт гэх мэтчилэн газар зүйн мэдлэг их хэрэгтэй. Хараал явж өөрт, хадаг явж овоонд гэдэг үг бий. Би хүн харааж үзээгүй биш, үзэж байсан. Тэгсэн миний хараасан хүн үхдэггүй. Яагаад гэхээр элэг бүтэн хүний хараал хүнд тусдаггүй юм билээ. Тэгэхээр энэ лав миний хийх ажил биш. Эргээд өөрт бас, үр хүүхдэд ирдэг их муу үр дагавартай зүйл гэж боддог.

  • - Онгод сахиус гэж ямар утгатай зүйл юм бэ. Энгийн үгээр тайлбарлавал...

Наадах чинь учир нь олдоггүй зүйл дээ. Онгодыг социолизмийн үед н.Бадам гэж хүн судалсан юм билээ. Дараа нь О.Пүрэв багш их судалсан. Сүүлийн үед миний дүү зайран Ч.Чинбат, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид гэх мэтчилэн хүмүүс их судалж, ард түмэнд хүргэхийг хичээж байгаа. Онгод тэнгэргүй бөө гэж байдаггүй. Бөө гэдэг нь дотроо олон салаатай. Гэхдээ онгодтой хүн бүхнийг мэднэ гэж үгүй. Мэддэггүй зүйл бас бидэнд бий.

  • - Та мэдээж 34 жилийн хугацаанд олон засал хийж ирсэн байх. Санаанаас ер гардаггүй засал байдаг уу?

Хэд хэд байдаг шүү. Архангай аймгийн Хайрхан сумын Шагдар гэдэг сохор өвгөн байсан юм. Найман жил юм хараагүй байж байгаад засал хийгээд хараа орсон. Мөн 1999 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Н.Дашзэвэг гэж хүнийг “нарийндах” өвчин туссан байхад нь засал хийгээд гурван жил амьдруулсан. Бас Сэлэнгэ аймагт нэг өвгөнийг хараагүй байсныг хараа оруулсан байдаг юм. Гэхдээ Сэлэнгэ аймагт нэг өвгөнийг бас алж байсан. Яасан гэхээр бие муутай хүн байсан л даа. Тэгээд намайг залж очоод засал хийхэд тэр шөнөө өнгөрчихсөн юм. Би тэр үед туршлагагүй ч байсан л даа. Бие муутай хүнийг шууд эдгээх гэж оролдсон нь буруудсан. Өөрөөр хэлбэл өвчин, онгод хоёр тэрсэлдсэн хэрэг л дээ.

  • - Өөр таны засал хийсэн хүн нас барж байсан тохиолдол бий юу?

Хугацааг нь хожимдож очоод дийлээгүй тохиолдол зөндөө бий. Түүнээс хугацаа нь болоогүй хүнийг бол алдаж байсан удаа байхгүй.

Нэг хүн олон сахиус буулгаж байгаа бол тэр “дон” юм...

  • - Манайхан далдын хүчинд итгэдэг, мухар сүсэгтэй улс. Зарим нь бүр бүхий л амьдралаа лам, бөөгөөр заалгаад л явж байгаа харагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

Монголчууд амьдрах их нарийн ухаантай ард түмэн. Үүн дээрээ тулгуурлаж дотор хүнтэйгээ сайн ярих хэрэгтэй. Түүнээс бүх зүйлээ лам, бөөд даатгаж болохгүй л дээ. Авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй байх. Гэхдээ хүн шүтлэгтэй байх хэрэгтэй. Ядаж л уул, овоогоо тахих гэдгийг мэддэг байх нь хожим хойно хэрэгтэй юм.

  • - Бөө, лам хоёрыг харшилдаг гээд л бөө болж байгаа хүмүүс эцэг, эх өвөг дээдсийнхээ хэдэн зуун жил дамжиж шүтэж, дээдэлж ирсэн бурхан, судрыг нь шатаачихсан тохиолдол хүртэл гарсан. Үнэхээр тэгж харшилдаг юм уу?

Харшлах зүйл байхгүй. Нийгэмийн үзэл явдалтай холбоотой хоорондоо тэрсэлдэж байсан үе бий. Энийг л хүмүүс дэвэргэж яриад байгаа юм. Бид хэдийгээр ах дүүгээрээ бөө ч гэсэн ламаар хийлгэх засал байж л байдаг. Өвөө маань лам байсан. Өвөөгийн минь ээж удган байсан. Тэглээ гээд бид аль нэг талыг нь барьж тэрсэлдээд байсан удаагүй. Харин ч лам өвөөгийнхөө ном судрыг нь лам залж “тоослуулаад”, бурхан шүтээнийг нь дээдлэх ёстой улс нь залаад л явдаг. Тэглээ гээд буруудсан л юм алга.


  • - Сүүлийн үед бөө нарын нэр хүнд нэлээд уначихлаа. Ямартаа л “айл болгонд л нэг архичин, фэйсбүүкчин, бөө гурвын нэг байна” хэмээн хошигнох вэ дээ.  Би л хувьдаа энэ олон бөө нарыг чадвартай гэхэд эргэлздэг л дээ...

Бөөд ам муутай байхаас арга алга л даа. Жүжигчид их байна. Хар нүдний шил зүүгээд хар машин машин унаад л явдаг сонирхолтой хүмүүс их байна. Дампуурсан, ажлаасаа халагдсан, авгайгаасаа хөөгдсөн бүхэн бөө болох алба байхгүй биз дээ. Газар дэлхий, уул ус, лус савдгаа ухаж байгаа энэ цэвүүн цагт алтан дэлхийн агаар хүн бүхэнд хүрэлцэхгүй. Хүссэн хүн бүр бөө болдоггүй. Нийгэмдээ атаа хорсол их учраас цахилгаан соронзны улмаас хий зүйл хардаг. Үүнийг дагаад олон бөө төрөөд байгаа юм.

  • - Бөө биш хүнийг бөө болгочихвол яах вэ?

Тэгж болохгүй л дээ. Хэрвээ тэгвэл жүжигчид л төрнө шүү дээ. Барилдах ёстой бөх л барилддаг шиг болох ёстой онгод тэнгэртэй хүн л бөө болдог юм. Харамсалтай нь сүүлийн үед шуналаасаа болоод бөө биш хүнийг “чи бөө” гэж хэлээд нөгөөх нь ч дүрдээ итгээд бөө болгоод нэлээд хэдэн төгрөг “халаасалчихдаг” болж. Ингэж болохгүй ш дээ. Тэгээд л 60, 70-аар нь “чанарт” явуулна ч гэнэ үү. Нэг дор бүгдийг нь бөөлүүлээд л солиордог болсон байна. Тэгж болохгүй ш дээ. Тэр бол үнэхээр байж болохгүй зүйл. Тэр байтугай нэг голын дэнж дээр хоёр бөө бөөлж болдоггүй юм.

  • - Яагаад...

Онгод нь өөр. Төрсөн цаг нь өөр учраас зэрэг бөөлнө гэж байдаггүй юм.

  • - Бас нэг хүн мөртлөө дөрөв, таван сахиус биедээ ээлжлээд буулгаад байдаг юм билээ. Тэр ямар учиртай юм бэ?

Тэр бол ямар ч боломжгүй зүйл. Тийм хүнийг би дүрдээ хэт их итгэчихсэн хүн байна гэж хэлнэ. Хүн “дон” тусна гэж байдаг шүү дээ. Хүний хамгийн сайн дон бол ажил хийх “дон” гэдэг. Түүнтэй нэгэн адил дүрдээ хэтэрхий итгэснээс л тийм зүйл бий болдог. Энэ бол их буруу юм.

  • - Танай дархад нутгийнхан “явган бөөлөх” гэж их ярьдаг юм билээ. Тэр нь чухам яаж бөөлнө гэсэн үг юм бэ?

Хуураараа бөөлж байна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл хэнгэрэггүй бөөлөхийг хэлдэг юм. Хуураар бөөлөөд ирсэн онгод нас ахиад эрхээр эзэндээ үзэгдэж, хүнд очиж үйлчлэхээ байчихдаг талтай. Ийм учраас унтахдаа ирсэн онгодоо хашаандаа хийж аваад л харьцдаг. Хэнгэрэг гэдэг нь нэг үгээр хэлбэл хашаа нь юм.

  • - За, хоёулаа бөөгийн тухай баахан ярилаа. Энэ сэдвийг орхиод Чингис гэдэг хувь хүний тухай бяцхан тодотгол хийе. Таныг дөрвөн төрлөөр спортын мастер болсон бас нэг өвөрмөц амжилттай хүн гэлцдэг юм билээ...

Хэрэг байна уу даа. Өөрийгөө магтсан болох вий. Аравдугаар ангийн сурагч байхдаа хөнгөн атлетикийн төрлөөр спортын мастерын болзол хангасан. 1987 онд тэшүүрийн улсын аваргын тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж спортын мастер болсон. 1988 онд цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар байрт орж энэ төрлөөрөө спортын мастер болсон. Ингэж спортын гурван төрлөөр мастер хийсэн юм. Харин дөрөв дэх буюу олон улсын хэмжээний мастер цолоо бөхөөр авсан. Самбо, жүдогоор нэлээд үзсэн. Даанч 60 кг-ын жинд тэр үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй дэлхийн аваргууд байгаад гарч улсад түрүүлж чадаагүй. Гэхдээ олон улсын хэмжээний мастер болсоон, хөөрхий. Шинэ цэрэг байхдаа улсын наадамд гурав давж байлаа. 60 кг-ын жижигхэн биетэй хүнд бол чамлахааргүй амжилт. Цэргээс очсон жил сумын наадмын засуул өвгөн “Цэргийн хүүхдийн хөл нь чанга байдаг юм” гэж хэлээд чирч аваачаад барилдуултал үзүүрлээд начин болчихдог юм. Дээд тал нь улсын цолтныг давж, доод тал нь сумын наадмын нэгийн даваанд зургадугаар ангийн хүүхдэд унаж байж дээ.

  • - Та гэр бүлээ танилцуулаач...

Би хоёр хүүтэй, хоёр хөөрхөн ачтай хүн. Миний эхнэр эмнэлгийн газар насаараа ажилласан хүн байдаг.


  • - Хүүхдүүдээс нь таныг залгаж бөө болох шинж ажиглагдах юм уу?

Хоёр хүүгийн том нь бөө болсон. Багшаа олоод явж байгаа гэсэн. Надтай тэр онгод тэнгэрийн талаараа огт ярьдаггүй юм.

  • - Аав нь бөө байхад яагаад өөр багш авсан юм бол...

Аавыгаа багшаа болгож болохгүй л дээ.  Яагаад гэвэл хүн өөрийнхөө цусан төрөл дотроос эхнэр авдаггүйтэй ижил юм. Бөөгийн дэг, ёсонд тийм зүйл байж болдоггүй. Би хүүгээ бөө болсныг нь бол  мэдэж л байсан. Хүү маань одоо төрд ажил хийгээд бөөгийнхөө ажлыг нэг их хийдэггүй. Ээж нь нэг удаа “Миний хүү хуураа залаад бөөлөх хэрэгтэй юм биш үү...” гэхэд “Аав бөөлж байгаа биз дээ” гэж хэлнэ лээ. Өөрөөр хэлбэл аав минь бөөлж байхад би хэрэггүй гэсэн утга л даа. Тэгэхээр намайг “нүд аньсан” хойно удам угсаагаа залгаад бөөлөөд явах байх гэж боддог юм.

  • - “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, СНЭ-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид тэргүүтэй хүмүүс таны шавь гэж сонссон юм байна. Та ер нь хичнээн шавьтай вэ?

Хорь гаруй шавь байгаа. Нөгөө эмч хүн өвчтөний нууцаа хэлдэггүй гэдэг шиг би шавь нарынхаа нэрийг зарлаад байдаггүй юм. Ер нь ч нэг их олон шавь нар  байхгүй л дээ. Чанартай, сайн хэдхэн шавьтай байхыг эрмэлздэг.

  • - Ингэхэд та бөө болохгүй хүнийг бөө байна гээд буруу таньж байсан удаа бий юу?

Ёстой тийм тохиолдол байхгүй шүү. Эхлээд намайг зориод ирсэн хүнийг чулуу татаж үзээд мөн бишийг нь тодорхойлдог. Дараа нь гурван хоног мах, амьтны гаралтай зүйл идүүлэхгүй, нүглээс нь ангижруулж байгаад яг мөн эсэхийг нь тодорхойлдог юм. Тиймээс андуурсан удаа үгүй.


  • - Багш нар шавь болж буй хүнээсээ ихээхэн өргөл барьц авдаг гэж сонссон юм байна. Таны хувьд ямар байдаг вэ?

Тэр хувь хүний л мэдэх хэрэг ш дээ. Түүнээс тэдэн төгрөгийн өргөл барьц авна гэж хэлэх нь зохимжгүй юм. Миний шавь нар мөнгө аяга, мөнгө төгрөг, эд зүйл, хүнс хоол гээд янз бүрийн л зүйл өгдөг. Хүн, хүн өөр, өөрийн боломж бололцоогоороо л өгдөг дөө.

  • - Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд гялайлаа. Магадгүй та бид хоёрын яриаг уншаад таныг зорьж очих хүсэлтэй хүн байж магад. Тиймээс та холбогдох утасны дугаараа үлдээх боломжтой юу?

За, та бүхний ажилд бас өндөр амжилт хүсэн ерөөе. Миний дугаар 95111936.

Ярилцсан: С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Ч.Чингис: Тэгвэл С.Зоригийн сүнсийг буулгаад хэн алсныг нь асуучихгүй яасан юм...