Дүрмээ батлуулж чадаагүй С.Эрдэнийн АН-д хийх шинэчлэл нурлаа

Улс төр Монгол Админ 2017 03 сар 17 244

Б.ДАМДИН-ОЧИР

Мордохын хазгай гэж айхтар үг бий. Ардын үгэндяаж ийгээд үнэний хувь ихээхэн оршсон байдаг. Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр болсон АН-ын даргын сунгааны дүн гарсны дараа мөн ч олон хүний амнаас “...Илбэдчихлээ” гэсэн үг сонсож байв. Муухай үг шүү, энэ.

АН-ын гишүүдийн са­нал өгдөг өдөр мөнгөтараа­гаад л, түүнийг нь баримт­жуулсан бичлэг цахим сүлжээгээр дуулиан шуугиан тариад сүйд болж байв. Гэсэн ч мөнгө тараалгасан гэх С.Эрдэнэ АН-ын дарга болж, энэ намын олонх гишүүд илбэ үзсэн нь энэ.

Түүнээс хойш ч яав даа гэмээр үйл явдлууд арараасаа цуварсан. Намынхаа тамгыг авч амжаагүй байхад нь эрх баригч намын дарга М.Энхболд хүлээн авч баяр хүргэн, мөн­гөн аяга хадагтай бэлэг­лэсэн. Бас л сонин үзэг­дэл. Үнэн хэрэгтээ, намын­хан­тайгаа ч ялалтын хундагаа тогтоож, гар хөлөө барил­цаж амжаагүй байж эрх баригч намын даргын урил­гаар яваад оччихдог нь сонин гэхээсээ хачин юм.

Ингээд С.Эрдэнэ дарга ажилдаа орлоо. Намынхнаа нааш нь эргүүлэх гарцаагүй сайнхувилбар гэж үзээд Хүүхдийн парк түшүүлэн барьсан “Шонхор тауэр”-аа намдаа бэлэглэлээ. Бэлэглэлээ ч гэж, С.Эрдэнэ намын даргаасаа буухад энэ нам байргүй болох хувилбар. Тэрбуулаа л бол “...Гар” л гэнэ. Ядаж байхад “Шонхор тауэр”-ын боссон түүх их маапаантай. Үндсэндээ дарга байхдаа намдаа ийн ашиглуулж байгаа нь мөнгө угаахтай яг адилхан юм. АН энэ байранд байж байгаад гарсны дараа “Шонхор тауэр”-ыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрээр босгосон юм гэж бараг хэлэхгүй дээ. АН-ын хуучин байр л гэнэ. Энэ үйлдэл нь мөнгө угаахтай тун төстэй байгаа биз. За, энэ ч яахав.  

АН-ын түүхэнд сайн, муу олон л дарга байсан. Тэр хэрээрээ алдаа оноотой, зэмлэл шүүмжлэл ч ихээхэн сонсдог байв. Харин тэд айдаг даргатай байж үзсэн эсэхийг мэдэхгүй юм. Юутай ч АН-ынхан С.Эрдэнэ даргаасаа маш их айж байгааг энэ намд өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд нотолж байна.

Энэ намын Дотоод сонгуулийн хороо гэдэг татварын алба шиг газар бий болсон талаар гишүүд нь хэд хоног ам хуурайгүй ярилаа. С.Эрдэнэ дарга болон эрх мэдлээ хэтрүүлсэн энэ нэгжийн удаа дараа явуулж байгаа үйл ажиллагаанд гишүүд нь тун дургүй байгаагаа илэрхийлсэн. Дотоод сонгуулийн хороо нь бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлсэн гэнэ. Ер нь АН-ын дотоод сонгуульд оролцох хүсэлтэй гишүүд нь татвар, хураамж төлөх хэрэгтэй болсон л доо. Хамгийн ноцтой нь авч байгаа татвар хураамж, дэнчингийн хэмжээ маш өндөр байгаа. Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд нэг сая төгрөгний дэнчин төлдөг байсан.

АН-ын шинэ удирдлагуудын тогтоосноор Үндсэн бодлогын хорооны гишүүн болохоор нэр дэвшигчийн сонгуулийн хураамж 3 000 000, дэнчин 3 000 000, нийлээд 6 000 000 төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшигчийнсонгуулийн хураамж 90 сая, Аймгийн намын даргад нэр дэвшигч 15 сая, Дүүргийн намын даргад нэр дэвшигч 20 сая, нэр бүхий гурван дүүргийнх 10 сая, Сумын намын хорооны даргад нэр дэвшигч 200 мянган төгрөгийн хураамж төлнө. Мөн Нийслэлийн намын хорооны гишүүн болоход хураамж 1.5 сая, дэнчин 1.5, нийлээд гурван сая, Аймгийн намын хорооны гишүүний хураамж 50 мянга, дэнчин 120 мянга, нийлээд 170 мянга, Дүүргийн намын хорооны гишүүний хураамж 250 мянга, дэнчин 500 мянга, нийлээд 750 мянга, нэр бүхий дүүргүүдэд намын хорооны гишүүн болно гэвэл хураамж 50 мянга, дэнчин 120 мянга, сумын намын хорооны гишүүнд нэр дэвшиххураамж 12 мянга, дэнчин 12 мянга, нийлээд 24 мянган төгрөг болно. АН-ынхан энэхүү хураамж, дэнчингийн мөнгө гэж нийт 10 322 016 000 /Арван тэрбум гурван зуун хорин хоёр сая арван зургаан мянга/ төгрөг цуглуулна гэж тооцжээ.

Энэ сарын 7-ннос эхлээд хэд, хэдэн удаа АН-ынгишүүд даргадаа шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь Ерөнхийлөчгийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанаас өөр ил гараадшаардсан хүн нэг ч байхгүй. Байсгээд л АН-ынэмэгтэй гишүүд, эсвэл АН-ын гишүүд гэсэн эзэн биегүй мэдэгдэл хэвлэлээр тараад эхэлнэ. Энэ юуг хэлээд байна гэвэл АН-ынхан С.Эрдэнэ даргаасаа айгаад байгааг хэлж байгаа юм.

Тэрчлэн АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа гуравдугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагаар дуусгавар болно гэж зарлаад байсан юм.

Гэвч нийтээр тэмдэглэх баярын өдөр, амралтын өдрүүд бүртгэлийн үйл явцтай давхцаж таарсан нь зарим нэр дэвшигчийг бичиг баримтын бүрдлээ хангах, дэнчин, хураамжаа төлөхөд хүндрэл учруулсан талаар Дотоод сонгуулийн хороонд нь санал, хүсэлт ирсний улмаас нэр дэвшигчдийг бүртгэх хугацааг энэ сарын 15-ныг хүртэл сунгасан юм. Эхний тов болох 13-ныөдрийн 15:00 цагийн байдлаар АН-ын Хууль дүрмийн бодлогын газрын Гишүүнчлэл бүртгэлийн албанаас Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 620 хүн лавлагаа авчээ. Тэднээс материалаа бүрдүүлж татвараа төлж, нэр дэвших эрхээ авсан 374 хүн байгаа юм байна. Аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлсөн байна. Харин Нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн АН-ынхорооны дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлжээ. Ийн АН-ын дансанд энэ сарын 15 гэхэд 10 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн байна. Харин тэр өдөр хуралдсан Дээд шүүхийн хуралдаанаас тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Харин Үндсэн хууль, Улстөрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, АН-ын даргаар С.Эрдэнийг сонгосныг бүртгэсэн юм. Товчхондоо даргыг нь бүртгээд дүрмийг нь хууль бус гэв.

