Д.Дэлгэрмөнх: Бактерийн халдвараас хорт хавдар үүсэх эрсдэлтэй


Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар өнгөрсөн жил хорт хавдраар 3272 хүн нас баржээ. Үүнээс элэг 50, ходоод 16, уушги 11, умайн хүзүүний хорт хавдраар дөрвөн хувь нь өвчилж, амь насаа алдсан байна.

Америкийн Хавдар судлалын нийгэмлэгээс 2007 онд гаргасан судалгаагаар жил бүр ходоодны хорт хавдраар нэг сая хүн оношлогдож, тэдгээрээс 70 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог бөгөөд нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь нас бардаг аж. Харин Монгол Улсад ходоодны хорт хавдраар голдуу 40-өөс дээш насныхан өвчлөх эрсдэл өндөртэй. Түүнчлэн эрэгтэйчүүдийн хувьд өвчлөх магадлал нь хоёр дахин их гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Иймээс ходоодны хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх болон шинжилгээ оношлогоонд хэрхэн хамрагдах талаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Д.Дэлгэрмөнхөөс тодрууллаа.

-Хорт хавдраар өвчлөхгүйн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? 
-Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутмын хооллолтод анхаарах хэрэгтэй. Хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж, давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс аль бодох татгалзах ёстой. Түүнчлэн уг өвчлөлд хорт зуршил, стресс тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас аль болох тайван байж, архи тамхинаас татгалзах шаардлагатай.

Хамгийн чухал зүйл нь жилд нэг удаа заавал шинжилгээ, оношлогоонд хамрагдах хэрэгтэй юм. Ингэж чадвал өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд эрт үед нь оношилж, эмчлэх бүрэн боломжтой гэсэн үг. Хэрэв та өөрийгөө ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч танд эрсдэлт хүчин зүйлийг арилгах, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх болон хавдраас сэргийлэх талаар зөвлөх болно.

Эрэгтэйчүүдийн хувьд өвчлөх магадлал нь хоёр дахин их

-Оношлогоо, шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ? 
-Дурангийн шинжилгээ оношлогоог бараг бүх эмнэлэгт хийдэг болсон. Тиймээс улсын болон хувийн аль ч эмнэлэгийн дурангийн эмчид үзүүлж болно. Ингэснээрээ хавдраар өвчлөх эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг юм. Сүүлийн үед хавдраар залуучууд ч өвчлөх болсон. Тиймээс эрт оношлогоонд хамрагдахад насны хязгаар хамаагүй. Харин зайлшгүй үзүүлэх ёстой насыг 40 гэж тогтоогоод байна. Учир нь хүн нас ахих тусам хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг.

-Өвчлөл хүндэрсэн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 
-Шалтгаангүйгээр турах, ядарч сульдах, хоолны дуршил муудах, хэт цадах, гэдэс цанхайх болон суулгах, өтгөн хатах, хэрэв гарвал хар өнгөтэй гарах, цустай бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрэв хавдар улаан хоолойд ойр байрласан бол хүнс ходоодонд ороход саад болж, хүн огцом турж эхэлдэг. Хавдар нь ходоодны ханаар тархан ургахдаа бүдүүн гэдэс, нойр булчирхайд дамжихаас гадна элэг, уушги, тархи болон ясанд хүртэл үсэрхийлдэг. Ингэж гэмтсэн эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж, эцэстээ үхэлд хүргэх аюултай.

-Ходоодны сөргөө эсвэл, хеликобактерийн халдвар авсан бол хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг үү? 
-Хэрэв хеликобактерийн халдвар авсан, эсвэл удаан хугацаанд ходоод гэдэсний сөргөөт өвчтэй явсан бол эмчийн хяналтад тогтмол байх шаардлагатай. Учир нь бактерийн халдварын улмаас ходоодонд шарх, шархлаа үүсэж улмаар хорт хавдар үүсэх эрсдэл дагуулдаг юм.

-Энэ өвчлөл нь эцэг, эх болон хамаатан садан гээд цусан төрлөөс нь удамшдаг гэсэн. Тэгэхээр удамд нь энэ төрлийн өвчлөл байсан бол өртөх магадлалтай гэсэн үг үү? 
-Тийм ээ. Аав, ээж, ах, эгч гэр бүлийнхэн болон бусад цусан төрлийн хамаатан садан нь ходоодны хавдраар өвчилж байсан бол өвчлөх магадлалтай гэж үздэг.

Хавдар нь бүх эрхтэнд дамжихаас гадна ясанд хүртэл үсэрхийлдэг

-Эрт илрүүлэлтийн оношлогоо, шинжилгээний талаар тайлбарлахгүй юу? 
-Хавдрыг эрт үед нь илрүүлэх ганц арга нь дурандах. Тус шинжилгээгээр эмч ходоод салст бүрхүүлтэй танилцаж, сэжигтэй хэсгээс эд эсийн шинжилгээ авна. Үүгээр хавдар илрүүлээд зогсохгүй түүний хортой хоргүй болохыг тогтоох боломжтой юм. Мөн хоол боловсруулах замын рентген, томограф, хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээг хийлгэх боломжтой. Ходоодны хавдрын эмчилгээний үр дүн нь хавдрын хэмжээ болон ойролцоох эд эрхтэнд тархсан, эсэхээс шууд хамаарна. Харин өвчлөл хүндэрсэн үед хавдрыг ходоодтой нь, эсвэл хэсэгчлэн авах мэс засал хийхээс өөр ямар ч арга байдаггүй.

-Хавдрыг хүндрэхээс өмнө илрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? 
-Иргэдэд хорт хавдрын тухай ойлголт, мэдээлэл бараг байдаггүй. Тиймээс өвчлөл хүндэрч, гурав, дөрөвдүгээр шатанд орсон хойноо буюу хожуу үед нь шинжилгээ, оношлогоонд хамрагддаг. Ингэснээрээ ходоодныхоо тодорхой хэсгийг мэс заслын аргаар авахуулах болон химийн эмчилгээнд хүртэл ордог. Үүнээс сэргийлэхийн тулд буюу заавал мэс заслаар эрхтнийхээ тодорхой хэсгийг авахуулахын оронд эрт үед нь илрүүлж, дурангийн аргаар буюу хортой болоогүй байхад нь хавдрыг авхуулж, эмчлүүлэх бүрэн боломжтой. Ерөнхийдөө бусад эд эрхтэндээ үсэрхийлэхгүй, хүнд мэс ажилбар хийгдэхгүй. Хамгийн гол нь өвчлөл, нас баралтын тоог бууруулахад өндөр ач холбогдолтой юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх