Гол онцлог нь машиныхаа бүхээгт олон сар тасралтгүй амьдардаг


Оюунлаг Оршихуй цувралын зочиноор Лондон Коллеж Их Сургуулийн Антропологийн тэнхимд бусад орны эрдэмтэдэй хамтран сүүлийн жилүүд дэх Монголын эдийн засаг нийгэмд гарч буй өөрчлөлтүүдтэй холбоотой субьектүүдийг судлах багт ажиллаж буй, МУИС-ийн Антрополгийн тэнхимийн багш Др.Д.Бум-Очирыг урин оролцууллаа. Тэрээр энэ удаа “өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн Монгол хүн гэж чухам хэнийг ойлгох вэ” гэдэг талаар өөрийн олон жилийн турш хийж ирсэн судалгаа шинжилгээндээ тулгуурлан ярилцаж, санал бодлоо солилцох юм. Ингээд түүнтэй сүүлийн үед хийж буй ажил үйлсийнх нь талаар хөөрөлдсөн товч яриаг хүргэж байна

1. UCL дээр яг ямар зорилготой төслийн багт ямар чиглэлээр нь ажиллаж буй талаар товч танилцуулахгүй юу

Лондон Коллеж Их Сургуулийн (University College London) Антропологийн тэнхимд докторын дараах шатны (пост доктор) эрдэм шинжилгээний ажил хийх тэтгэлэг аваад ажиллаж байна. Энэхүү тэтгэлэг Европын Судалгааны Зөвлөлийн (European Research Council-ERC) санхүүжилттэй “Шинэ эдийн засагт үүсэж буй субьектүүд: Монголын эдийн засгийн хөгжлийн мөрөөр” гэдэг судалгааны хүрээнд зарлагдсан тэтгэлэг. Манай төсөл дээр гурван пост-доктор, нэг докторант, төслийн удирдагч гэсэн таван хүн ажиллаж байна. Энэ таван хүн маань МУИС-ийн таван судлаачтай хамтран судалгаа хийж байгаа. Лондонд байгаа таван судлаач маань монголын эдийн зсгийн таван өөр сэдвээр тус тусын судалгааг хийж байна. Тухайлбал, манай судлаачид хотжилт дахин, төлөвлөлт; уул уурхай түшсэн хөгжил ба өр; эдийн засгийн шилжилт дундахь хувь хүмүүс, айл өрхийн аж байдал; хил дамнасан наймаа, чөлөөт бүс зэрэг сэдвээр ажиллаж байна. Миний хувьд байгаль орчны хөдөлгөөн, уул уурхайн салбар, монголын төр гэсэн гурван талт харилцааны зарим асуудал монголын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн тухай авч үзэж байна. Энэ ажлын үр дүн болж таван ном хэвлэгдэнэ. Энэ бол монгол судлалд эдийн засгийн антропологийн судалгааг эхлүүлж байгаа томоохон хувь нэмэр юм. Түүнчлэн дурдсан сэдвүүдээр антропологи болон нийгмийн шинжлэх ухаанд олон улсын хэмжээнд монголын байдлыг танилцуулах томоохон алхам болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудаснаас авч болно (https://www.ucl.ac.uk/anthropology/mongolian-economy/articles/projectdescriptioninmongolianv2)

2. Төслийн судалгааныхаа шугамаар Монголд, бүр говьд уурхайн жолооч нартай хамт урт замд явж ажилласан. Тэдний амьдрал ямар байна? Нийгмийн өөрчлөлт хөгжил хөдөлгөөн талаас нь харвал тэд энэ ямар хүмүүс вэ? Аз жаргалтай байж чадаж байна уу?

Уурхайн жолооч нар гэж урд хилээр нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарыг хэлж байх шиг байна. Тэдний тухай асуудал бол миний судалгааны гол сэдэв биш юм аа. Гэхдээ, манай төсөл “Шинээр бий болж буй субьектүүд” гэсэн нэртэй бөгөөд яг тэдгээр жолооч нар шиг шинээр бий болж буй амьдралын хэвшил, ажил мэргэжлүүдийг судлах зорилготой. Тиймээс, манай төслийн агуулгыг уул уурхайн эдийн засгийн хөгжлийн шилжилтийн гэж хэлж болох хэсэг үед гарч ирж буй эдгээр жолооч нар бас илэрхийлэх юм. Тэдний ажил амьдралын гол онцлог нь машиныхаа бүхээгт олон сар тасралтгүй амьдардаг. Бүхээгт нь ойр зуурын хэрэгцээт зүйлс нь байхаас авхуулаад тэр хүний амьдрал тэр чигтээ өрнөж байдаг. Гэртээ хариагүй бүхээгнээсээ өөр газар хонолгүй олон сар болдог нь яах аргагүй манай энэ цаг үеийн онцлогийг илэрхийлж байна.  Монголын уул уурхайн хөгжлийн явцад иймэрхүү амьдралын хэвшилтэй хүмүүс хэдэн зуугаараа бий болсон байна. Аз жаргалын индекс монгол өндөр эерэг дүнтэй гардаг. Энэ бол монголчуудын бэлгэшээх, сайныг ерөөж байдаг соёлын онцлог. Хүмүүс хичнээн зовж байсан ч зовж байна гээд байдаггүй. Энэ жолооч нар ч ялгаагүй. Бидний судалгааны зорилго тэдний амьдралыг жаргалтай жаргалгүй, зөв буруу, сайн муу ямар байгаагаар нь шүүн тунгаах явдал бус, харин монголын түүхийн нэгэн үед тохиож байгаа энэхүү үзэгдлийг түүх, соёл, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй харж ойлгож, тайлбарлан тэмдэглэж тайлбарлаж үлдээх явдал юм. Тэдний ажил үүргийн онцлог бол Монголоос Хятадад эрэлт ихтэй байгаа нүүрсийг тээвэрлэн хүргэж байгаа явдал. Үүнийг тодотгон хэлбэл, Монгол Улс Хятадын эдийн засагт, магадгүй цаашлаад Хятадын эдийн засгаар дамжуулаад дэлхийн эдийн засагт оруулж байгаа өөрийн гэсэн нөлөөлөх хүчин зүйл, хувь нэмрийн асуудал юм. Тухайлбал, Хятадын эдийн засагт байгалийн эрдэс баялаг асар их хэрэгтэй. Ялангуяа, Хятадад асар хурдтай өрнөж буй хотжилтыг эрчим хүчээр хангахад маш их шаардлагатай байгаа нүүрсээр хангаж байгаагаараа Монгол Улс Хятадыг орчин үеийн болон хөгжихөд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байгаа. Тэгэхлээр, зөвхөн Хятадын эдийн засаг Монголд хэрхэн нөлөөлж байгааг авч ярихаас гадна Монголын уул уурхайн олборлолт Монголын талаас Хятадад ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байгааг хэлэлцэх боломжтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Монголын талаас Хятадтай харилцах нэг зүйлийн хөзөр байж болно гэмээр байна. Бид Хятадын эдийн засаг Монголоос юугаараа хамааралтай байж болох вэ гэдэг талаас нь бодох хэрэгтэй юм. Жишээ нь, Хятад Хойд Солонгосоос нүүрс авахаа байсан. Иймэрхүү үйл явдал Монголд ямар нэгэн хэмжээгээр давуу тал авчирна гэсэн үг.

3. Би зөв ойлгож буй бол “улс үндэстэн байхын үндэс нь соёлдоо” гэдгийг та байн байн цохон хэлдэг. Хилийн чанад дахь бид соёлоо хадгалах гэж хэрэндээ л хичээж уламжлалт баяруудаа тэмдэглэж байна. Та ч Лондон байх хугацаандаа эдгээрийг хамтран зохион байгуулалцаж буй тул сайн мэдэж буй. Энэ нь бидний хувьд монгол гэдгээ нэг мэдэрч мөн нутгаа санасан сэтгэлээ дэвтээхээс гадна, Монгол үндэстний тусгаар тогтнолд ямар ач холбогдолтой вэ

Маш их ач холбогдолтой. Үүнийг ганц би хэлж байгаа биш, нийгмийн олон салбар ухааны санал нэгдсэн зүйл. Сүүлийн үеийн нийгмийн шинжлэх ухааны ололтууд аливаа улс үндэстний бие биеэсээ ялгарах онцлог нь түүхийнхээ туршид бүтээсэн соёл гэж үзэж байна. Учир нь хүн гэдэг бол байгалийн амьтан гэхээсээ илүү нийгмийн соёлын амьтан юм. Иймээс, тухайн улс үндэстний соёл нь хүмүүсээ, иргэдээ бүтээж байгаа хэрэг юм. Тэгэхээр, соёл хүний бүтээл болохын зэрэгцээ эргээд хүн өөрөө соёлын бүтээл гэсэн үг. Антропологийн шинжлэх ухаанд соёл гэдэгт товчоор хэлбэл хүний бүтээсэн бүхий л зүйлийг оруулдаг. Үүн дотор хүн ч гэсэн өөрөө орно гэсэн үг. Тийм учраас, бид ямар улс үндэстэн, ямар иргэд байгаасай гэж хүсэж байна, түүнийгээ бодлогоор нийгэмд  соёлоор нь дамжуулж бүтээж бий болгох хэрэгтэй. Гадаадад амьдарч байгаа монголчуудын хувьд аль болох монгол соёлын орчныг нь бий болгож өгч байж тэр хэмжээгээр хүүхдүүдээ монгол хүн болгон төлөвшүүлэх боломж нэмэгдэнэ. Үүнд гэр бүл доторхоос гадна нийгмийн, олон нийтийн монгол соёлын орчин шаардлагатайг онцлох хэрэгтэй. Тэгэхээр, уламжлалт баяраа тэмдэглэх нь зөвхөн нутгаа санасан сэтгэлийг дэвтээж байгаа хэрэг биш, Монгол Улсынхаа гадна өсөж торниж буй нэгэн шинэ үеийнхнийг хэрхэн хүмүүжүүлж төлөвшүүлж буйн тухай, бас Монголд тэднийг хэрхэн хүлээж авах тухай асуудал юм. Шилжилтийн гэж нэрлэж байгаа энэ цаг үед улс төр, эдийн засгийн өөрчлөлттэй хамт соёлын болон ижилслийн (identity) томоохон шилжилт болж байгааг онцолмоор байна. Бидний ярьж байгаа жишээгээр Англид болон бусад гадны оронд төрж өсөж байгаа олон монгол хүүхдийн бүхэл бүтэн нэг үе бий болж байна. Монгол хүнийг тодорхойлдог шинж чанарууд эдгээр хүүхдэд байхгүй бол нийгэмд монгол хүн гэж зөвшөөрөгдөх үү, үгүй юү гэдэгт хүрнэ. Ийм асуудал гарч ирж байгаа болохоор соёлыг чухалчилж яриад байгаа юм. Энэ өөрчлөлт шилжилтийн улмаас, цаг үе биднээс монгол хүн гэдэг тогтсон ойлголтоо агуулгын хувьд илүү өргөсгөж, бусад монголчуудаа монгол гэж хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна. Цаашдаа ийм шаардлага улам нэмэгдэх болно.

Британийн Монголчуудын холбоо

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх