"Нийтээр эзэмших монгол хэл"-ийг танилцууллаа


Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сангийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Нийтээр эзэмших Монгол хэл” гарын авлага болон www.mongolkhel.mn цахим хуудасны танилцуулга, олон нийтийн эх хэлний боловсролын талаар хэлэлцүүлгийг МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгууллаа.

2015-2016 онд хэрэгжүүлсэн “Нийтээр эзэмших монгол хэлний цогц хэрэглэгдэхүүн боловсруулах нь” төслийн хүрээнд олон нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд гарын авлага болох хэрэглэгдэхүүнийг хэвлэмэл хийгээд цахим хэлбэрээр түгээх зорилт тавьсан. Энэхүү гарын авлагад хэлзүйн олон нэр томьёо, эшлэл тодорхойлолт сүлэлдүүлэхээс зайлсхийж, тулгуур дүрмийг хялбаршуулан найруулж, олон нийтэд хүргэхийг зорьсон.

Гарын авлагыг эмхэтгэсэн МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар хэлэхдээ, “Монгол даяар мөрдөх монгол кирил бичгийн зөв бичих зүйн журамласан толь гаргахаар БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байна. Тиймээс тун удахгүй зөв бичих дүрмийн ойлгомжгүй асуудлууд төгсгөл болно” хэмээн тодотгов.

www.mongolkhel.mn цахим хуудаснаас хэрэглэгчид эх хэлний зөв бичих, найруулах дүрэм, сүүлийн үед хэлэнд гарч буй сөрөг хандлагыг залруулсан санамж тайлбар, мэдээ ярилцлага, монгол хэлний цахим толь бичиг, хууль тогтоомж, мэдлэг шалгах сорилго тэргүүтнийг багтаасан цогц хэрэглэгдэхүүнийг ашиглах боломжтой.

МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаян, “Эх хэл гэдэг тухайн үндэстний дархлааг хадгалдаг чухал хүчин зүйл. Тиймээс эх хэлийг зөв хэрэглэх, зөв ярих, бичих, унших, сонсох зэргээр хэрэглээний түвшинд сайн эзэмших ёстой. Эх хэлний боловсролыг эзэмших хоёр үндсэн шат бий. Зөв, хичээнгүй бичих нь эх хэлний хамгийн өнгөн талын буюу энгийн боловсрол юм. Харин гүн буюу эх хэлний нарийн боловсролд зөв найруулах, бичих, унших, сонсох боловсрол багтдаг. Үүний анхан шатны бүх нийтэд зориулсан лавлах хэрэглэгдэхүүн гарч байгаа нь бүх нийтийн эх хэлний боловсролд бодитой хэвь нэмэр оруулахад чухал нөлөөтэй” гэв.

Энэхүү үйл ажиллагаанд хэлний чиглэлээр сургалт судалгаа явулдаг байгууллага, эрдэмтэн судлаачид болон оюутны төлөөлөл оролцлоо

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

монгол 2017 03 сар 15

зүйтэй