Сургуулиа төгсөж буй ХҮН БҮРТ Билл Гейтс ингэж зөвлөв

Боловсрол Галаа Галаа 2017 05 сар 17 1806

Тэртээ 1975 онд Харвардын их сургуулийг хаяж, Майкрософт хэмээх компанийг байгуулахаар сэтгэл шулуудсан Билл Гейтсийг өнөөдөр ийм амжилтад хүрсэн байна гэж хэн ч төсөөлгүй байх.

Дэлхийн тэргүүн баян, программ хангамжийн салбарт нэрээ дуурсгасан Билл Гейтс энэ жил сургуулиа төгсөж байгаа хүмүүст хандан дараах захидлыг бичжээ.

2017 оны төгсөгчид өө:

Баяр хүргэе. Та бүхэн миний хэзээ ч гүйцэлдүүлж чадахгүй тийм нэг зүйлийг амжилттай дуусгалаа. Их сургуулиа төгслөө шүү дээ.

Төгсөлтийн баяраас чинь өмнө авга ах, эгч нар чинь бүгд л маш их зөвлөгөө өгч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ ямар нэг шийдвэр гаргахаас чинь өмнө би өөрийнхөө бодлыг бас хуваалцахыг хүссэн юм.

Дөнгөж сургуулиа төгсөж буй залуус надаас ирээдүйн карьераа хэрхэн сонгох тухай их асуудаг. Миний хувьд 20 гаруйхан настай байхдаа дөнгөж эхэлж байсан дижитал хувьсгалд Пол Аллены хамт гар бие оролцох завшаан тохиосон юм./Энэ шалтгааны улмаас л би их сургуулиа төгсөлгүй орхисон. Хувьсгал бидэнгүйгээр болчихвий гэдгээс айсан учраас тэр юм/

Хэрвээ би өнөөдөр дөнгөж эхэлж байсан бол хэрвээ дэлхийд нөлөөлөхүйц хэмжээний том боломж юу байна гэдгийг харах байсан бол дараах гурван салбарыг онцлон сонгох байлаа.

Нэгдүгээрт хиймэл оюун ухааны салбар. Бид хүмүүсийн амьдралыг илүү үр бүтээлтэй, бүтээлч болгохын тулд хийх зүйлийг дөнгөж л эхлүүлж байна.

Хоёрдугаарт эрчим хүч. Учир нь эрчим хүчийг байгаль орчинд хоргүй, хүн бүр ашиглаж болохуйц болгож чадвал бид ядуурал, цаг уурын өөрчлөлтийг зогсоож чадна.

Гуравдугаарт био шинжлэх ухаан. Хүмүүс илүү удаан, эрүүл саруул амьдрах боломжийг бүрдүүлэх боломж энэ салбарт бий.

Гэхдээ чи ямар ч карьер сонгосон бай амьдралд тогтсон, хэзээ ч өөрчлөгдөхгүй зүйлс гэж бас байдаг. Би дөнгөж сургуулиа хаяж байх үедээ дараах зүйлсийг мэддэг ч байсан болоосой гэж их хүсдэг.

Жишээлбэл сэтгэн бодох чадвар миний бодож байсан шиг чухал байсангүй. Майкрософтыг анх байгуулж байх үедээ би “Хэрвээ код бичиж чаддаг л бол хүмүүсийг удирдан чиглүүлж, маркетингийн асуудлуудыг ямар ч төвөггүй шийдэж чадна” гэж боддог байлаа.

Гэхдээ миний буруу байсан юм. Би бусад хүмүүсийн чадвар, төрөлхийн авьяасыг таньж, хүндлэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй болсон. Үүнийг эрт ухаарах тусам чиний амьдрал илүү баялаг байх болно.

Дараагийнх нь жинхэнэ шударга бус байдал гэж юу байдгийг арай эрт ойлгосон бол гэж би хүсдэг. 40 насыг дөхөж явахдаа Мелинда бид хоёр анх удаа Африк руу аяллаар явахдаа л шударга бус байдлыг жинхэнэ утгаар нь тэнд үзсэн.

Ямар аймшигтай байсан гэж санана. Буцаж ирээд бид хоёр судалгаа хийж эхэлсэн. Баян орнуудад хэний ч тоодоггүй өвчний улмаас тэнд хэдэн сая хүүхэд амиа алдаж байгаа нь аймшигтай байлаа.

Зөвхөн энэ зүйл л гэхэд дэлхий дээрх хамгийн шударга бус зүйл. Тиймээс бид хүлээж суухын оронд шууд гар бие оролцох хэрэгтэй гэж шийдсэн юм.

Үнэн хэрэгтээ чиний одоо мэдэж байгаа зүйлсийг би чиний насан дээр мэддэггүй байлаа. Технологи чамд би болон миний үеийнхэн хэзээ ч ойлгохгүй байсан асуудлыг харахад, хэрхэн шийдвэрлэх арга замыг олоход тус болж байна.

Чи өөрийн амьдарч буй нийгэмдээ байгаа шударга бус байдлын эсрэг эсвэл дэлхийн нөгөө хагаст зовж буй хүмүүст одооноос ч тусалж чадна.

Түүнчлэн би чамд нэг зүйлийг зөвлөхөд өөрийг чинь хурцалж, сургаж, хамаг чадлаа дайчлахад хүргэдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй. Мелинда бол яг тийм хүн юм. Миний сайн нөхөр Уоррен Баффет ч гэсэн тийм хүмүүсийн нэг.

Би өөрийн аз жаргалыг миний эргэн тойрны хүмүүс хэр зэрэг аз жаргалтай байгаа эсэхээр хэмждэг. Мөн бусдын амьдралд хэрхэн тусалж, өөрчлөлт хийж байгаагаараа хэмждэг.

Хэрвээ би та бүхэнтэй нэг бүрчлэн уулзаж, зөвлөгөө өгөх байсан бол Стивен Пинкерийн “The Better Angels of Our Nature” номыг санал болгох байлаа. Магадгүй хэдэн жил сургуульд сураад дөнгөж төгсөж буй чамд 700 хуудастай ном унших сэдэл төрөхгүй байж болох юм.

Гэхдээ энэ номыг заавал унших номынхоо жагсаалтад нэмээрэй. Миний уншиж байсан хамгийн их урам зориг өгсөн ном энэ байсан юм шүү.

Пинкер өнөөдөр дэлхий ертөнц хэрхэн сайжирч байгаа талаар үнэмшилтэй баримт нотолгоонуудыг дурдаж, бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн энх тайван цагт амьдарч байгаа тухай бичсэн юм.

Гэтэл өнөө цагт ийм сэдэв гаргаж, түүнийгээ нотолно гэдэг амаргүй зүйл. Хэрвээ чи бусдад дэлхий хэрхэн сайжирч байгааг хэлэх юм бол ихэнх нь чамайг галзуу хүн мэтээр харна.

Гэхдээ дэлхий өөрчлөгдөж байгаа нь үнэн. Чи энэ үнэнийг нэгэнт хүлээн зөвшөөрсний дараа дэлхийг арай өөрөөр хардаг болно. Хэрвээ чи юмс сайжирч байгаа гэж бодож эхэлбэл, юу ингэж өөрчлөгдөхөд хүргэж байгааг мэдэхийг хүснэ.

Мэдсэн тохиолдолд түүнийг хэрхэн эрчимжүүлж, илүү олон хүнд хүргэх аргыг олж чадна. Энэ нь чи өнөөдөр бидэнд тулгарч буй ноцтой асуудлуудыг үл тоомсорлож байна гэсэн үг биш юм.

Харин чи тэр бүх асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэдэг, тэр итгэлээ үйл хэрэг болгохыг зорьж байна гэсэн үг юм.

Энэ бол миний ертөнцийг харах цонх. Хүнд, хэцүү цаг үед энэ бодол минь намайг хурцалж, сүүлийн 17 жилийн турш сайн үйлс хийж буй шалтгаан минь үүнтэй холбоотой.

Чамайг ч гэсэн ингэж чадна гэж би бодож байна. Та бүхэнд амжилт хүсье.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх