Та эссэ бичихэд бэлэн үү


Эсээ гэдэг өнөөдөр оюуны хэрэгцээ болжээ. Сэтгүүзүйн эсээ, урансайхны эсээ гэсэн хоёр том төрөл бий. Харин боловсролын ч гэх юмуу, практик эсээ сурагч таныг амьдралд залгуулан залгуултал дагуул байх болно. Гэхдээ өнөөдөр сэтгүүлзүйн эсээ урансайханжиж, уран зохиолын эсээ сэтгүүлзүйжиж байна. Шинэ сэтгүүлзүй хуурай модон хэллэгээс хурц дүрслэлт хэл рүү орж байгаа гэхэд болно. Хамгийн уйтгарт зүйлийг ч урнаар сэрээж сэргээж хэлэх нь эсээ бичлэг. Улс төрийн тоймд ч хэрэгтэй. Тэгвэл сонсогч сэргээд ирнэ. Адилтгал, төсөөлөл, зүйрлэл хэзээ ч чухал. Гэхдээ гоёж гоодсон, хээнцэр хуурай хэллэгээс ялгаатай. Хамгийн эгэл энгийн юм шиг хэлсэн нь хамгийн уран яруу байдаг. Эгэл энгийн гэдэг бол бүдүүн баараг зүйл биш, харин ч нарийн инжаан урлал. 
"Мэдээллийг эзэгнэсэн нь дэлхийг эзэгнэнэ" гэж хэдэн зуун жилийн өмнөх сэтгэгч Фрэнцис Бэкон хэлсэн. Үнэн л дээ, Америк мэдээллийг эзэгнэсээр бүх ШУ-нд ноёлж байна. Хөгжлийн түлхүүр юм. тэгвэл уран зохиол өнөөдөр баримтыг эзэгнэх хэрэгтэй болж. Хүн хуурамч худал зүйлийг уншихаасаа илүүтэй баримтат төрөл, дурсамж, эсээ, ойллого, ойлбор унших сонирхолтой болсон гэсэн судалгаа бий. Баримт гэдэг чинь мэдээ, мэдээлэл. Энэ хүн бол суут гүн ухаанч төдийгүй Монтениэс дараахан хэдхэн жилийн дараа эсээ гэсэн ойлголтыг дэлхийд өгсөн хүн. Мишель дэ Монтень гэж яагаад нэрлэв гэхлээр 158О онд "Essay.s" ном бичсэнээрээ анх энэхүү бие даасан төрлийг үүсгэн бий болгож, эсээний эцэг гэж нэрлэгдэхэд хүрчээ. Ер нь Гунаажавын Аюурзанын орчуулсан "Сонгомол эсээнүүд" номыг нь олж үзэхэд илүүдэхгүй. Үзээрэй ч гэж дээ, судлаарай. Тэгвэл эсээ гэсэн ойлголтыг авна. Гэвч одоогоос 43О гаруй жилийн өмнөх тэр ойлголтоор заавал яв гэсэн үг биш. Зөвхөн суурийг ойлголтыг л тавьсан гэсэн үг. Өнөөдөр эсээн төрөл задарч, маш олон чиглэлээр хөгжиж байгаа. Ер нь эсээ гэдэг нь юу вэ? гэвэл маш товчхоноор баримтыг ер бусын мэдрэмжээр, хурц тод бичлэгээр, хийц хэлбэрийн эрэл хайгуулаар, хэлний илэрхийллийн урнаар, оюун ухааны далайц, мэдлэг мэдээллээр ханатал илэрхийлж байгаа маш сонирхолтой тэрхүү төрөл жанр юм. Дэлхийн уран зохиол эсээжиж байна. ХХ зуун баримтат уран зохиолын зуун байсан, ХХI зуун ч баримтат уран зохиолын зуун байх болно. Үүнийг би хэлээгүй, мэргэд хэлсэн, хэлсээр байгаа. Зүгээр ч хэлээгүй, судалж байгаад хэлсэн. Хэт уран сайханжихаас, хэт рационализмаас баримт руу шилжсэнийг олон орны уран зохиолын жишээ харуулж байна. 
"Essays" гэдэг нь латинаар "эргэцүүлэх" бодохоуй" гэсэн утгатай бол францаар "зурах" "дүрслэх" , оролдох" гэсэн утгатай. Энэ үг агуулгыг бараг илэрхийлэх байх. Манай сэтгүүлзүйн судлаач эрлэмтэн Л.Норовсүрэн "төрөгдөл" гэж нэрлэсэн байсан. Бас ч болмоор. Ерөөс сэтгэцэд, ой ухаанд төрж буй төрөгдөл юм. Тэрхүү төрөгдлөө оновчтой бичиж илэрхийлэх. Уран илтгэгчдийг "амьд аман эсээчид" гэж болно. Тэд яагаад хүмүүсийн сэтгэлийг соронздон татдаг билээ, үгийн хүчээр, мэдээллийн хүчээр, сэтгэцийн хүчээр тэр шүү дээ. Монголоор олон янзаар нэрлэж байна. Нэг мөр болгон тогтох хэрэгтэй байх. Л. Түдэв багш "айраг исэх, тараг исэх" гэсэн утга агуулгаас үүдээд "исээ" гэж нэрлэсэн. Үнэндээ ч тархинд бодол санаа төрөгдөл болон исэх үйл явц, туршиц мөн. Аливаа нэр томъёог монголоороо дүйцүүлэн нутагшуулах арга бий. "Эссэ" гэж бичсэн ч харагддаг. Миний хувьд "эсээ" гээд тогтчихмоор санагддаг. Үүнийг хэл шинжээчид тогтооно бизээ.
Ингээд гол агуулга, утга санааг товчилон өгүүлье.

