Амьд байхад нь аав ээжийгээ асарч өргөсөн хүний энэ насны хэрэг бүтнэ /1-р хэсэг/


Хүн болж төрсөн төрөлдөө эх хүний хайр ачлал, эцэг эхийнхээ ач тусыг дурсан санаж аль нэг байдлаар хариулах жич санааг дотроо агуулж, бусдыг хайрлан, өөрийнхөө сэтгэлийг ариусган гэгээрүүлэх тал дээр зөв сэтгэлгээ хамгаас чухал. Эцэг эхийн ачийг хариулах сударт хэрхэн айлдсаныг товчлон өгүүлье.

Бурхан багш амьд сэрүүн үедээ нэгэн удаа олон шавь нараа дагуулан өмнө зүг явж гэнэ. Тэгж явахдаа Бурхан багш замын хажууд байсан овгор шороон дээрх хүний хувхай араг ястай дайралдсанаа зогсоод хүндэтгэн хичээнгүйлэн газарт мөргөөд боссоныхоо дараа ямар учиртайгаар энэ хувхай ясанд мөргөснөө шавь нартаа хэлсэнгүй. Гэтэл Ананд гэдэг шавь нь:

-Бурхан багш та ямар учиртайгаар энэ ясанд мөргөв? гэж асуув. Бурхан багш инээмсэглэн:

-Та нарын асуудаг зөв. Энэ овгор шороон дээр байгаа яс бол урьд өмнө эцэг эх минь болж явсан хүмүүсийн яс. Өвөг дээдэс, эцэг эхдээ мөргөхгүй хүн гэж хаа байхав. Хүнийг амьд байхад бие хаа, өмссөн зүүснээр нь эр, эмийг ялгах бүрэн боломжтой. Харин өнгөрсөн хойно нь хувхай араг ясыг хараад эр, эмийг хэрхэн ялгах вэ? Эр хүний араг яс эм хүнийг бодвол зовлон зүдгүүрийг бага эдэлдэгээс цагаан бөгөөд хүнд байна. Эмэгтэй хүний хувьд хүүхэд төрүүлж өсгөхөөс аваад зовлон зүдгүүрийг маш их амсч, янаг хайрын сэтгэлд маш их автдаг. Үр хүүхдээ энхрийлэн хайрлаж хөхөө хөхүүлэхээс аваад олон зүйл байна. Эхийн сүү хүүхдийн цус болон хувирч үр хүүхдийг тэжээдэг их хүчин зүйл. Нэг хүүхдийг тэжээж өсгөхөд 768 кг-аас доошгүй өөрийн шим болсон сүүгээ хөхүүлж өсгөдөг байна. Иймээс эх хүний бие турж эцдэг. Өөрийн шим шүүсээ алдан, яс чөмөг нь хорогдон хомсдохоор барахгүй үхсэний дараа гадна тал нь хар хөх болоод дотор тал нь сиймхий самбай мэт хөнгөн болно. Энд байгаа эмэгтэй хүний хувхай яс амьддаа маш их зовлон зүдгүүр үзсэн хүний яс байна хэмээн Бурхан багш номлосон байна.

Энэ тухай сонссон шавь нар нь элэг нь эмтэрч "Бид хүн болж төрөөд өдий зэрэгтэй явж байгаа нь ээжийн минь ачлал, биднийг өсгөх гэж зовсны үр шим юм даа" хэмээн ухаарцгаав. Энэ их зовлон зүдгүүрийг бага боловч нимгэлэн ачийг нь бид хариулж чадаагүй, энэ тухай нухацтай бодож байгаагүй байж бусдын төлөө буяны үйлийг яаж бодох вэ хэмээн сэтгэл зүрхээрээ шаналан

-Бурхан багш аа, та бидэнд элбэрэл буян, ээжийнхээ ачлалыг үнэн зөвөөр ойлгон, ачийг нь яаж хариулах талаар тайлбарлан хэлнэ үү гэхэд:

-Та бүхэн сонс. Ээжийн ачлалын тухай, үр хүүхдээ өсгөж өндийлгөхийн төлөө яаж зовж зүдэрдэг тухай арван төрлийн номлол байна гээд:

-Хүүхэд эхийн хэвлийд бойжихдоо өдрөөс өдөрт, сараас сард улам томорч тээж яваа эхдээ уул мэт дарамт болон хүндэрч, хүүхэд хөдлөхөд газар дэлхий доргих мэт болдог. Гэвч эх бээр хүүхдээ амь мэт хайрлан амар мэнд тээхийн тулд өөрийн зовлонгоо огоорч, хүүхдийнхээ төлөө анхаарал тавиад, түүний сайн сайхны төлөө оюун ухаан, санаа бодлоо зориулан өөрийгөө гаргуунд нь гаргадаг. Хүүхэд хэрхэн төрдгийг эх хүн бүр хэнээс ч илүү мэднэ. Монголчууд дээр үеэс жирэмсэн эмэгтэйг ихэд хүндэтгэн хайрлаж ирсэн. Хүүхдээ тээх хугацаа дуусч хүүхэд төрөхийн өмнө бие нь хүнд өвчин туссан мэт болж өдөр болгон толгой нь эргэн, нүд нь эрээлжлэн харанхуйлж сэтгэл нь тогтворгүй болон яаж төрнө дөө гэхээс айдаст автдаг юм. Хэдий өөрөө зовсон ч "Би яах вэ, хүүхдээ л эсэн мэнд төрүулчих юмсан" гэж бодож түүндээ бүхий л анхаарлаа тавьж, хэвлий дэх үрээ амар амгалан байлгахын төлөө санаа сэтгэлээ зориулж байдаг энэ ачлал бол гайхамшиг юм даа.

Эх хүн үр хүүхдээ төрүүлэхдээ асар их хүч, тэнхээ тамир алддаг. Тэр их өвдөлтийн дүнд 5 цул, 6 сав тасран салж байгаа юм шиг тарчлан зовж эрүүний яснаас бусад нь үеэрээ салдаг гэдэг. Ухаан нь бүрэг бараг болж, өвдсөн зовсондоо ухаан алдах мэт шаналан хүүхдээ гаргахдаа хонь нядалж байгаа юм шиг цус урсган, биеэ мянган хутгаар түмэнтээ сийчүүлэн огтлуулах мэт зовсны эцэст үр хүүхдээ төрүүлдэг. Төрсөн хүүхдийнхээ час хийн уйлах дууг сонсоод эх хүн өөрийнхөө бүхий л зовлонгоо умартан нялзрай үрээ элгэндээ наан тэвэрч, үрээ хайрласан сэтгэлийн их хайр нүдэнд нь инээмсэглэл болон тодрохыг харж болно.

Үр хүүхдээ төрсний дараа түүнийг өсгөж өндийлгөхийн тулд бас л олон зовлонг сэтгэлийн хатаар давах хэрэгтэй болдог. Ялангуяа нялх балчир үедээ асар их хайр халамж, асаргаа сувилгаа шаардаж идэх хоол, унтах нойрыг нь умартуулдаг юм шүү дээ. Унтаж байгаа үрээ айж цочиход нь хүртэл өөрөө цочиж, хүүхдээ бүдэрч унахад өөрөө унасан мэт бие сэтгэл нь өвдөж, орондоо шээхэд дуг нойроо хугаслан хуурайлж, норсон газар нь өөрөө унтах нь ч байдаг. Хүүхдийг хөхүүлэн өсгөж байгаа хайр халамж нь юугаар ч сольшгүй шим шүүс амьдралыг тэтгэгч ариунаас ариун рашаан билээ. Хөхөндөө сүү оруулахын тулд юуг ч идэж уухаас буцахгүйгээр барахгүй аль амттай шимтэй бүхнээ хүүхдээ хооллохын төлөө зориулдаг.

