14 сая иргэн эрүүл мэндийн даатгалгүй хоцорно

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 14 793

АНУ-ын Бүгд найрамдах намынхны санаачилсан эрүүл мэндийн хуулийн төсөл хэрэгжсэнээр 2018 онд тус улсын 14 сая иргэн эрүүл мэндийн даатгалаа алдах төлөвтэй байна.

Удаан хүлээлгэсэн энэхүү хуулийн төсөлд Конгрессийн Төсвийн алба дүгнэлт хийжээ. Тус алба нь ямар нэг намд харьяалалгүй төсвийн шинжээчид болон эдийн засагч нараас бүрддэг аж.

Тус албанаас гаргасан мэдээллээр 2026 он гэхэд эрүүл мэндийн даатгалгүй иргэдийн тоо 24 саяд хүрэх гэнэ.

Дээрх хуулийн төсөл нь 337 тэрбум ам. долларын холбооны төсвийн алдагдлыг 10 жилийн хугацаанд нөхөх аж.

Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба энэхүү төсөл нь Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хуулийг орлох юм.

Конгрессийн Төсвийн алба болон Татварын хамтарсан зөвлөл 2018 он гэхэд амьжиргааны түвшин доогуур иргэдийн хамрагддаг Мэдикэйд хөтөлбөрт хамрагдагсдын тоо таван саяар, 2026 онд 14 саяар багасахыг тооцоолон гаргажээ.

2026 он гэхэд 52 сая хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй гэсэн байна.

Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан энэхүү төсөл төсвийн алдагдлыг нөхнө гэдгийг онцолсон байна. Тэрээр, “Хүмүүсийг үнэтэй даатгалд хамруулах гэж хүчлэх бус хүмүүст илүү олон сонголт санал болгоход бидний зорилго оршиж байна.” хэмээн ярьсан байна.

Эрүүл мэнд болон нийгэм хамгааллын сайд Том Прайсын хувьд энэхүү төсөл хэрэгжсэнээр олон хүн даатгалгүй хоцорно гэсэнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр, “Одоогийн баримталж байгаа хуулиар хүмүүс даатгалтай атлаа тусламж үйлчилгээ авч чадахгүй л хэвээр байна.” хэмээн ярьжээ.

Ардчилсан намынхан дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор Конгрессийн Төсвийн албанаас гаргасан дүгнэлтийг “аймшигтай”, “гамшиг” хэмээн тодорхойлсон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх