Аваргуудын лигийн сугалаа сонирхолтой боллоо


Буурал Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн 2016-2017 оны улирал замынхаа хагасыг туулаад байна. Өнгөрсөн долоо хоногт шөвгийн 16-н хариу тоглолт өндөрлөж дунд шөвгийн сугалаа явагдлаа. Шөвгийн 8-д хөлбөмбөг сонирхогчдыг баясгах сонирхолтой оноолтууд гарч гал гарсан сонирхолтой тулаанууд хүлээж байна.

Шөвгийн 8-н сугалаа:

  • Ювентус – Барселона
  • Боруссиа Дортмунд – Монако
  • Бавари Мюнхен – Реал Мадрид
  • Атлетико Мадрид – Лейстер Сити

Ювентус – Барселона: Европын хоёр шилдэг клубууд 12, 13 дахь удаагаа хоорондоо тоглох болж байна. Тэд Европын тавцанд өмнө нь 10 удаа учраа таарсны 5 нь Аваргуудын лигийн тоглолт байжээ. Хоёр баг Аваргуудын лигт 5 удаа учраа таарахад 2 удаа Барселона клуб хожсон бол Ювентус 1 удаа хожиж хоёр удаа тэнцэн байдаг. Хамгийн сүүлд 2014-2015 оны Аваргуудын лигийн шигшээд таарахад Барселона клуб өрсөлдөгчөө Ракитич, Л.Суарез болон Неймар нарын гоолоор хожиж байсан.

Боруссиа Дортмунд – Монако: Хоёр баг Европын тавцанд анх удаагаа учраа таарч байгаа нь энэ ажээ. Францын лигийг тэргүүлж буй Монако клубт К.Мбаппе хэмээх 18 настай авъяаслаг довтлогч нээлт болоод байгаа. Тиймдээ ч түүнийг Францын шигшээ багийн дасгалжуулагч Д.Дешам шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудаад байна. Францын лигтээ аль хэдий нь 10 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, Аваргуудын лигт 2 гоолыг оруулаад байгаа К.Мбаппегийн хувьд энэ улирал тун гайхалтай үргэлжилж байгаа билээ. Одоо хагас шигшээд үлдэх гэвэл П.Обамеянг, М.Ройс, А.Шюррле, М.Гёце тэргүүтэй Боруссиа Дортмунд клубыг буулгах авах ёстой.

Бавари Мюнхен – Реал Мадрид: Энэ цаг үеийн Европын хамгийн хүчирхэг хоёр багийн тулаан мэдээж олон хүний анхаарлыг татаж буй нь зүйн хэрэг. Европын дэвжээнд 22 удаа учраа таарахад Бавари Мюнхен 11 хожсон бол Реал Мадрид 9-төө ялалт байгуулж, 2 удаа эвийн гэрээгээр өндөрлөж байжээ. Анх 1976 онд таарахад Бавари Мюнхен өрсөлдөгчөө 3-1 харьцаатай хожиж байсан. Мэдээж аль аль багт боломж бий. Хэн нь хэнийгээ ч хожиж болно. Харин К.Анчелоттигийн хувьд хувийн амжилтаа ахиулж, Аваргуудын лигт 3 өөр багийг удирдан 4 дэх цомоо өргөхийг хүсэж байгаа нь дамжиггүй. Тэгвэл нэгэн цагт түүний туслахаар ажиллаж байсан З.Зидан түүнийг хүлээж байна.

Атлетико Мадрид – Лейстер Сити: Английн лигийн нэр төрийг П.Гуардиолагийн Манчестер Сити, М.Почеттиногийн Тоттенхэм Хотспур, А.Венгерийн Арсенал биш харин Лейстер Сити авч гарлаа. Энэ улиралд лигтээ маш хангалтгүй тоглож байгаа Лейстер Ситиг Европын шилдгүүдийн өрсөлдөөнд оролцож дунд шөвөгт шалгарна гэж таамагласан хүн байхгүй болов уу? Гэхдээ У.Морган, Ж.Варди, Р.Махрез, Д.Дринкуотер тэргүүтэй Лейстер Сити олон хүнийг алмайруулаад байна. Гэхдээ тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь Испаний шилдэг клуб, сүүлийн 3 жилийн аваргуудын лигийн хошой дэд аварга Атлетико Мадрид клуб хүлээж байна. Юу болохыг ирэх 4 сард харах л үлдлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

.Баяр 2017 03 сар 20

Бүх тоглолт гал гарсан болох хэдий ч хамгийн сонирхолтой нь АТЛЕТИКО-ЛЕСТЕР болох байх. Лестер хожигдсон ч зовох юм байхгүй фэнүүд нь алга ташиж хүлээн авна. Лестер Том бөхийн аманд очсон шижигнэсэн залуу бөх шиг шийдэмгий үзэх болов уу. Эсрэгээрээ Атлетико дарамттай тоглоно. Харж л байя.