Хүүхдийнхээ төлөө гэх эхийн хайр халамж үнэхээр агуу юм. Эх хүн бол алтан мөчиртэй, навч шиг биетэй, лянхуа цэцэг мэт сайхан царайтай оюун санаа нь хөгжилтэй, хөмсөг нь саран мэт, уруул нь улаан ягаан өнгөтэй, идэр залуу насны цог жавхаа бадарсан тийм сайхан байхдаа үр хүүхдийнхээ хамгийн сайн сайхны төлөө хамаг байдгаа зориулсаар цэцэг мэт сайхан царайнд нь орчлонгийн үрчлээ, нугалаа бууж, дун цагаан хоёр гар нь хүүхдийнхээ хир буртгийг угаасаар үрчийж, тэр бүү хэл гэмтэл авч яр шархтай болох нь ч энүүхэнд.

Иймэрхүү байдлаар үр хүүхдийнхээ төлөө эрдэнэ мэт биеэ зориулсаар царай дүүрэн ядаргаатай болдог гэх мэтчилэн эх хүн үрийнхээ төлөө хэрхэн хамаг бие сэтгэлээ зориулдаг тухай дэлгэрэнгүй айлдав. Тийм их энэрэл хайранд умбуулж эцэс төгсгөлд нь өөрийн бие болон сэтгэлийн хувьд ийм болсон буянтай буурал ээж нар маань үр хүүхдээ харь хол явахад бүр их сэтгэл зовдог. Орон нутгаасаа холдоод явахад нь эцэг эх нь бурхандаа эсэн мэнд яваад ирэхийг даатган даруй түргэн буцаж ирэхийг хүсэн мөрөөдөн залбирч цай сүүнийхээ дээжийг өргөж, ой шугуй дахь хүн гөрөөс үр хүүхдээ алдахаараа хэрхэн зовж орилдог шиг эх хүн үр хүүхдээ ор сураггүй болоход элэг зүрхээ эмтэртэл санаж бусдын сэтгэлийг уяртал энэлэн хайлдаг.

Ялангуяа хүүхэд нь өвчин зовлонтой юм уу, тахир дутуу болоход эрүүл саруул байхад нь хайрлаж байснаасаа хэдэн арав зуу дахин илүү хайрлаж, сэтгэл зүрх нь эмзэглэж байдаг. Эцэг эх маань үр хүүхэддээ ямарваа зовлон тохиолдоход өдөр шөнөгүй тэнгэр бурхандаа залбиран даатгаж "Хүүхдийн минь зовлон надад ирж, хүүхдийг минь энэ зовлонгоос зайлуулж өгөөч" гэж хүсдэг.

Ээж нь 100 насалсан ч 80 настай өвөө эмээ болсон хүүхдээ нялх хүүхэд шиг хайрласаар байх эцэг эхийн өршөөл хайрын ач гавъяа гэдэг хэлээд баршгүй агуу юм. Ийм учраас эцэг эхийнхээ хайр энэрлийг бодохгүй, санахгүй зарим хүний санаа сэтгэл нь мангуу догшин хэрцгий байдаг нь эцэг эхийнхээ өршөөл хайрыг огтхон ч боддоггүйн гэрч юм. Энэ нь эцэг эхийнхээ ачийг мартаад ачийг нь бачаар хариулж байгаагийн илрэл. Үр хүүхэд нь элбэрэл урамгүй, сэтгэл эмзэглүүлэн явах нь эцэг эхийн сэтгэлийг үнэхээр их эмтрүүлдэг.

үргэлжлэл бий...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

bolor 2017 03 сар 26

Eej aaviihaa achiig hariulah yumsan.uuriihuu sain saihnii tuluu bish ter 2 hoo tuluu amidarch setgeliig ni zovoohgui urgelj bayarluulj yvah yumsan.

bolor 2017 03 сар 26

Eej aaviihaa achiig hariulah yumsan.uuriihuu sain saihnii tuluu bish ter 2 hoo tuluu amidarch setgeliig ni zovoohgui urgelj bayarluulj yvah yumsan.

bolor 2017 03 сар 26

Eej aaviihaa achiig hariulah yumsan.uuriihuu sain saihnii tuluu bish ter 2 hoo tuluu amidarch setgeliig ni zovoohgui urgelj bayarluulj yvah yumsan.

bolor 2017 03 сар 26

Eej aaviihaa achiig hariulah yumsan.uuriihuu sain saihnii tuluu bish ter 2 hoo tuluu amidarch setgeliig ni zovoohgui urgelj bayarluulj yvah yumsan.