Мэргэжлийн хяналтынхан зөвлөлдөж байна

Улс төр Монгол Админ 2017 02 сар 17 185

Монгол Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн 2017 оны хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж байна. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, хилийн боомтуудын удирдлага нийт 100 хүн оролцож байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь Монгол Улсын 104 хууль, олон улсын 42 гэрээ, УИХ, Засгийн газрын 314 тогтоол, үндэсний 2669 стандарт, 753 дүрэм, журам, 338 норм, нормативын хэрэгжилтэд 32 чиглэлээр хяналт тавьж ажилладаг.

Өнгөрсөн хугацаанд цахим хяналтын системийг нэвтрүүлж, хяналт шалгалтын явц, үр дүнг ил тод, нээлттэй болгох, энэ үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр 2017 онд хийх төлөвлөгөөт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах аж ахуйн нэгж, байрууллагын тоо өмнөх оныхоос буурч, 5000 орчим аж ахуйн нэгж хяналт шалгалтаас чөлөөлөгдлөө.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны хорио цээрийн байгууллагын удирдлагуудтай ажлын уулзалт хийж, 1 сая юанийн санхүүжилтээр Замын-Үүд боомтод Ариутгалын пункт барих асуудлыг хэлэлцэн тохиролцсон нь тус боомтоор халдварт өвчин, хорио цээртэй зүйл нэвтрэхээс сэргийлэх, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгалыг түргэтгэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой.

АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд  Монгол Улсын хилийн 15 боомт дээр цацраг илрүүлэх төхөөрөмжийг суурилуулж, улсын хилээр цацраг идэвхт бодис, цөмийн материалд тавих хяналтыг хэрэгжүүлэх цацрагийн болон хилийн мэргэжлийн хяналтын 300-аад улсын байцаагчдыг сургаж дадлагажуулсан. МХЕГ-ын даргын санаачлагаар энэ төслийг цаашид үргэлжлүүлэхээр болж, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал болон бусад хилийн боомтуудад цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, гар багажаар хангах, сургалт зохион байгуулах асуудлыг хоёр талууд харилцан тохиролцсоны үр дүнд эхний ээлжинд 287 мянган ам.долларын өртөг бүхий цацрагийн байршил, бохирдол илрүүлэх орчин үеийн өндөр нарийвчлалтай багажуудыг хүлээн авлаа. Мөн 950 мянган ам.долларын өртөг бүхий  цацрагийн хяналтын төхөөрөмжийг шинэ нисэх онгоцны буудлын 22 цэгт суурилуулах ажлыг энэ оны долдугаар сараас эхлэхийн зэрэгцээ Замын-Үүд, Алтанбулаг боомтод улсын байцаагчдын сургалт хийхээр боллоо.

Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг МХЕГ-ын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс нэгдсэн байдлаар олгох журамд шилжүүлснээр төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг хангалаа.

НМХГ-т сургалтын төв шинээр байгуулж, улсын байцаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бололцоог бүрдүүлж хяналтын чиглэл бүрээр цахим болон видео гарын авлага, ном, эмхэтгэл, зөвлөмжөөр хангадаг боллоо

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, хэлэлцэх явцад бид идэвхтэй оролцож, хилийн боомтуудад хяналт шалгалт хийх дарааллыг Мэргэжлийн хяналтын байгууллагын онцлогт нийцүүлэн батлуулж чадлаа. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа 11 журмыг хүчингүй болгож, 8 журмыг шинэчлэн боловсруулж, Захиргааны ерөнхий хуультай нийцүүлсэн нь эрх зүйн хүрээнд авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ болсон юм.      

Мэргэжлийн хяналтын байгууллага 2017 онд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

Нэгдүгээрт, Мэргэжлийн хяналтын байгууллагын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, нийгэмд учирч болох аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана. Бизнес эрхлэгчдийг соён гэгээрүүлэх, зөвлөн туслах, тайлбарлан таниулах замаар тэдний хууль, мэргэжил, арга зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, эрсдлээс урьчилан сэргийлэх ухамсар, чадварыг төлөвшүүлэхэд бидний бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Хоёрдугаарт, Шилэн хяналтын цахим системийн хэрэглээг нэмэгдүүлж, хяналт шалгалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог хангах ажлыг сайжруулна. 

Гуравдугаарт, Мэргэжлийн хяналтын байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлнэ.

Дөрөвдүгээрт, Улсын байцаагчдын сургалтын үр дүнг дээшлүүлэх, арга хэлбэрийг боловсронгуй болгоход онцгойлон анхаарна. Онол, практикийг зөв хослуулсан хэлбэрээр сургалт явуулж, улсын байцаагчдад шинэ хандлага, сэтгэлгээг эзэмшүүлэх, албан ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхүйц мэдлэг чадвар, дадлыг бий болгох хэрэгтэй байна.

Тавдугаарт, Хяналт шалгалтыг эрх зүйн шинэчлэл, Засгийн газрын бодлого, зорилттой уялдуулан, төр, захиргааны байгууллагуудын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахад чиглүүлнэ. Энэ хүрээнд дараах чиглэлүүдээр тодорхой арга хэмжээ авч, бодитой үр дүн гаргасан байхыг онцгойлон анхааруулья.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх, мах, сүүний үйлдвэрлэлд шинэ технологи, тэргүүн туршлага нэвтрүүлэхэд чиг үүргийнхээ хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллана. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд эх орныхоо малын цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх, хүнсний чанар, аюулгүй байдал, хангамж сайжрахад томоохон түлхэц болно.

Спиртэн суурьтай ахуйн химийн бүтээгдэхүүн болон стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг иргэд хэрэглэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас санаачлан боловсруулж батлуулсан “Архидан согтуурахтай тэмцэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай.

Эх, хүүхдийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай, зарим аймгуудад өмнөх оноос ихээхэн хэмжээгээр өссөн байгаад дүгнэлт хийж, эмчилгээний чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлж, эх, нялхсын эндэгдлээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн засаг дарга, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулж ажиллах шаардлагатай.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бүх шатандаа анхаарч, хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоох, байгаль хамгаалах, баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна.

Барилга байгууламжийн бат бөх, найдваржилтын аюулгүй байдлыг хангах хүрээнд “Барилга байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам”-ыг боловсруулан батлуулж, улсын хэмжээнд ашиглаж байгаа нийт барилга, байгууламжид мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллана.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 02 сар 18

Архичид, ёс зүй, харилцааны доголдолтой хүмүүст хариуцлага тооцож чаддаггүй сайшаан магтаж улам өндөрт залдаг цаг үе энэ үе, энэ байгуулаагаар дуусаг. Мэргэжлийн хяналт ямарч чадамжгүй болж байгаа авлига, албан тушаалын наймаа, тэтгэвэрээ хүлээж байгаа удирдах ажилтаны чадамж муутай байдал зэрэг сул