Ж.Эрдэнэбат: Ард түмэн биш, Монголын төр өөрөө бүсээ чангална

Улс төр Монгол Админ 2017 03 сар 20 1195

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр төрийн албаны удирдах ажилтнуудтай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулж, үүрэг чиглэл өглөө.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар өнгөрсөн хугацаанд субботник буюу их цэвэрлэгээний ажил хийсэн хэмээн Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд онцлов.

Тэрбээр, “Би их цэвэрлэгээний талаар бүгдийг нь биш, гуравхан жишээ хэлье.

Нэгдүгээрт, “Манай улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж, сахилга баттай болголоо. Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхий олон орны хувьд тааруухан жишээ болгон ярьгдаж байлаа. Энэ бол Монгол Улсын ард түмний төлсөн татварыг талаар нэг тарааж, хяналтгүй, дур зоргоороо цацаж ирсний гор юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, зорилго, зориулалтдаа ахадсан нэртэй бондууд, концесс нэрийн дор ард түмний татвар, авчирсан зээл, хэвлэсэн   мөнгөө ямарч хяналт, тооцоо судалгаагүйгээр зарцуулсан. Жишээ нь 2012-2016 онд Архангай, Хөвсгөл аймгийн төвд адилхан долоон км автозам тавсан. Хөвсгөл аймагт долоон тэрбум төгрөгөөр тавьсан байхад Архангай аймагт 3 дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан байна. Увс аймагт гэхэд 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг төр, засгийн  ямарч шийдвэргүй,  гэрээ хэлцэлгүй барьсан байна.

Бид ажил авсны дараагаас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан  гадаад худалдаа 1.6 тэрбум доллараар ашигтай гарсан нь бид нэгдмэл сэтгэл, зүрхтэй ажилласны бодит жишээ юм.

Хоёрдугаарт, 2017 оны 3 дугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, дампуурлаа зарлуулах уу гэсэн асуулт ард түмэн болон олон улсын түвшинд байсан. Харин өнөөдөр Монгол Улс 580 сая долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө “ногоон гэрэл” асааж чадлаа. Хэдхэн хоногийн өмнө  олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум долларын санал ирүүлснээс дээрх бүхэн хоосон яриа биш гэдэг нь харагдаж байна.

Гуравдугаарт, Бид энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид төлж ирсэн  нүүрсний өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монгол Улсыг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын Зүүн Цанхийн нүүрс Монголын ард түмний мэдэлд эргэн ирнэ. Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 доллар байсан. Тийм учраас бид гар хумхин суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, нэг тонныг нь 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол зөв менежментийн үр дүн юм” гэлээ.

Монгол Улсын эдийн засгаа сэргээх нь төр өөрөө бүсээ чангалахаас, тансаглалыг зогсоохоос эхэлнэ гэдгийг мөн дурьдаад, “Манай улс эдийн засгаа хямралаас гаргах ОУВС-ийн дэмжлэгтэйгээр эдийн засгаа сэргээх, тогтворжуулна. ОУВС Монгол Улсын эртний сайн түнш. Анх 1991 онд ОУВС  “Монголд хандивлагчдын” хөтөлбөрийг анх хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнд манай улсын эдийн засаг сэргэж,  хандив хүлээн авагч орноос хандивлагчийн эгнээнд шилжсэн. Хамгийн сүүлд 2009 онд дэлхийн  эдийн засгийн хямралын үед ОУВС манай улсад  “Стэнд бай” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Үр дүнд нь дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал дундаас Монгол Улс ганцаараа 17  хувийн өсөлт үзүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг  хуурч, олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол Улс ОУВС-ийн батлан даалтаар гарах гэж байна. Ингэснээр Монгол Улсын зэрэглэл олон улсын санхүүгийн зах зээл дээр сэргэнэ.

Төр мөнгөтэй байж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эдийн засгийн таатай орчноос дутуугүй чухал зүйл бол нийгмийн шударга ёс. Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байгааг би Ерөнхий сайдын хувьд ч, энэ улсын иргэний хувьд ч  мэдэрч байна. Ардчилсан нийгэмд төрийн  хүч  олон түмний итгэл, хүндлэлээр илэрхийлэгддэг. Бид шударга ёсны үнэлэмжгүй, санхүүгийн сахилга батгүй ийм л нийгэмд амьдарч байна. Одоо бүгдээрээ энэ бодит байдалтайгаа эвлэрцгээе, асуудлаа шийдэцгээе. Бид нийтээрээ, нийгмээрээ маргаашийнхаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтоно. Бид хийхгүй бол гадны улс орноос хэн нэгэн ирж хийж өгөхгүй. Тийм учраас хууль нь шударга үйлчилдэг, санхүүгийн сахилга баттай шинэ нийгэм бүтээхийг төрийнхөн та бүхэн манлайлна. Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална. Ард түмнээ харин  бүсээ чангалах дэглэмд бус, хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцаж дадахыг уриалж байна.

Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр,  ердийн тийзнээс  2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг  өнөөдрөөс тасалбар болгоорой. Үүнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тавьж ажлаарай. Хэрвээ тэр хүн заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа  төлөөд яв.

Ерөнхий сайд миний томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулж, шийдэрлүүлэхийг ЗГХЭГ-түүрэг болгож байна. Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн аймгийн хилийн зааг дээр угтдаг, үддэгийг зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалган дээр нь цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан. Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  ТӨБЗГ- ын даргад үүрэг болгож байна.

Эдийн засгийн хүндэрлтэй энэ үед монголчууд бид улсаараа, парламент бүтнээрээ, Засгийн газар танхимаараа зорилгоо ухамсарлан нэг баг болж зүтгэх ёстой. Ингэж чадаж байж гэмээнэ бид улсаараа нэг зүгт харж, алхаж чадна.  Монголчууд бид нэг эх оронтой, нэгдмэл ард түмэн.  Ард түмэн маань тунгалаг төрөөр үйлчлүүлж, шударга нийгэмд тайван амьдрахыг л хүсч байна. Энэ хүсэл, хүлээлтийнх нь төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж улстөрчид бид саналыг нь авсан, төрийн албаныхан та бүхэн тангараг өргөсөн гэдгээ  ухамсарлаж,  сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахыг хүсье” гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 03 сар 24

Zovshtei yadaj l neg iim ug helciheed tuuniigee biyluuldeg baih ystoi.Tegeeree gej helhdee bish bur tegne,tegeh ystoi gej hariutslagatai helj surah heregtei eronhii saidaa,Helsen ugee buteedeg baival,Duuriimaa ustalaa amjilt oorcilolt l gesen saihan Sanaa zorilt baina Demjij baina Amjilt husie.

зочин 2017 03 сар 21

Зөв л юм ярьсан байна. Бид дээрээсээ эхлэх хэрэгтэй. Энэ сахилга батыг дээрээ л тогтоох ёстой.Чадварлаг цомхон бүрэлдэхүүнтэй яам газруудтай төрдөө үйлчлэх төрийн алба хаагч нар олон байж хэмээн төрийн ажил явагдана. Сайханбилэгийн хажууд эдийн засагч хүний үгийг хэлсэн байна.

Иргэн 2017 03 сар 20

ДЭД САЙД НЭРТЭЙ СААДУУД, ЯАМ, АГЕНТЛАГИЙН ХИЙХ ЮМГҮЙ ОЛОН АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТНҮҮД ГЭХ ФАЙСВҮҮКЧДИЙГ ЦӨӨЛ ӨӨ. ТЭГСЭН БАЙХАЙД АЖИЛ ЯВЖ, МОНГОЛ ХӨГЖИНӨӨ...

Зочин 2017 03 сар 20

zardluudaa ard tumnees bish zasgaar tuluuleh yam uu bitgii ard tumnee doromjlood baigaaraa

mongol 2017 03 сар 20

mun ih burvaa ta nariin hiisen ajil gevel umnuh zasgaa muulj gonshignoh hamag buruugaa busdad tohoh iim l ajliig sain hiisen shuu delhiin zah zeeld tuuhii ediin une ussunuus bolj manaid baga zereg mungu orj irj baigaa ene ta nart padgui ta nar tegeed tatvaruud nemeh tetgevriin nasiig nemesnees garah