НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчийг томиллоо

Улс төр Монгол Админ 2017 03 сар 16 228

Засгийн газрын хуралдаан 2017.03.15-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчийг томиллоо

 

Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо. 

 

Ч.Бадрал, Т.Энхбат нарт мөнгөн шагнал олгов

 

ОХУ-д зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралд 24 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.  

 

Манай улсын соёлын ажилтан, уран бүтээлчид 2006 оноос олон улсын уралдаан, наадам, үзэсгэлэнд амжилттай оролцож ирсэн бөгөөд онцгой амжилт гаргасан 155 хүнд Засгийн газар 1 тэрбум 430 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгоод байна. 

 

Мексик Улстай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив

 

Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газартай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив.

Мексикийн  Нэгдсэн Улсад болдог соёл, урлагийн наадам, олон улсын үзэсгэлэн яармагт манай төлөөлөгчид оролцож, иргэдээ тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Мөн Матиас Ромерогийн их сургуулиас зохион байгуулдаг гадаад бодлогын сургалтад Монголын дипломат ажилтнууд оролцдог болох юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр улсын найрамдалт хэлхээ холбоо улам бэхжих бөгөөд боловсрол, соёл, залуучууд, биеийн тамир, спортын салбарын солилцоо улам гүнзгийрнэ гэж үзлээ.

 

Товч мэдээ

 

-  “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталлаа. Журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

 

-  Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр /2017-2021/-ийн төслийг хэлэлцээд хөтөлбөрийг Японы талтай эцэслэн тохирч гарын үсэг зурахыг сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв. Хөтөлбөр нь улс төр, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, соёл, иргэд хоорондын харилцаа гэсэн бүтэцтэй юм.

 

-   “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх