Хурдхан л ухаараасай


Манай улсын иргэдийн олонх хувь нь үйлчлүүлдэг худалдааны төв бол Нарантуул зах. Тэнд хот хөдөөгийн бүхий л хүмүүс ирж худалдан авалт хийнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ нь бусад худалдааны төвүүдээс хамгийн хямд бөгөөд ногоон хурганы арьс, нохойны битүү туурианаас бусад бүхий л зүйлс тэнд худалдаалагддаг гэдэг. Олон хүн бужигнасан энэ газарт хулгай, дээрэм зэрэг саар зүйл ч олон өрнөдөг. Саяхан нэгэн залуу тус захад явж байхад өөрт нь тохиолдсон зүйлээ бидэнд ярьсныг уншигч танд хүргэе.

Нэгэн залуу харьцангуй хямд үнээр нэг дороос хэрэгцээт зүйлсээ цуглуулж авахаар аймгаасаа Улаанбаатарт ирлээ. Хотод ирээд мэдээж Нарантуул захыг зорино. Худалдан авалт хийхийн тулд АТМ буюу бэлэн мөнгөний машинаас мөнгөө авахаар дугаарлан зогслоо. Том гэгчийн үүргэвч үүрсэн учир нэлээд их зүйлс авах шинжтэй бөгөөд бас нэлээд хэмжээний мөнгөтэй байх магадлалтай гэдэг нь хулгай дээрэм хийдэг хүмүүст бол андашгүй биз...

Гэтэл АТМ-ийн дэргэд “шаарги” хэмээх тоглоомыг хэдэн хүн тоглож байх юм. Тоглоомын дүрэм нь шааргийг аль таган доор байгааг зөв олж гишгэсэн хүн нь бооцоонд тавьсан мөнгийг авах учиртай. Тэд дуу шуу ихтэй хашхиралдан тоглоно. Хажуугаар нь зөрөх хүмүүс “өө тэр таг доор шаарги байна” хэмээн хэлэлцэж сонирхон харна. Энэ үед нөгөөх залуу АТМ-ээс мөнгөө аваад түрийвчиндээ хийж амжаагүй байхад нь 40 орчим насны нэгэн эрэгтэй “Хүүе ахын дүү тэр таг доор шаарги орчихлоо гишгэ” хэмээн залууг түлхэн оруулж таган дээр хүчээр гишгүүллээ. Нөгөө залуу юу болоод байгаа учрыг ололгүй гайхан таг дээрээс хөлөө авахад тоглоом тоглож байсан хүмүүс “чиний гишгэсэн таг доор шаарги байхгүй байна тиймээс чи алдлаа” хэмээгээд АТМ-ээс аваад түрийвчиндээ хийж амжаагүй байсан мөнгийг нь булааж аваад тал тал тийш таран зугтжээ. Энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн байна. Ямар хэрэгт орсноо гайхсан залуу Цагдаагийн хэсэг нь хаана байдгийг тус захын худалдагч нараас асуух явцдаа ийм зүйл болсныг ярихад “Өө шаарги гэдэг тоглоомоор хүн луйвардаад сурчихсан хэсэг хүмүүс энд байдаг юм. Чи одоо мөнгөө олж авна гэдэг бараг л худлаа даа. Өдөр бүр л ийм хэрэг гардаг” гэлцэнэ.  Тус залуу цагдаа дээр очоод уулзахад хэргийг тэмдэглэж аваад л “за энэ хавиар ойрхон байж байгаарай эргээд холбогдьё” гээд тоомжиргүйхэн хандах аж.

Хэсэг хугацааны дараа нэг хүн мөнгөө алдсан залууг дуудан “Бид ингэж хүнээс мөнгө аваад гаршчихсан. Чи биднээс мөнгөө олж авна гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ энэ удаад чамтай тохиролцъё. Би чиний мөнгөний талыг нь өгье, харин чи эндээс явж үз. Гэхдээ цагдаа руу утасдаад мөнгөө авчихлаа гээд хэлчих” хэмээжээ. Мөнгөө алдсан залуу мөнгөнийхөө талыг ч болсон олж авч байгаадаа баярлан хүсэлтийг зөвшөөрөн цагдаа руу залгана. Гэтэл тохиролцъё гэсэн залуу “би яръя” гээд залуугийн утсыг аваад “Би А байна аа. Б юу? Тохирчихсон шүү. За баяртай” хэмээн хэзээний танилууд шиг ярилцана. 

Мөнгөө булаалгасан залуу алдсан мөнгөнийхөө талыг нь авчихаад буцах замдаа "мөнгө алдсандаа нэг харамсаж, бас ч гэж талыг нь олоод авчихлаа" хэмээн гайхах баярлах нь зэрэгцээд л өнгөрсөн аж.

Нарантуул захын худалдагчдын яриж буйгаар яг ийм хэрэг нэлээд гардаг байна. Цагдаа нар нь тус тоглоомонд иргэдийг хүчээр оруулж мөнгийг нь авдаг хэсэг хүмүүсийг бүгдийг нь таньдаг ч иргэдтэй уулзуулж хохиролыг нь барагдуулдаггүй аж. Мөнгөө алдсан зарим нь аргагүй эрхэнд хоосон буцдаг. Зарим нь дээрх залуу шиг тал мөнгөө аваад буцдаг байна. 

Өнөөдөр манай улсын иргэдийн олонхынх нь амьжиргааны түвшин дундаж болон дундаас доош байдаг. Тэд л Нарантуул захаар үйлчлүүлдэг. Гэтэл энэ мэтээр төрийн цагдаа нь луйварчидтайгаа нийлэн иргэдийнхээ хөдөлмөрлөж олсон хэдэн бор төгрөгийг нь шулж байгаа нь дэндүү харамсалтай... 

Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хяналт тавьж, хамгаалах тангараг өргөсөн ЦАГДАА шүү дээ та. Үүнийгээ хурдхан л ухаараасай билээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх