Харшлын өвчин сэдрэх улирал айсуй


Харшлын өвчин удамшдаг

Хаврын улирлын эхний сар хэдийнээ эхэлжээ.  Урин дулаан цаг дөхөхтэй зэрэгцээд харшлын гаралтай өвчний тархалт нэмэгддэг. Ер нь бол дөрөвдүгээр сараас эхлэн харшлын илрэх явц нь мэдрэгддэг бөгөөд энэ үед эмчилгээ хийлгэвэл зуны цагт сэдэрч хүндрэх нь харьцангуй бага байдаг. Иргэдийн дунд ихэвчлэн тохиолддог харшил бол  арьсны тууралт, амьсгалын замыг гэмтээж нөлөөлдөг буюу амьсгал боох  харшил, ургамлын харшил, тоосны харшил, эм тарианы харшил гэх мэт зонхилдог. Тэгвэл үүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнснээс харшлах нь залуу насны хүмүүсийн дунд элбэг тохиолдох боллоо. 

Нийслэл хотод ганцхан байдаг арьсны өвчинг дагнан эмчилдэг байгууллага бол Арьсны өвчин судлалын үндэсний төв юм. Энэ төвд өдөрт дунджаар 100-120 хүн зөвхөн эмчид үзүүлэхээр дараалал үүсгэдэг. Энэ эмнэлэг 120 ортой бөгөөд хэвтэн эмчлүүлэх иргэдийн цуваа тасрахгүй. Сүүлийн үед түгээмэл тохиолдох харшлаас гадна хоол хүнсэнд хордох, эм тариа, гоо сайхны бүтээгдэхүүнд хордож тус төвд хандах нь нэмэгджээ. Энэ талаар Арьсны өвчин судлын үндэсний төвийн эмч С.Янжмаатай хэсэг хором ярилцлаа.

-Сайн байна уу сүүлийн үед ямар төрлийн харшил иргэдийн дунд ихсэх хандлагатай байна вэ?

-Урин дулааны улиралд ургамал тоос, нарны харшлын өвчин нэмэгддэг. Харин одоо хаврын улирал эхэлж байна. Иймээс тоос тосонцорын харшил  мөн хоол хүнсний бүтээгдэхүүн, химийн бодисноос харшилсан хүмүүс манайд их ирж эмчлүүлж байна.

-Тухайлбал ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс харшилж байна. Яаж дэглэм барьж сэргийлэх вэ?

-Харшил төрүүлдэг хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг. Шар өнгийн жимс буюу жүрж, нимбэг, чихэр шоколад, өнгөтэй ундаа, халуун ногоотой хоол, чипс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох будагч бодис, үнэр оруулагч, лаазалсан бүтээгдэхүүнийг зохисгүй хэрэглэснээс болж байна. Харин эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж дэглэм барих, дархлаа сайжруулдаг хүнсний ногоо жимс түлхүү хэрэглэх хэрэгтэй.

-Харшлын эмчилгээ манайд хэр үр дүнгээ өгдөг вэ?

-Маш олон төрлийн эмчилгээ хийгддэг.  Ямар төрлийн харшил вэ гэдгээс хамаараад эмчилгээний үе шат өөр өөр байдаг. Ихэвчлэн тохирсон эм хэрэглэнэ.  Үүнээс болж эм нь таарахгүй эдгэрэлт удах сүүлдээ ямар ч эм тохирохгүй болох сөрөг нөлөөтэй. Тиймээс харшил илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид эхлээд хандах шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа

Бид Арьсны өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

-Сайн байна уу та ямар зовиуртайгаар хэвтэн эмчлүүлж байна. Эмчилгээиий үр дүн хэр байна вэ?

-Иргэн А: Би хоол хүнснээс харшлаад биеэр тууралт өгч, мөн суулгаж ходоодоор хүчтэй өвдсөн байдалтай ирсэн. Эмчлүүлээд 5 хонож байна. Зовиур илт багассан гарсан тууралтууд маань арилж байна.

-Иргэн Б: Би химийн бодисоос харшилсан. Таарахгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд хордсон. Нүүрээр тууралт үүсэж улайж загтнасан байдалтай ирсэн. Зовиур арилаагүй л байна.

-Иргэн Л: Би  эм тарианы харшилтай юм. Энд эм тариа хэрэглэж эмчлэх гэхээр таарахгүй маш хэцүү байна. Одоогоор сорил хийлгэх бодолтой дусал хийлгээд хэвтэж байна.

Харшлын гаралтай өвчин нь хамгийн аюултай нь удамшдаг. Эцэг эхийн нэг нь л харшилтай бол хүүхэд нь харшилтай төрөх магадлал 70 хувьтай байдаг. Харшлын өвчин бүрэн эдгэрдэггүй. Анхаарлаа хандуулж шинж тэмдгийг нь сэдрээхгүй л бол дахих магадлал бага юм.

Харин харшилдаг зүйлсээ хэрэглээд л байвал улам даамжирна. Мөн харшил өвчинг эмээр эмчилдэг. Эм нь шинж тэмдгийг түр хугацаанд намжааж байгаагаас биш бүрэн эмчилгээ биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Эмийг удаан хэрэглэвэл дархлаа муудах аюултай байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын эмнэлгийн байгууллага харшил өвчинтэй тууштай тэмцэж, нээлт ахиц гаргаж судалсаар байна. Харин манай улсын хувьд  эмчилгээнд дэвшил ахиц тэр бүр гарахгүй байна. Харшлын шинж илэрсэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандахыг иргэддээ зөвлөж байна. Эрүүл биед саруул ухаан оршино.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

БУРЖАК 2017 03 сар 14

харшилгүй "САЙН" савангаар угаагаарай