2025 он гэхэд японд худалдагчгүй автомат дэлгүүрүүд бий болно


Японы засгийн газар мини супермаркетын сүлжээ ажиллуулдаг таван гол компанитай хамтран тус улсад худалдагчгүй автомат дэлгүүрүүд байгуулах шийдвэр гаргажээ. Ийм дэлгүүрүүд 2025 оноос ажиллаж эхэлнэ гэж Киодо агентлаг мэдээллээ.

Үүний тулд барааны талаарх мэдээлэл бүхий тусгай чипүүдийг ашиглах юм. Кассын машин худалдан авагчдын тэргэнцэр дотор байгаа бараануудын үнийг автоматаар агшин зуур бодох аж. Эл үйл явц ердөө 10-хан секунд үргэлжлэх юм. Үүний дараа кассны машинууд худалдан авагчдад хариулт мөнгө болон тасалбарыг өгөх бол роботууд бараануудыг тэр даруйд нь савлах аж.

Ийм загварыг Осака мужийн Моригүти хотын нэгэн дэлгүүрт туршиж үзсэн байна. Гэхдээ орон даяар уг системийг ашиглахад нэлээд цаг хугацаа хэрэгтэй байгаа аж. Учир нь, барааны талаарх мэдээлэл бүхий цахим зүүлтийг үйлдвэрлэх өртгийг багасгах хэрэгтэй болоод байна. Ингээгүй тохиолдолд барааны үнэ өсч, худалдан авагчид дайжихад хүрэх билээ.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам чипний үнийг бууруулах үүднээс түүнийг бөөнөөр нь үйлдвэрлэх сонирхолтой компаниудад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тус улсад худалдагчийг хөлслөн ажиллуулах нь улам бүр өртөг өндөртэй болж байгаа учраас автомат дэлгүүрүүдийг байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа гэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх