Нүүрсний үнэ 2018 оны сүүлээр эргээд буурах хандлагатай


 

Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийг “Худалдаа ложистикийн асуудлууд–Экспортыг нэмэгдүүлэх нь”  сэдвээр Кэмпински зочид буудалд зохион байгуулав.

Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудад тулгамдаж буй асуудал хэлэлцэх, хамтран шийдэл олох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болгох мөн цаг үеийн хэрэгцээт мэдээллээр хангах зорилготойгоор МБЗ сар бүрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулдаг юм. 

Хэлэлцүүлгийг МБЗ-ийн Худалдаа, ложистикийн ажлын хэсгийн дарга, Ландбридж ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин хөтөллөө. Зочдоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Монгол тээвэр нэгдлийн гүйцэтгэх захирал С.Ганболд, Гложэкс ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар, Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Жанцансүрэн нар оролцлоо.

Нүүрсний үнэ энэ онд тогтворжин, 2018 оны сүүлээр буурах хандлагатайг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт онцоллоо.

Уулзалтад ОУВС-гийн Азийн бүсийн дэд захирал Ранил Салгадо, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нар Азийн бүсийн эдийн засгийн хөгжлийн төлөв ба Монголд үзүүлэх үр нөлөөллийн талаар илтгэл тавив. Ази-Номхон далайн бүс нь эдийн засгийн өсөлтийн төв цэг хэвээр байгааг ОУВС-гийн Азийн бүсийн дэд захирал Ранил Салгадо онцолоо. Азийн хөгжиж буй зах зээлүүд эдийн засгийн гэнэтийн нөлөөлөлд тогтортой байх төлөвтэй ч банкны салбарын хөрөнгийн хэрэгцээ эмзэг хэвээр байна.

2016 оны II улирлаас эхлэн нүүрсний үнэ өсч, 2017 онд тогтворжин, 2018 оны сүүлээр эргээд буурах хандлагатайг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт онцоллоо. Нүүрсний үнийн өсөлттэй уялдаж, зам тээврийн голлох асуудал нь одоогийн зам болон хилийн боомтын хүчин чадал хэвээр байгаа гэв. Тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц, боомтын хүчин чадлыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээв. 

Гложэкс ХХК-ийн гүйцэтгэх захирал “Нүүрсний салбарын өрсөлдөх чадвар дэд бүтцээс өндөр хамааралтай. Нүүрсний ордуудыг нэмж тодорхойлох, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх санааг сүүлийн зургаан жил дэвшүүлсэн. Орд нэмэгдсэн ч дэд бүтцийн асуудал хэвээрээ. Авто тээврийн зохистой шийдэл төмөр замтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч болно” гэлээ.

Хилийн боомтын нэвтрүүлэх шат дамжлага удаан байдгаас 60км-т 1000 гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл түгжрэлд ордог тухай “Монгол тээвэр” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Ганболд мэдээлэв. Энэ асуудлыг шийдэхийн тулд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, технологий нь шинэчлэх, зэрэгцээ засмал зам барих, хилийн боомтын дэргэд 1000 хүртэлх тээврийн хэрэгслийн багтаамжтай түр байршуулах талбай бий болгохыг санал болголоо. Мөн тэрээр нүүрс тээвэрлэдэг нөхцөл харамсалтай дүр зурагтай байдаг ба ямар ч ажлын байранд хүнээ эхэлж бодох шаардлагатайг онцлов.

Одоогийн байдлаар өдөрт 1200 гаруй тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг. Гэвч замын эвдрэл, зохицуулалтаас болж хил нэвтрэхэд хүндрэл учирдаг тухай Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Жанцансүрэн тэмдэглэв. Тээвэр “QR code”-ыг тээврийн хэрэгслүүдэд олгож, бүртгэлийн мэдээллийн хяналтыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн талаар мэдэгдлээ.

Экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг аюулгүй, тогтвортой болгох, олон улсын боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудад бүх оролцогч тал хамтран анхаарч, шийдэл олох нь зөв гэдэгт хэлэлцүүлэгт оролцсон талууд санал нэгдэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 05 сар 18

БУУРНА БИЗ.

Зочин 2017 05 сар 18

БУУРНА БИЗ.