АН хуучин дүрмээр ШИНЭ бүрэлдэхүүн сонгоно

Улс төр Монгол Админ 2017 03 сар 16 174

Улс төрийн эргэн тойронд АН-ын асуудал анхаарлын төвд байна. Шинэ дарга, намын дүрэмд өөрчлөлт оруулах гээд л ярьж эхэлсэн. Ямартай ч Улсын дээд шүүх АН-ын намын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг бүртгэсэн. Харин АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Ингэснээр Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнд өрсөлдөх нэр дэвшигчдэд гацаа үүсэв. Дээд шүүх Үндсэн дүрмийг бүртгээгүй үндэслэлээ “Ардчилсан намын дүрэм нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна” гэж тайлбарласан.

Харин  АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байна. Үндсэн дүрэмд хуулинд харшилсан заалт байхгүй” хэмээв.

Мөн “Дээд шүүх манай намын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Орон даяар бүх гишүүдээрээ дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй” гэдгийг АН-ын зүгээс хэлж байгаа.

Ингээд АН шинэчлэлийн хүрээнд Үндэсний бодлогын хороог байгуулахаар  359 гишүүнийг бүрдүүлэх дотоод сонгуулийн санал хураалтыг ирэх сарын 2-нд явуулхаар болсон. Тэгхээр Дээд шүүх Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгээгүй буцаасан тул хуучин дүрэм үйлчилнэ. Энэ нь дотоод сонгуулийг бүх гишүүдийн саналаар бус өмнө нь үйлчилж байсан дүрмээр явуулахад хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг  намын их хурлын төлөөлөгчид сонгоно гэсэн үг.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх