ОХУ болон АНУ Сирийн дайралтад харилцан адилгүй байр суурьтай байна


АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүмүүсийн мэдэгдснээр, Сирийн цэргийн баазад өгсөн цохилт амжилттай болж бүх 59 пуужин байгаа оносон байна.   

Уг дайралтаар Сирийн "Шайрат" агаарын нисэх хүчний баазад байсан 20 орчим онгоцыг устгасан гэж мэдэгдсэн юм.

Гэвч Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг дэмжигч ОХУ уг ажиллагааг бүрэн амжилттай болж чадаагүй гэж мэдэгдлээ.  

Оросын үндэсний телевиз өөрийн сурвалжлах багийг уг агаарын бааз руу явуулсан бөгөөд АНУ-ын халдлагад өртөөгүй үлдсэн нисэх онгоцууд бямба гарагт хэт давруу үзэлтнүүдийн "Лалын улс" бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа сэргээж байгаа тухай дамжуулсан байна.   

Тэд нисэх зурвас бага зэрэг гэмтсэн болохыг мэдээлж, Сирийн байлдааны бөмбөгдөгч онгоц даалгавраа хэрхэн гүйцэтгэж байгааг харуулжээ. 

Үүний зэрэгцээ АНУ-ын албаныхны мэдэгдснээр, Сирийн засгийн газар химийн зэвсэг ашигласан болохыг АНУ-ын цэргийн хяналт шинжилгээ баталж байна гэжээ. Мөн түүнчлэн химийн зэвсэг хэрэглэснийг Оросын зэвсэгт хүчин мэдэж байсан эсэхийг анхааралтай нягтлан шалгаж байна гэж мэдэгдсэн юм.

"АНУ уг баазад химийн зэвсэг хадгалж байсан талаар ямар нэг нотлох баримт гаргаж ирээгүй" гэж Оросын Батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч бямба гарагт  мэдэгдсэн байна.    

Тэрбээр АНУ ямар нэг баримт нотолгоогүйгээр Иракийг үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэж байна гэж буруутган тус улсын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулж байсантай адил үйл ажиллагаа явуулж байна гэж онцлон дурджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх