ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДГҮЙГЭЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛДЭГ БОЛНО

Нийгэм, Эдийн засаг Admin TodayӨчигдөр8670

Хятадын эрдэмтэд анагаах ухаанд цоо шинэ гэж хэлж болох нэгэн гайхалтай туршилтыг хийж бусад орны эрдэмтдийн толгой дээр цахиур хагалсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Учир юу гэвэл манай урд хөршийн эрдэмтэд хоёр хулганы дундаас цоо шинэ үүлдэрийн хулганыг гаргаж авчээ.

Ингэхдээ хамгийн гайхалтай нь шинэ төрлийн хулгануудын эцэг, эх хоёр нь хоёулаа эм хулганууд аж. Шинжлэх ухаанд энэ боломжтой гэж үү хэмээн олон хүн эргэлзэн асуух нь мэдээж. Тэгвэл хятадууд ДНК-ийн хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглан хоёр эм хулганад үр тогтоосон бөгөөд нийтдээ 29 бяцхан хулгана хорвоод мэндэлснээс одоогийн байдлаар 12 нь амьд сэрүүн бойжиж байгаа гэнэ. Нэн шинэ төрлийн хулганууд бидний сайн мэдэх энгийн хулганаас илүү туранхай биетэй болохоос царай зүсний хувьд яг ижилхэн тухай BBC мэдээлжээ.

Хэдийгээр хятад эрдэмтэд энэхүү туршилтандаа эр хулганы үүдэл эсийг ашигласнаа нуухгүй байгаа ч эндээс ямарваа нэг эр амьтны үрийн шингэнийг зохиомлоор гарган авч болно гэдэг дүгнэлт гарч ирж байна. Шинжлэх ухаанд цоо шинэ нээлт болсон энэ туршилтаас өөр ч олон эгэл биш асуулт урган гарч ирэх нь мэдээж. Нэгэнт эм хулганууд эр хулганы туслалцаагүйгээр хээлтэж, улмаар эсэн мэнд төрж болж байгаа юм чинь эмэгтэй хүмүүс ч бас эрчүүдийн оролцоогүйгээр жирэмсэлж, хүүхэд төрүүлж болно гэсэн үг үү.

Харин энэ асуултад ДНК-ийн судалгаа шинжилгээ ахиад жоохон л хөгжчихвөл яагаад болохгүй гэж хэмээн зарим эрдэмтэд хариулж байна. Учир нь хулгана бол амьтад дотроос хүний бие организмтай хамгийн ойролцоо зохион байгуулалттай амьтан. Тиймээс ч дэлхийн бүх орны эрдэмтэд аливаа шинжлэх ухааны туршилтыг хүнээс урьтаж хулгана дээр заавал хийдэг бичигдээгүй хуультай.

Нэгэнт эм хулганууд эр хулганы тусламжгүйгээр үр тогтож болж байгаагаас хойш ирээдүйд эмэгтэй хүн эр хүнийг царай алдахгүйгээр хүүхдээ төрүүлэх бүрэн боломжтой гэдэг гаргалгаанд хятад эрдэмтдийн туршилт хүргэлээ. Гэвч хэргийн гол учир нь хэрвээ ирээдүйн эмэгтэйчүүд эрчүүдгүйгээр хүүхэд төрүүлээд эхэлвэл энэ хорвоо ертөнцийн утга учир алдагдахад хүрнэ шүү дээ хэмээн зарим хүмүүс, ялангуяа шашны зүтгэлтнүүд хятадуудын туршилтыг тун ч дурамжхан хүлээн авсан тухай зарим хэвлэлд бичжээ.

Эх сурвалж: BBC, South China Morning Pos

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДГҮЙГЭЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛДЭГ БОЛНО