Бразилын Ерөнхийлөгч “муу энергитэй ордон”-оос нүүж явжээ

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 15 679

Бразилын Ерөнхийлөгч Мишел Темер “муу энергитэй” гэсэн шалтгаанаар  төрийн тэргүүний  ордон болох Алворадо ордонд амьдрахаас татгалзжээ. Тэрбээр энэ тухайгаа Veja сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

“Тэнд байхад надад нэг л эвгүй санагдаад байсан. Би анхны шөнөөсөө эхлээд унтаж чадаагүй. Энэ ордон муу энергитэй юм билээ” гэж ярьжээ.

“Миний эхнэр Марселад мөн адил тэгж санагдсан. Энд хий үзэгдэл байгаа байх шүү гэж бид хоёрт бодогдох болсон” хэмээн Бразилын төрийн тэргүүн хэлээд инээмсэглэв. Алворадо ордонд амьдрах нь зөвхөн түүний хүү Мишелзиньюд таалагдсан аж.

Төрийн тэргүүний албан ёсны өргөөнд Темер амьдрахаас татгалзсан нь 3 дугаар сарын 2-нд тодорхой болсон юм. Бразилын Ерөнхийлөгч харшийг “хэтэрхий том” бас “айлын гал голомт гэхэд хэцүү” гэж үзэж байгаа аж.

Тэрбээр албан ёсны өргөөндөө ердөө 12-хон хоножээ. Үүний өмнөхөн түүний захирамжаар Алворадо ордонд урсгал засвар хийсэн байна.

Алворадо /португал хэлнээс орчуулбал Үүр хаяарах ордон/ ордныг  Бразилын нэрт архитекторч Оскар Нимейерийн зураг төслөөр барьжээ. Параноа усан сан дээр орших энэхүү гурван давхар барилга нь Бразилын нийслэлийн анхны барилгуудын нэг юм. 7 мянган ам.метр талбайтай ордныг барих ажил 1958 онд дуусчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх