Татварын ерөнхий газартай хамтран ажиллана


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг нар 2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын дарга хэлэхдээ “Хүн ам болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжийн төвлөрөл ихтэй Улаанбаатар хотын хувьд татварын бааз суурийг өргөтгөх, татварын орлогоо нэмэгдүүлэх талаар хийх ажил их. Үүнээс гадна татвар төлөгчдөө дэмжих тал дээр Татварын Ерөнхий газар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн зүгээс татварын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, тэнд ажиллагсдын ажиллах нөхцөл бололцоог хангах чиглэлээр тодорхой үүрэг хүлээдэг. Түүнийгээ хангаж ажиллах болно.” гэлээ.

Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг “Өнөөдрийн байгуулсан санамж бичиг бол Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар цаашид дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтран ажиллах үндсийг тавьсан чухал баримт бичиг гэж харж байна. Бид татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэгтэй. Уг санамж бичгийн хүрээнд бид нийслэл, дүүргийн хэмжээнд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, НӨАТ-ын хууль, Нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх