Эмч болох хүүхдийг эдийн засагч болгоно гэдэг "үрээ зулбуулахтай" адил


"Чам шиг тэнэгийг үзсэнгүй, юу ч сурахгүй нөхөр" гэж сургуульдаа адлагдсан Эдисон яагаад хэрхэн 1ООО гаруй нээлт хийж дэлхийн суут 1ОО хүний дотор үргэлжид явдаг вэ? Өөрийгөө таньж, өөрийнхөө хязгааргүй дурласан тэр зүйлээ олж чадсан буюу мэргэжлээ зөв сонгосонд байна.

Дэлхийн шатрын аварга дотроо хамгийн хурц гайхалтай тоглолттой Фишер 3-р ангиа хаяад "Миний амьдрал шатар" гээд зүтгэчихсэн. Ньютон, Ландау ч ялгаагүй сурлагаар гоц байгаагүй дээ. Ийм жишээг хэлбэл хэдэн арван боть ном болно. Би сургуулиа, хичээлээ бүү сонирхо, хая гэж байгаа бишээ. Өөрийгөө олсон хүн мэргэжлээ олно, мэргэжлээ олсон хүн амьдралаа олно гэдгийг хэлж байгаа юм. Ялангуяа энэ жил ЕБС-иа төгсөөд амьдрал руу шурган орохоор өөрөө ч догдолж байгаа, аав ээжээ ч догдлуулж байгаа чамд л хандаж байгаа юм. Чамд эцэг эх чинь, багш чинь байнга хэлж заримдаа бүүр чихний чийр болсон тэр зүйл чинь "Чи ямар мэргэжилтэй болох юм бэ?" гэдэг том асуулт??? Эцэг эхийн ч, чиний ч асар том, асар хэцүү тоо бодлого чинь бол мэргэжлээ сонгох. 5 салаа бодлоос зөвхөн нэгийг онох...Энэ бодлогыг аав ээжтэйгээ, багштайгаа хамтраад бодох ёстой зүйл. Харин тооны хариуг агуу их нөхөр минь чи гаргах ёстой. Хэн ч чиний өмнөөс бодож чадахгүй бодлого. Аав ээжүүд ашигаа харна. Уул уурхай хөгжих нь ээ, чи инженер бол л гэнэ. Хуульч болоход чиний амьдралд хэрэгтэй гэнэ.

Амьдралын дунд чи хөөрөн дэгдэх, гялалзан харагдах од болох тийм хувь тавиалнд мэргжил чинь л хөтлөнө. Гайхамшигт мэс засалч болох хувь заяатай хүүхдийг эдийн засагч болгохоор зүтгүүлж байгаа бол "үрээ зулбуулахтай" адил. Өөрөөсөө өдөр бүр асуух, өдөр бүр хариулах тэр зүйл бол би ирээдүйд хэн болох вэ? гэдэг л байгаа юм. Хэрвээ мэргэжлээ буруу сонгосон бол амьдралын туршид чи бариу гуталтай явсаар, хөлөө холгуулсаар байгаад дуусна, энд тэнд очиж шаарлагдсаар байх болно.

Одооны бүр жижигхэн бага ангийн хүүхдүүдээс асуухад "Би Ерөнхийлөгч болно, би Ерөнхий сайд болно, УИХ-ын гишүүн болно" гэх болжээ. Ингээд л сургачихаж. Амбиц муу зүйл биш, сайн хэрэг. Мөрөөдөл гэдэг чинь бурхан. Энэ бурхандаа залбираад байвал түүндээ хүрнэ. Гэхдээ л 3 сая хүнээс зөвхөн нэг нь л Ерөнхийлөгч болдог юм шүү дээ. Чи түүнд багтах юмуу? Энэ бол хар багаасаа л улстөрийн хэнээ тусаж байгаа хэрэг. Бид хөөрөгдсөөр байгаад үр хүүхдээ ийм болгож байна.

Эзэмшиж чадвал мэргэжил бүхэн сайхан. Эс чадваас бас аврагч биш. Еврейчүүд 2-3 гадаад хэл сурахгүй бол чи хүн заяанд яваад хэрэггүй гээд заавал түүндээ хүрдэг байна. Гадаад хэл мэргэжил биш л гэлцдэг. Гэхдээ ямар мэргэжилд хүргэхэд агуу их боломжийг хайрлагч төдийгүй чамай дээр 2,3 хүнийг нэмж байгаа хэрэг Дээр нь хэл ярианы урлаг буюу илтгэх урлагт шамдвал бүр болоод явчихна.

Харилцаа гэдэг агуу юмны мөн чанарыг нээчихвэл бас бүр болоод явчихна. Манай Монгол инженергүй орон болчих гээд байна. Инженер нэртэй хүн инженер биш. Агуу их инженерүүд агуу Америкийг, аугаа Европыг, агуу Японыг, Сингапурыг босгосон. Тийм инженерийг инженер гэхээс багаж барьсан болгон инженер биш дээ. 

Мэргэжлээ сонгоход анхаарах 3 зүйлийг өнөөгийн сурагч чамд хэлье

Нэгд: Чи өөрөө хэн бэ? өөрийнхөө авъяасыг олж таньж чадсан уу? гэж асууя. Олон оюутан би ямар авъяастайгаа мэддэггүй гэдэг. Авъяасгүй хүн гэж байхгүй. Бүр тэнэг шүлсээ гоожуулсан хүнд ч гоц авъяас ажиглагддаг. Тэр дуртай хөгжмөө дарж, дуулдаг, гайхалтай гарын дүйтэй байх нь бий. Авьяас - байгалийн төрөгдөл, цусанд чинь "буцалж бургилж" байгаа тэр зүйл. Тэр хэзээ ч чамаас ховхорч алга болохгүй.

Хоёрт: Чи энэ мэргэжлийг эзэмшээд хаанаас хаа хүрч чадах вэ? Чамд ямар шидэт ертөнц, ямар гайхалтай ирээдүй харагдаж байна вэ? Бүр дуу алдтал мэдрэгдэж байна уу? Үүнийг өөрөө өөрөөсөө асуу. 

Гуравт: Чамд өдөр ч шөнө ч бодогдоод шохооролд автагдаад бараг "өвчин" болоод явдаг зүйл бий юу? Охинд ч юмуу хүүд дурласан шиг тийм хатгаад, өдөөд, байж ядуулаад байдаг зүйл байна уу? Бүх амжилтын түлхүүр бол түүндээ хязгааргүй дурлах. "Гайхамшигт оюун ухаан" гэдэг кино үзсэн үү? Нейш гэх Нобелийн шагналт цуут математикчийн амьдралд тулгуурласан бүтээл бий. Оюуны зөв гажиг бол чиний мэргэжлийн нэг дусал ч байж болох юм шүү. Найрагч, зураач, хөгжмийн зохиолч, бас бус сэтгэгчдэд ийм зүйл байдаг ч...Авъяас заримдаа аврагч биш сүйрүүлэгч байх нь ч бий.

Эцсийн эцэст хүн залуургүй бол ямар ч сайхан мэргэжил эзэмшээд, далайд яваа сэлүүргүй завь мэт сүйрэлд өртөнө. Сайхан мэргэжлийг дампуурал болгочихсон хүмүүс бишгүй дээ. Сонгочихсон биш, бүх сонголт өмнө чинь байна гэдэг атаархмаар аа. Сайхан ханьтай болох, сайхан мэргэжилтэй болох, сайхан машинтай болох гээд...
 

МУСГЗ До.Цэнджав

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх