УИХ-ын сонгуулиас хойш 22 мянган төрийн албан хаагч ажилгүй болжээ


Төрийн эрх барих хүчин солигдох тоолонд албан тушаалын халаа, сэлгээ замбараагүй явагддаг бичэгдээгүй хууль манайд бий. Мэдээж хэрэг өөрсдийн хүнээ томилох зорилгоор халаа сэлгээ хийгдэнэ. Төрийн энгийн албан хаагчдаас цаашлаад цэвэрлэгчийг хүртэл хомроглон  халдаг гэсэн жиг жуг яриа ч бий. Төрийн албан хаагчид эрх баригчдийн  албан тушаалын наймаа, хоморголон халах нь гэсэн шуумаар битүүхэн айдастай байдаг. Энэ нь 2016 оны сонгуулийн дараа элт мэдрэгдэж байсан. Тэгвэл эрх баригч намын зүгээс ямар нэгэн халаа сэлгээ, хоморголон халалт явагдахгүй. Бүх албан тушаалын томилгоог мэргэжлийн хүнээр солино гэж байсан. Албан тушаалын томилгоог мэргэжлийн хүнээр дүүргэсэн гэж бодоё. Тэгвэл хоморголон халалт юу болсон бол.

Өнөөдөр  Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22 мянган төрийн жинхэнэ албан хаагч ажлын байраа орхисон гэх статистик мэдээллийг хэлэв. Тэдний 7000 гаруй нь улс төрийн  намын харьяаллаас үүдэж, өөрсдөө өргөдлөө өгсөн гэнэ. Гэтэл төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн оноос 2000 гаруйгаар нэмэгджээ.

Мөн Ц.Оюунбаатар хэлэхдээ  “Аль нэг нам олонх болж гарч ирснийхээ дараа төрийн жинхэнэ албан хаагчдыг олон мянгаар нь ажлаас халж, оронд өөрсдийнхөө сонгуульд ажилласан хүмүүсийг авчирдаг. Энэ явдлыг зогсоох ёстой. Бөөнөөр нь халдаг байдлыг зогсоох шаардлагыг хүний эрхийн байгууллагууд УИХ, Засгийн газарт тавина” хэмээв.

Дашрамд дуурдахад, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, ирэх тавдугаар сарын нэгэнд Сүхбаатарын талбайд хөдөлмөрчдийн жагсаалыг зохион байгуулна гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх