“Нүхэн жорлонг халж, техникийн захуудыг нүүлгэх цаг иржээ”


-Хүүхдийн суулгалт өвчний 2.1 хувь нь хөрсний бохирдлоос шалтгаалж байна-

“Нүхэн жорлонг зайлшгүй халах, авто засварын болоод техникийн захуудыг нүүлгэх цаг иржээ” хэмээн НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгааны тайлангийн үеэр хэлэв.

Ингэж хэлэх болсон шалтгаан нь тус төвөөс хийсэн “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” зэрэг судалгаануудад авто засвар, техникийн захууд орчмын хөрсөнд хар тугалгын агууламж өндөр гарсантай холбоотой юм.

Судалгааг есөн дүүргийн гэр хорооллын 111 цэгт хийсэн бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын өнгөн хөрсөнд агуулагдах хар тугалга болон хүнцэл стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн нийслэлийн хөрсөн дэх хүнд металлын бохирдолд авто засварын газрын шатах тослох материал, авто угаалга, дугуй засвар, томоохон авто худалдааны төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, дээрх газруудын хөрсөнд хүнд металл тэр дундаа хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан аж.

Энэхүү судалгааны хүрээнд хөрсний бохирдлоос үүдэн гэр хорооллын 0-5 насны хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг давхар судалжээ.

Судалгааны явцад гэдэсний халдварт өвчний шалтгааны 2.1 хувь нь хөрсний бохирдлоос үүдэж буйг тогтоосон байна.

“0-5 насны хүүхдийн дундах суулгалт халдварт өвчин зун, намрын улиралд хамгийн их бөгөөд энэ нь гэр хороололд илүүтэй тохиолдож буй нь гэдэсний эмгэг төрөгч хөрсөнд ихээр агуулагдаж байгаагийн баталгаа” хэмээн эрдэмтэн судлаачид ярилаа.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin... 2017 05 сар 17

nuhen jorlon hurs bohirduuldag yum bjee.......tegbel bolobson buyu oron suutsnii tseber usaar utgun shingenee zailuuldag bolobson jorlon tuul goliig shuud bohirduulaj bga

зочин 2017 05 сар 17

судалгааны үр дүнг хэрэгжүүлэх хэрэгтэй

Зочин 2017 05 сар 17

Барилгын материалын зах байна бас