Эх сурвалжийн мэдээллээр бол Дээд шүүх АН-ын дүрмийг хууль бус гэж үзсэн ч гишүүд нь Үндсэн бодлогын хороо, Аймаг, дүүргийн намын хорооны дарга, намынхорооны гишүүнд нэрээ дэвшүүлэхээр хураамж, дэнчингээ төлсөөр л байжээ. Энэ бас л анхаарал татаж байгаа юм.

Тэд С.Эрдэнэ даргаасаа айж байгаа юм. Учир нь Дээд шүүхийн шийдвэр гарсан ч С.Эрдэнэ дараа нь ямар чнугалаа гаргаж магадгүй. Түүнээс нь болоод хоцорчихвол юу ч үгүй хоцорно гэсэн цор ганц зорилгоор мөнгөө бариад нам руугаа гүйсэн байгаа юм. Ер нь бол шүүхийн шийдвэр гарчихаад байхад ийн мөнгө төгрөг төлсөн нь С.Эрдэнэ даргадаа маш итгэдэгтээ юм уу, С.Эрдэнэ даргыгаа шүүхээс том гэж бодсон хэрэг огтоос биш. Харин түүнийг яаж ч магадгүй гэж айсных юм.

Шүүхийн шийдвэрийн дараа АН-ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлаж “...Намын дотоод ажилд шүүх оролцож хутгалдлаа” гэж мэдэгдэв. Харин энэ цаг үед АН-ын дансанд “хууль бус”-аар 10 гаруй тэрбум төгрөг орсон байгаа. Цаашид яах вэ. Энэ бол яахын аргагүй тавигдах асуулт. АН-ын жирийн гишүүн байтугай С.Эрдэнэ дарга ч ингэж толгойгоо шааж байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураахад хоёр сар гаруй, нэр дэвшигчээ тодруулахад сар гаруйхны хугацаа үлдээд байдаг. Нам нь урагш алхаж шинэчлэгдэх байтугай “ухардаг”-таа хийчихээд нам зосчихсон. Үнэндээ өнгөрсөн хэдэн сард ярьсан шинэчлэл гээч энэ дүрмээр л халхлагдан гишүүдийнх нь тархинд сууж байлаа. Түүнээс биш намын дарга нь хуучин, нөгөө л С.Эрдэнэ шүү дээ. Одоо хуучин дүрэмтэй, хуучин бууны хугархайгаа удирдуулсан АН Ерөнхийлөгчийн сонгуулийг чухам ямраар харвал зохих вэ.

Хэд, хэдэн хүний нэр яригдаад л байгаа. Гэхдээ яриад байсан намын дотоод сонгууль явуулж сунгаа хийх нь Дээд шүүхийн шийдвэрээр боломжгүй болчихов уу, яав. Юутай ч цаг нь тулсан, нам эмх замбараа, хөл толгойгүй болж буй энэ үед ганц бэлэн кандитатаа л АН Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоос өөр аргагүй болчих шиг боллоо. Намын даргын сунгаанд С.Эрдэнийн дараах олон саналыг зулгаасан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л АН-ын найдвар болж өрсөлдөх болох нээ, янз нь.

Уг нь энэ нам өнөөдөр ийм явах ёсгүй юм. Хэдхэн сарын өмнө төрийн эрх барьж байсан улс төрийн хүчин юм шүү дээ. Дээрээс нь 2016 оны сонгуулиар эрх баригчдын дараа орох олон суудлыг авсан, одоо УИХ-д бүлэгтэй. Түүх яривал ардчиллыг үүсгэн байгуулагчдын байгуулсан таван намыг нэгтгэсэн их айл юм. Энэ утгаараа өнөөдөр УИХ-д 65 суудалтай занхайж яваа МАН-ын ганц шилбүүр, ухамсрын шанаа өгдөг сөрөг хүчин байх учиртай юм. Тэр ч бүр даший шог. Тэр талаар ярилт ч үгүй. Харин одоо илбэ үзүүлдэггүй л юм бол энэ намыг сэргээхэд ихээхэн хэцүү болсон бололтой.

Зууны мэдээ сонин

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх