АН-ыг шинэчлэгчдийн үнэн нүүр царай

Улс төр Монгол Админ 2017 02 сар 17 498

Энэ үгийг Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид бүгд хэлж байсан. Хэвлэлүүд түүнийг нь тоть шиг давтсан. “Одоо л энэ нам фракцуудаасаа салахгүй бол зөрчил, тэмцлээсээ болж сөнөх нь, мөхөх нь” гэлцэж байв. 


Өнөөдөр яг энэ үгийг хэлж, үсгийн зөрүүгүй нийтэлж байсан хэвлэл, хувь хүмүүс 180 градус эргэчихсэн явна. “Энэ фракцдаа тийм даргаа өг, энэ даргаа өг. Үгүй бол АН задарлаа, сүйрлээ” гэнэ. Цөөн улстөрчийн амнаас л “Бүх гишүүдээсээ сонгогдсон дарга л АН-ыг фракцуудынх нь зөрчлөөс ангижруулж, цул хүчин болгож чадна” гэсэн үг цухалзаж байна. Тэд бол энэ нам доторхи эрүүл хэсэг нь. Харин хуучнаа дурсаж, эрх мэдлээ санагалзсан лидерүүд болоод түүнийг тойрон хүрээлэгчид намын гүйцэтгэх болон удирдах албан тушаалуудыг  фракцууддаа тэгш хуваарилахыг ил цагаан шаардаж байна.

Тэдний хэлж байгаа, хэвлэлээр дайж байгаа  үг өгүүлбэрээс тулган шаардсан, гуйж аргадсан, бас айдас мэдрэгдэж байна. Өнөөдрийг хүртэл тэр хүмүүс албан тушаалын бялуу хуваарилахад амттай, томоохон хэсгийг нь хүртэж явсан хүмүүс. Тиймээс өмнө нь хашиж явсан албан тушаалын дайтай “бялуу” хүртэхийг хичээж, басхүү хоосон хоцрох вий гэсэн айдастай яваа биз.

Энэ тодорхойлолтод багтаж буй хүмүүс бол намын шинэчлэлийн талаар “А” ч үгүй яваа хүмүүс гэвэл зохино. Тэд зүгээр л “Шинэчлэл” гэсэн хайрцаганд багтаж, шошгон дээр нь нэрээ бичүүлэхийг хүссэн хүмүүс бололтой. Хэрэв АН-ын шинэчлэлийн хайрцаганд юу юу багтсаныг задлаад нэг харчихсан бол албан тушаалын төлөө ингэж улайран тэмцэлдэхээсээ ичих байсан биз. Тэдний хувьд айдас, АН-ын гишүүдийн хувьд аврал нь болсон шинэчлэлийн гол зарчим бол “Аливаа асуудлыг гишүүдээрээ шийдүүлэх”.
АН-ын даргын сонгуулийг бүх гишүүдийн дунд явуулсан нь энэ шинэчлэлийн эхний бөгөөд гол алхам байв. Ингэснээр бүх гишүүдээсээ сонгогдсон дарга ямар нэгэн фракцад үйлчлэх шаардлагагүй болсон. Өмнөх шиг ҮЗХ-ны 220 гишүүний царайг харж, огцруулчих вий гэсэн айдастай явах хэрэггүй болсон. Тиймээс одоогийн Ардчилсан намын даргын уламжлуулан авч явах ёстой гол зарчим бол бүхнийг гишүүдээрээ шийдүүлэх. С.Эрдэнэ ч чингэхээ мэдэгдсэн. Тэр бүү хэл шинэ дарга С.Эрдэнэ "гал тогоо"-гоо барих хүнээр Ц.Тувааныг томилсон. Ц.Тувааныг намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, ирэх тавдугаар сард хуралдах намын VIII их хурлаар батламжлахаар болсон юм.

С.Эрдэнэ намын даргын сунгаанд ялсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Мэдээллийнхээ үеэр "Миний хувьд намын үндсэн дүрмийн болон бүтцийн шинэчлэлийг яаралтай хийх ажлаас ажлаа эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байгаа учраас яаралтай зохион байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Халаа сэлгээг урьтал болгохгүй" гэж байсан юм.

Гэвч түүний хэлсэн үг хараахан биелэлээ олсонгүй. Түүний "гал тогоог" барьж буй эрхэм Ц.Туваан анхныхаа тушаалаар намынхаа Хэрэг эрхлэх газрынхныгаа тэр чигт нь халсан.  Үүнтэй зэрэгцүүлэн томилгоогоо хийхээ ч мартаагүй юм. Тэрбээр тушаал гаргаж, Хууль, дүрмийн бодлогын газрын даргаар Б.Батхуягийг, Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын даргаар Э.Одбаярыг, Өмч, санхүүгийн хэлтсийн даргаар Ч.Чулуунчимэг нарыг томилоод байна. Одоогийн байдлаар намын нярав, жижүүр, үйлчлэгчээс бусад 40 гаруй хүн халаа сэлгээнд өртсөн гэх мэдээлэл байна.

Мэдээж Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт “Шонхор” фракцынхан голлох үүрэгтэйгээр томилогдож буйд намын зарим удирдлагууд ихээхэн дургүй байгаа аж

Тиймээс “Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Бүх гишүүдийн саналаар шийднэ” гэж мэдэгдсэн болов уу. Түүнчлэн нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны дарга нарыг ч тухайн намын хорооных нь гишүүдийн саналаар тодруулахаа мэдэгдээд буй.

Энэ нь АН-д ч, гишүүдэд нь ч ашигтай хувилбар. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин хэнд хохиролтой вэ гэвэл намын хорооныхоо гишүүдийг ч бүрэн танихгүй, анхан шатандаа ажиллаж, тэдний жаргал зовлонгоос хуваалцаж үзээгүй хүмүүст л хохиролтой. Тиймээс л намын аль нэг шатны байгууллагын дарга болж, байр сууриа алдахгүй байхыг чармайж байна. Ардчилсан намаа шинэчилье гэвэл анхан шат руугаа оч, гишүүдтэйгээ танилц, тэдэнтэйгээ хамтарч ажилла, тэгээд хүссэн албан тушаалынхаа төлөө өрсөлд. Гишүүдийнхээ итгэлийг хүлээж чадвал дахин дахин сонгогдоод бүх насаараа тэндээ даргаа хийсэн ч болно. Гишүүд чинь итгэл алдарч, үнэлэхээ больсон цагт харин хэл амгүй албан тушаалаа өгч сур. Энэ л АН-ын шинэчлэлийн суурь зарчим.

Гол түлхүүр нь. Өөрөөр хэлбэл, АН фракцуудаасаа сална гэж байгаа нь гишүүдээ хөөж, задрал руу түлхэж байгаа гэсэн үг биш юм. Энгийнээр тайлбарлавал, албан тушаал, аливаа амбицаа гүйцэлдүүлэх зорилгоор фракцалж, намын хороо гэсэн цөөн хүнийг багцалж, өөдөө гарах гишгүүр болгодог цаг өнгөрсөн. Гишүүд рүүгээ, анхан шат руугаа очиж ажилла. Мэдлэг чадвараараа гишүүдийнхээ итгэлийг хүлээж ажилла л гэсэн үг. Тиймээс АН одоо л фракцгүй болдог цаг. Эс бөгөөс амбицаа дарж чаддагүй, албан тушаалаас өөр юм боддогүй хувь хүн, ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэглэлүүд нь энэ намыг сүйрүүлж байж л сална. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 02 сар 17

kkkkkkk hoorhii Chuluunchimegteigee niilj namiinhaa mongiig tonshih ni dee hoorhii ERDENE