Та эсээ бичихэд бэлэн үү? 
Нэг: Маш өвөрмөц сэтгэ. Бүр байшгүйгээр сэтгэ. "Юмыг гурван талаас нь харахд гурван өөр харагддаг" гэж М.Ганди хэлсэн. Манайхан нэг талаас хардаг. Цасыг яагаад цагаан гэж... Д.Пүрэвдорж гуай "Хар цас" гэсэн. Утга шилжүүлэх, утга далдлах ойлголт гэж энэ. Гэхдээ нотол. Хүний сэтгэлд шинэ сонин төрөгдөл үүстэл, нээрэн ингэж сэтгэж болох юм байна шүү гэсэн зөвшөөрөхөөр ойлголт төрөхөөр итгэтэл үнэмштэл бичих.
Хоёр: Үгийн илэрхийлэл. Үгийг боол мэт эзэмших. Үг чамд хэзээ ч боол мэт үйлчлэх ёстой. Үгийн эрчим хүч эх газраас сансрын мандал руу тасрах тэрхүү эрчим хүчээс ч илүү гэж бичсэн нь тааралддаг. Чихэнд сонсогдтол, нүдэнд харагдтал, сэтгэлд буутал илэрхийлэх. Д.Нацагдоржийн "Хөдөө талын үзэсгэлэн" бол үүнийг илэрхийлэх амьд жишээ. Үүлэнд дэгдэн алдам морь, "хазаад авмаар" гань орь залуу...исгэлэн залуу бүсгүй хоёрын дүрслэл. Монгол хэл шиг баялаг хэл тийм олон биш байх. Маш нарийн үзэгдлийг ч хэлэхийн аргагүй зүйлийг ч илэрхийлж чадна. Үг, хэл найруулгыг эзэмших нь чиний эрхэм зорилго. Тансаг найруулгатай зохиолч гэж бий, зохиол ч гэж бий. Тийм номыг салбартал, элэгдтэл унш. Өнөө амьд буй дэлхийн хамгийн сод зохиолч гэж Английн "Guardian" сонины тодорхойлсон Японы Харуки Мураками "ОНОСОН ЗҮЙРЛЭЛ, ХӨНГӨН ҮГС МИНИЙ УТАС " гэжээ. Үгээр оюуны түгжээг мулталж болно. Онч үг хэллэг буюу афоризмыг эзэмш, болж өгвөл өөрсдөө зохио. Оролдвол тэрийг заавал Сократ, Аристотель мэтийн сод ухаантнууд хэлдэг ч үг биш. Бид тэгээд итгэчихсэндээ л байгаа юм. Үгийн нүдийг олж хатгах. 
Гурав: Баримт...баримтыг амилуулах гэж түрүү хэлсэн...Гайхам баримт жишээ бол эсээн амин сүнс шүү. Өөрийн болоод бусдын амьдрал гайхамшигаар дүүрэн. Ертөнц, хорвоо гайхамшигаар дүүрэн. Улс, нийгэм рүү орвол бүүр ч...Асуудалгүй нийгэм уйтгартай шүү дээ. 
Дөрөв: Гүн ухаанчаар, философичоор сэтгэх. Философи гэхлээр байшгүй юм гэж бүү бод. Учир шалтгаалцлын холбоо хэлхээ, эс холбогдох тэр зүйл. Юмны мөн чанар руу, гүн рүү ор л гэсэн үг. "За-гийн эсрэг үгүй, үгүй-гийн эсрэг за" дээр зогсох. Нэг дээр нэгийг нэмээд 5 гаргаж чадаж байвал тэр л философи доо. "Хоёр профессор хэрэлдэхэд хоёулангийнх нь зөв байдаг" гэсэн ёж үг бий. Хоёр философич хэзээ ч нэг огтлолцол дээр оршихгүй. 
Тав: Бодол эргэцүүлэл...хүчтэй сэтггэдэл...Ух бас дахин ух...Тэгэхэд алтны уурхай нээгдэх шиг бүх ертөнц нүдний чинь өмнө нээгдэнэ.
Зургаа: Мэдрэмж: Заримдаа мэдлэгээс ч илүү. Мэдлэг хуучирна. Мэдрэмж хуучрахгүй. Зохиолч, найрагч хүний зэвсэг байнгын мэдрэмж юм. Мэдрэжмээ хөгжүүлэх...6 дахь мэдрэхүй бий гэдэгт итгэх...зүүд зөн билэг...Мэдрэмжгүй байна гэдэг бол ерөөс тэнэг гэдэг үгтэй дүйцнэ. Сэтгүүлч хүн "Гал гарахаас 3О минутны өмнө очсон байх ёстой" гэсэн үг бол үнэрч бай, мэдрэмжтэй бай гэсэн үг. Улс төрч хүн "аюул тулгарахыг" ядаж сарын өмнөөс мэдрэх нь жинхэнэ чанар нь тэр. 
Долоо: Эрэл хайгуул...Гүн тийшээ, хязгааргүй тийшээ эрэл хий.
Найм. Хийсвэрлэл: Урансайны сэтгэмж...Уран сэтгэмжгүй бол өөрийгөө зохиолч, найрагч гэж бүү ярь, бод гэж түрүүчийн японы зохиолч хэлсэн байна лээ. Энэ мэдээж. Хэн ч ингэж хэлнэ.
Ес. Өөртөө байгаа мэдлэг, мэдээллийн савыг шавхах. Мэдлэггүй хүн юугаа бичих билээ??? Энэ талаар юу ярих билээ дээ?
Арав: Эсээ гэдэг маань ерөөс нэгдүгээр биеийн л илэрхийлэл юм. Тэр хүний бодомж сэтгэмж, тэнхээ чадал. Тиймээс нэг их том урансайхны дүр бүтээгээд байх зүйл биш. Гэхдээ дүрслэлт сэтгэмж чухал.
Арван нэг: Эсээг бодол эргэцүүлэл, дотоод ертөнцийн "мозайк" буюу ухааны урын гялалзсан олон өнгөт шигтгээ гэж болно. Өгүүлбэрээс өгүүлбэрийн хооронд чи гүйхдээ сонирхолтой бай. Одооны уншигчийн ихэнх нь залхамхай, уйдамхай,няхуур биш болсон. Унших биш, харах гэдэг болжээ. Өгүүлбэр бүртээ уншигчийн сэтгэл оюуныг гацуурын чимэглэл адил дүүжилэх.
Арван хоёр: Хүнд юм бодуулах, соён гэгээрүүлэх чанартай даа. 
За ингээд л "Сэрэлт" киноны өвгөн жолоочийн хөөрхөн дүр бий дээ. Нэг өгүүлбэрээр ямар агуу дүрийг босгож ирдэгийн жишээ энэ. 

Зохиолч, сэтгүүлч, доктор, профессор До. Цэнджав

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

oki 2017 03 сар 13

bayrlalaa heregtei niitlel bna