Хачигт хазуулж амиа алдсан хэрэг гарчээ


Хүмүүс дулааны улиралд хөдөө нутгаар амарч, зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна ойт хээр газраар явж жимс ногоо болон төрөл бүрийн ашигт ургамал түүх нь элбэг байдаг. Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачигны идэвхжил давхацдаг. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог. Тиймээс хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхааруулсаар байгаа. Харамсалтай нь хачигт хазуулсны улмаас нэг иргэн амиа алджээ.

  Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хачигт хазуулсан 54 настай эмэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүрггэдсэн ч амиа алдсан хэрэг гарчээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд яг юунаас болж амиа алдсаныг нь шинжилж үзэхэд хачигт хазуулсанаас болсон нь тогтоогдсон байна. Тус аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 45 тохиолдол тархвар судлал, эмнэлзүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогдсон байна. Гурван хүний биеийн байдал хүндэрсэн ч одоогоор биеийн байдал сайжирч эхэлжээ.

Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг аж. Хачиг хүнийг хазах үед вирус, нян зэрэг үүсгэгч хүний цусанд орсны улмаас халдвар үүсдэг байна. Нэг хачиг дунджаар дээрх 30 төрлөөс долоон өвчнийг үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвч­ний халдвар биед орно гэсэн үг. Хэдий бүх хачиг халдваргүй ч таван хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдгийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулдаг. Түүнчлэн хачиг салхины нөлөөгөөр агаарт нисдэг. Хэрэв тэр замд нь хүн, амь­тан таарвал шигдэж, шимэгчилдэг байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх