Монгол улс амиа хорлолтоор Дэлхийд "ГУРАВТ" эрэмбэлэгдэж байна

Нийгэм, Эдийн засаг Admin Today2018-10-24 12:24:16322

Сүүлийн жилүүдэд амиа егүүтгэх үйлдэл ихсэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Амиа егүүтгэж байгаа иргэдийн дийлэнх нь 15-44 насныхан бөгөөд амиа егүүтгэл нь залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж байгаа ажээ. Монгол улсад амиа хорлосон гэх явдал төдийлөн их сонсогддоггүй ч хэдийнээ аюултай түвшинд ирснийг сүүлийн үеийн судалгаа, тоо баримт өгүүлж байна. Тодруулбал Монгол улс амиа хорлолтоор Дэлхийд "ГУРАВТ" эрэмбэлэгдсэн бөгөөд нийт амиа хорлолтын 80% нь эрчүүд /20-35 нас/ байна гэсэн судалгааг Статистикийн үндэсний хорооноос гаргасан байна.


ДЭМБ, олон улсын судалгаануудаас харахад ид сурч боловсрох, хөдөлмөрлөх насны залуусын нас баралтын зонхилох шалтгаан амиа егүүтгэл байдаг. Манай улсад ч энэ байдал мөн харагдаж байна.

Монголд нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчин, хавдар гээд дараалаад явдаг. Тэгвэл залуу хүний нас баралтын шалтгааны номер нэг, эсвэл хоёр, гуравт амиа егүүтгэл ордог. Ерөөсөө л эхний гурван байрт эрэмбэлэгдсээр байгаа. Олон улсад нийт нас баралтын шалтгааныг эрэмбэлэхэд амиа егүүтгэл 10 дугаарт эрэмблэгддэг бол манайд амиа егүүтгэл нас баралтын шалтгаануудын 6 дугаарт бичигдэж байна. Дэлхийн дунджаас дээгүүр гэсэн үг. 


Амиа егүүтгэх үйлдлийн гол шалтгаан нь юу вэ...


Амиа егүүтгэх үйлдэлд маш олон төрлийн шалтгаан байдаг. ДЭМБ-ын судалгаагаар хөгжингүй орнуудад амиа егүүтгэх үйлдлийн шалтгаан нь ихэвчлэн сэтгэцийн эмгэгүүд байдаг бол зарим азийн орнуудад сэтгэл хөдлөлийн шалтгаантай байдаг аж. Харин манай улсад хийгдсэн судалгаануудаас үзэхэд амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийхэд сэтгэцийн тулгамдсан асуудлууд буюу сэтгэцийн хямралууд голлох шалтгаан болсоор байна. Ийм учраас нь сэтгэлийн гэмтэл авсан, стресстэй, сэтгэл санааны хямралтай хүмүүс үүнээс өөр гарцгүй мэт бодож, асуудлуудаа шийдвэрлэж чадахгүйн улмаас, бусдаас тусламж хүсэх, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө хэн нэгэнд ойлгуулах сэдлээр, эсвэл би байхгүй болчихвол бүх асуудал шийдэгдчих юм шиг санадаг учраас дээрх үйлдлийг хийдэг аж.


Манайд амиа егүүтгэх оролдлого хийгээд хордлогын төвд эмчлүүлж байгаа иргэдийн 30 хувь нь давтан ирсэн байдаг байна. Яагаад гэвэл тэнд зөвхөн хордлого тайлах эмчилгээ л хийдэг аж. Амиа егүүтгэх оролдлого хийхэд хүргэсэн шалтгааныг эмчилдэггүй учраас дахин давтан оролдлого хийдэг гэнэ. Тиймээс ийм үед зайлшгүй сэтгэлзүйч хэрэгтэй байдаг байна. Түүнчлэн олон зуун сурагчтай сургуульд, эмнэлгүүдэд, албан байгууллагуудад сэтгэлзүйч хэрэгтэй байгаа юм. Стандартаар бол 50 буюу түүнээс дээш албан хаагчтай байгууллага сэтгэлзүйчтэй байх шаардлагатай байдаг аж. 

Гэр бүлээс нэг хүн нь амиа егүүтгэхэд хамгийн багадаа тэр хүний гэр бүлийн ойр дотны 6-10 хүн сэтгэлийн гэмтэл авдаг байна. Харин амиа егүүтгэл нь олон нийтийн газар үйлдэгдвэл хамгийн багадаа 100 хүн сэтгэлийн гэмтэл авдаг гэнэ.


Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргасан сэтгэл гутралтай байгаа эсэхийг оношлох асуулгыг хүргэж байна.

1. Сэтгэл санаа дундуур уйтгар гунигтай байна уу?

А. Тийм     Б. Үгүй 

2. Юм хийх идэвх сонирхолгүй аливаа зүйлд баярлах, бахархах сэтгэлгүй болсон  уу?

А. Тийм     Б. Үгүй 

3.Үг яриа, бодол санаа удааширсан уу?

А. Тийм     Б. Үгүй 

Хэрэв дээрх шинжүүдээс аль нэгэн шинж тэмдэг нь байвал цааш нь үргэлжлүүлэн хариулна уу.

1. Гүн унтаж чадахгүй эрт сэрэх тохиолдол байна уу?

А. Тийм     Б. Үгүй 

2. Хоол идэх дур буурсан уу?

А. Тийм     Б. Үгүй 

3. Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна уу?

А. Тийм     Б. Үгүй 

4. Сэтгэл санаа гутранги боловч үе үе бухимдах байдал илэрдэг үү?

А. Тийм     Б. Үгүй 

5. Амьдралд болон өөртөө итгэх итгэл алдарсан мэт мэдрэмж төрдөг үү?

А. Тийм     Б. Үгүй 

6. Амиа хорлох эсвэл үхэх бодол төрж байсан уу?

А. Тийм     Б. Үгүй 

7. Амиа хорлох төлөвлөгөө зохиох буюу амиа хорлох оролдлого хийж байсан уу?

А. Тийм     Б. Үгүй 

8. Бусдын амь насанд хор хохирол учруулах бодол төрдөг үү?

А. Тийм     Б. Үгүй 

9. Өөрийгөө бусдын өмнө буруутай гэж, өөрийгөө бусдаас доогуур. муу хүн гэж боддог уу?

А. Тийм     Б. Үгүй 

Та доод тал нь 6-д "Тийм”  гэж хариулж байвал сэтгэл гутралтай байна гэж үнэлнэ. Сэтгэл гутрал нь элбэг тохиолддог, эмчлэгдэх боломжтой тул та сэтгэлзүйчид хандана уу.

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.today.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Хямрал
2018-11-01 13:27:02

Uun deer niit 12asuultiin 11-d ni tiim gej baina,nadad tuslaach humuusee...........!?

Монгол улс амиа хорлолтоор Дэлхийд "ГУРАВТ" эрэмбэлэгдэж байна