Л.Галбаатар: Шүүгчийн буюу шүүн таслах ажиллагааны оролцогчийн аюулгүй байдлыг хангах бодит шаардлага байгаа


Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

-Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэлийн талаар яриагаа эхлэе?

-За тэгье. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийг арга зүй, мэдээлэл, судалгаагаар хангах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, хууль зүйн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014.04.11-ний өдрийн хуралдааны 25 дугаар тогтоолоор байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014.04.17-ны өдрийн хуралдааны 26 дугаар тогтоолоор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дүрмийг баталсан.

-Тахарын алба ажиллаж байх хугацаанд давуу тал нь юу байсан бэ?

-Өмнө нь шүүхийн байруудыг мэргэжлийн бус хүмүүс хамгаалдаг байсан. Тахарын албаны албан хаагчдын хувьд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшүүлэх болон дахин мэргэшүүлэх сургалтад удаа дараа хамрагдсан алба хаагчид байдаг. Үүнээс гадна техник, тоног төхөөрөмжийн хувьд тусгаарлах тууз, эд зүйлийг хадгалах электрон шүүгээ, металл илрүүлэгч хаалга зэргийг байрлуулж өгснөөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны нөхцлийг сайжруулсан.

Түүнчлэн Тахарын албанаас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд шүүхийн байруудад согтууруулах ундааны хувь тогтоогч, металл илрүүлэгч болон бичиг баримт хуулбарлагч сканнер байрлуулсан. Шүүхийн байруудад анхны түргэн тусламжийн хайрцаг болон өвчтөнг зөөх дамнуургыг бэлэн байлгаж шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн биеийн байдал гэнэт муудах зэрэгт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Гол онцлох зүйл бол өмнө нь шүүхээс хүсэлт гаргасны дагуу цагдаагийн ажилтан шүүх хуралдааны дэг сахиулдаг байсан. Харин Тахарын албаны мэргэшсэн алба хаагчид хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн дагуу 212557 шүүх хуралдааны оролцогчийн аюулгүй байдлыг ханган ажилласан. Энэ нь Монгол Улс дахь шүүхийн аюулгүй байдлыг хангах бүтцийг бэхжүүлэх нь нэн чухал болохыг харуулж байгаа.

-Тахарын алба татан буугдсанаас хойш эрх зүйн орчин нь ямар зохицуулалтаар явж байна вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-аар зохицуулж байна.

-Энэ нь Тахарын албаны хэмжээнд ажиллаж чадаж байна уу?

-Тахарын алба шинээр байгуулагдаад гурван жил гаруй болоод татан буугдсан. Саяхан Сүхбаатар дүүргийн шүүх хурал дээр яллагдагч хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан. Энэ нь мэргэшсэн албан хаагчид шүүхийн танхимд аюулгүй байдлыг хангах нь маш чухал болохыг харууллаа.

-Ямар зохицуулалт хийвэл оновчтой шийдэгдэх вэ. Тахарын алба эргүүлэн байгуулагдах тухай яригдвал ямар байр суурьтай байна вэ?

-Асуудал нь тахар, цагдаадаа биш л дээ. Гол нь шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй албан тушаалтнуудыг нарийн мэргэшүүлэх, албаны бэлэн байдлыг хангах нь чухал. Энэ нь хүний болон санхүүгийн нөөц бүрдүүлэх, тухайн албаны үйл ажиллагааг бүрэн дэмжихтэй шууд холбоотой.

-Одоогийн зохицуулалтаар шүүгч, гэрч, хохирогч, өмгөөлөгийн аюулгүй байдал хангагдаж чадсан уу?

-Одоогийн “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-аар тодорхой асуудлыг зохицуулж байгаа. Гэхдээ үүгээр сэтгэл амрах бус, ирээдүйн боломжит эрсдэлийг тооцож аюулгүй байдлын үйл ажиллагааг цогц, шинэлэг болгох шаардлагатай гэж бодогддог.

-Шүүгчийн гарт хүний хувь заяа байдаг. Гэтэл шүүгчийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс үүдсэн хариуцлагыг хэн нэгэн хүлээх зохицуулалт байдаг уу?

-Одоогийн Эрүүгийн хуульд зааснаар 245.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 245.2. Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байгаа.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар 21.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж заасан.

-Тэгвэл шүүгчийн аюулгүй байдалд ноцтойгоор халдаж байсан тохиолдол байдаг уу?

-2015 оны эхний 9 сарын байдлаар шүүгч-2, улсын яллагч-2, гэрч-5, хохирогч-26, хамаарал бүхий этгээд-29, нийт 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Энэ хэмжээний хүмүүст бодитой аюул учирсан буюу учрах эрсдэлтэй байсан гэсэн үг л дээ

Шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүгчийн биед халдсан гэмт хэргүүд гарсаар байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл буюу шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэргийг 2014-2015 онд шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол дөрвөн удаа гарсан байна. Үүнээс гадна Тахарын ерөнхий газраас зөвхөн есөн сарын хугацаанд шүүгч, улсын яллагч, гэрч, хохирогчдын хамаарал бүхий нийт 64 иргэний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байгаа юм. Энэ бол маш ноцтой тоо баримт. Тиймээс ч шүүх, шүүгчийн буюу шүүн таслах ажиллагааны оролцогчийн аюулгүй байдлыг хангах бодит шаардлага байгаа нь үүнээс харагдаж байгаа.

-Шүүн таслах үйл ажиллагаанд ийм ноцтой асуудал байна гэдгийг холбогдох газруудад нь мэдэгддэг үү?

-Тахарын албаны хууль хүчингүй болсоны дараа шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой гол зохицуулалт нь Цагдаагийн албаны тухай хууль болсон. Гэвч энэ хуульд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалтгүй байсан. Энэ байдлыг хэлж, холбогдох санал тавьсаны дагуу саяхан буюу 2017.02.09-ний өдөр батлагдаж, 2017.03.02-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаарх Цагдаагийн байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан.

-Тэр хууль бодит амьдралтай хэр нийцэж байна вэ?

-Хуулийн зохицуулалт бол амьдралд нийцэж байна. Харин тэр хуулийн зүйл, заалтыг бодитоор, үр дүнтэй хэрэгжүүлэх ажил хүлээгдэж байна.

-Ямар шалтгаанаар хүлээгдэж байгаа вэ?

-Саяхан батлагдсан тул хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө гаргах ёстой болов уу.

-Хуульд нийцсэн зохион байгуулалтанд орно гэж ойлгож болох уу?

-Тийм, болно.

-Шүүхийн үйлчилгээнд иргэд хэр сэтгэл хангалуун байна. Энэ талаарх судалгаа байдаг уу?

-Арван хүний найм нь шүүхэд итгэдэггүй байсан бол 2015 оны байдлаар шүүхээс үйлчилгээ авсан хүмүүсийн 85 хувь нь шүүхэд итгэж байна гэсэн судалгааны дүн гарсан. Энэ итгэлийг хамгаалах нь шүүхийн цаашдын зорилт гэж үздэг.

-Шүүгчийн нийгмийн хангамжийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Үндсэн хуульд зааснаар Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана. Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна. Мөн хуулийн “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг гэхдээ УИХ-аас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх