ДОХ-ын халдвартай 18 хүүхэд бүртгэгджээ


ХДХВ/ДОХ нь ердийн нэг вирус биш бөгөөд маш олон тооны өвчлөлд хүргэдэг. Мөн бусад вирусаас ялгаатай нь уг вирусын халдвар авсан хүмүүс ад үзэгдэж ялгаварлан гадуурхагдах нь бий бөгөөд үүнээс болж амьдралын ямар ч идэвхгүй болдог. ХДХВ-ийн тархалтаас сэргийлэх бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Энэ нь зөвхөн хувь хүний эрүүл мэнддээ хэрхэн анхаарч буйгаас шалтгаална. Гэтэл өнөөдөр манай улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 229 тохиолдол бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд бүртгэгдсэн нь өнгөрсөн сард дунд сургуулийн сурагч буюу 15 настай охин байх юм.

Халдвартай хүмүүсийг насны ангиллаар нь авч үзэхэд 25-29 насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн  23.1 хувийг,  25-34 насныхан 43 хувийг эзэлж байгаа аж. Эдгээрийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэйчүүд. Мөн уг халдварын улмаас 37 хүн нас барсан байна.

Үүнээс гадна ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан тооцооллоор манай улсад нийт 484 хүн халдвартай байх магадлалтай бөгөөд 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гарчээ. Эдгээр хүмүүс өнөөдөр хаана байна вэ. Халдвар тээж яваа гэдгийг нь хэн мэдэх вэ. Тэд бусдад халдвар тараахгүй гэх ямар ч үндэслэл байхгүй. Цаашлаад тэдгээрээс хичнээн хүн халдвар авах вэ гэдэг нь аймшигтай. ХДХВ/ДОХ нь зөвхөн насанд хүрэгчдэд биш сургуулийн хүүхдэд ч халдварладаг өвчин гэдгийг хамгийн сүүлд бүртгэгдсэн 15 настай охиноос харж болно.

Монголд анх 1992 онд ХДХВ илэрснээс хойш 15-20 насны халдвартай 18 хүүхэд бүртгэгдсэн байна. Энэ нь нийт халдвартай хүмүүсийн 5.7 хувийг эзэлдэг аж. Мөн ХДХВ-ийн халдвартай гэж бүртгэгдсэн хүмүүст уг халдвар 100 хувь бэлгийн замаар дамжсан байдаг байна.

Тиймээс одоо иргэд бид өөрсдийгөө, эцэг эхчүүд хүүхдүүдээ энэ өвчнөөс сэргийлэх нь юу юунаас чухал. Үүний тулд хүүхдийнхээ эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа бэлгийн боловсролд цаг ямагт анхаарах хэрэгтэй байна.

Таны хүүхэд хаана, юу хийж явна вэ гэдэгт эцэг, эх та анхаараарай 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх