В.Путиныг доромжилсон хөтлөгч Fox news-д цаашид ажиллахгүй


Fox News-ийн хөтлөгч Билл О'Рейли тус телевизэд цаашид ажиллахгүй болжээ. Энэ тухай тус телевизийг ажиллуулдаг 21st Century Fox корпораци мэдэгдлээ.

Мэдэгдэлд дурдсанаар “О'Рейлиг буруутгаж буй үндэслэлийг сайтар нягтлан үзсэний эцэст хөтлөгчийг Fox News телевизэд цаашид ажиллуулахгүйгээр шийдвэрлэжээ".

О’Рейли одоо ээлжийн амралттай байгаа ба ирэх даваа гарагт ажилдаа орохоор төлөвлөж байгаа аж.

New York Magazine-д мэдээлснээр, Fox News үзэгчидтэй нь сүүлчийн удаа уулзуулахын тулд эфирт гарахыг түүнд зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Билл О'Рейли телевизтэй хамтран ажиллах гэрээгээ дуусгавар болгож байгаа аж. Ажлаасаа гарах болсон шалтгаан бол намайг үндэслэлгүйгээр буруутгаж байгаа явдал гэж О'Рейли онцлон хэлсэн байна.

О'Рейли Fox News-д 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “түүхэнд хамгийн сайн мэдээний нэвтрүүлгийг бий болгож, түүнийг хөтөлж чадсанаараа маш их бахархаж байгаа төдийгүй Fox News-ийг Америкийн телевизийн зах зээл дээрх зонхилогч мэдээний телевизийн сүлжээ болгоход ихээхэн хувь нэмэр оруулж, америкчуудад байнга мэдээлэл өгч байсандаа сэтгэл хангалуун байна" гэж мэдэгджээ.

“Ямар ч үндэслэлгүй зүйлээс болоод бидний зам салж байгаад туйлын их харамсч байна” гэж О'Рейли хэлээд “олон нийтийн анхаарлын төвд байдаг олон хүмүүсийн хувь заяа ийм байдаг юм даа" гэв. 

Өдгөө 67 настай О’Рейли бол хурц, өдөөн хатгасан, хүний хор шарыг малтсан үг яриатай гэдгээрээ нэрд гарсан хамгийн алдартай хөтлөгч, тоймчдын нэг билээ. Тухайлбал, тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ оны 2 дугаар сард ярилцах үеэрээ Оросын төрийн тэргүүн Владимир Путиныг “алуурчин” гэж нэрлэжээ. Үүнтэй холбогдуулан В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков  "иймэрхүү үг яриа бол байж боломгүй зүйл, О'Рейли уучлал гуйх хэрэгтэй" гэж мэдэгдсэн юм. Хариуд нь О'Рейли тохуурхсан өнгө аясаар "уучлал гуйхад бэлэн байна, гэхдээ 2023 оноос наашгүй шүү" гэж хэлжээ.

Түүнээс гадна, хэд хэдэн эмэгтэй "О'Рейли бэлгийн дарамт учруулсан" хэмээн гомдол гаргаж байсан юм. Харин О'Рейли өөрийг нь буруутгасан таван эмэгтэйд 13 сая доллар өгсөн тухай нийтлэл "The New York Times" сонинд гарсан нь дуулиан тарьж байсан билээ.

Хохирогч эмэгтэйчүүд нь хөтлөгчтэй хамт Fox News-д ажилладаг байсан эсвэл түүний нэвтрүүлэгт уригдан оролцсон хүмүүс бөгөөд О'Рейли тэдэнд албан тушаалыг чинь ахиулна хэмээн амлаж, үүний хариуд бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байсан аж. "The New York Times" сонинд бичсэнээр, дээрх мөнгөний зарим хэсгийг нь О'Рейли өөрөө төлсөн бол үлдсэнийг нь телевизийн захиргаа төлжээ.

Харин О'Рейли энэ мэдээллийг үгүйсгэн няцаасан юм. Fox News-ийн удирдлага “манай телевиз ажлын байран дээр зохисгүй авир гаргах тохиолдолд хатуу шийтгэдэг” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

хнннн 2017 04 сар 20

Онцгүй зантай хүн байна. Угаасаа тэтгэвэрийн насны хүн юм бишүү

зочин 2017 04 сар 20

Өдий насалчихаад өөрийнхөө хэлэх үгийг хянаж чадахгүй болтлоо бүлт үсэрдэг манайхаар бол босоо гээд хэлчихээр нээрээ би чинь монголын төрийн жолооч атгахаар авъяастай, гээд бодчихсон бүлт үсэрдэг нөхөр шиг л эр байна. Яая гэхэв. Хожуу ч гэсэн сургамж болж.

zochin 2017 04 сар 20

ene hun iig yachij bichlee gesen hudaldagdsan hun bina hiree medehgui kariaraa aldlaadaa