АТГ-ынхан "Тавантолгой"-н удирдлагуудыг шалгаж эхэллээ

Улс төр Admin Today2018-10-23 10:44:35414
Сүүлийн хэдэн сар АТГ-ынхан экс улстѳрчид болоод тѳрийн байгууллагуудын удирдлага болон удирдаж байсан албан тушаалтнуудад нэлээд ширүүн байгаа билээ. Шил дараалсан баривчилгаануудыг хийж, томоохон байгууллагуудад нэгжлэг шалгалт хийгээд байгаа тус газрынхан “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг зүгээр үлдээсэнгүй. Тодруулбал АТГ-аас тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүнийг ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна.


УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн ордоос 340 мянган тонн нүүрс хулгайд алдсан, үүнийг нь холбогдох байгууллагууд нотолсон хэмээн мэдэгдэж, АТГ-аар шалгуулахаар өнгөрсөн гуравдугаар сард хандаж байсан билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар прокурорын байгууллагын эх сурвалжууд хэллээ.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийнхөө эзэмшлийн “Тавантолгой транс” ХХК-д нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлсэн.

2010-2017 онд “Тавантолгой транс” ХХК-иас авах авлагаас хоорондын тооцоо нэрээр 17.8 тэрбум төгрөг авалгүй хаасан, тус тээвэрлэгч компанийн экспортолсон нүүрсний хэмжээ “Тавантолгой” ХК-ийн борлуулсан хэмжээнээс зөрүүтэй гарсан” зэрэг үйлдлийг шалгаж байгаа. Санхүүгийн нэлээд олон зүйл шалгах учраас хугацаа шаардах байх гэсэн юм.

Нүүрс алга болсон хэргийг 2013 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж, Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт, 2010-2011 онд хоосон машинууд хилээр гарч, БНХАУ-ын талд очоод нүүрс ачсан гэх бүрдүүлэлтээр нэвтэрдэг байсныг тогтоосон ч тухайн үеийн өндөр албан тушаалтнууд нөлөөлж хэргийг хаалгаж байсан гэдэг.

Ийн ямартаа ч АТГ-аас "Тавантолгой"-н удирдлагуудыг ухаж тѳнхѳж эхэллээ. Ямар хариу гарах нь тун удахгүй тодорхой болох биз ээ...

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

АТГ-ынхан "Тавантолгой"-н удирдлагуудыг шалгаж эхэллээ