Г.Ариунцэцэг: Хүүхдийг хөгжүүлье гэвэл номыг уншиж бус ярьж өг


Хүүхдэд ном уншиж өгөх ёстой гэж бүгд л ярьдаг. Харин яагаад тийм чухал гэдгийг бид нарийн мэддэггүй.

Тэгвэл 0-6 насныханд яагаад ном уншиж өгөх ёстой, ямар номыг хэрхэн унших нь үр дүнтэй талаар "Монсудар" хэвлэлийн газрын мэргэжилтэн Г.Ариунцэцэгийн уншсан “Хамтдаа уншицгаая” хэмээх сонирхолтой лекцийг хүргэж байна.

Тэрбээр 1998 онд Герман хэлний багш орчуулагч мэргэжлээр МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн. 2012 онд Холбооны бүгд найрамдах улсад Гадаад хэл заах аргазүйн мастерын зэрэг хамгаалжээ.

ХҮҮХДЭД ЯАГААД НОМ УНШИЖ ӨГӨХ ЁСТОЙ ВЭ?

Энэ асуулт хүүхдийнхээ хөгжилд ихээхэн санаа зовдог, хүүхдээ бүх талаар хөгжүүлэхийг эрмэлздэг эцэг эхчүүдийн хүсэлтэй холбоотой.

Бүх талаар хөгжүүлнэ гэдэг нь үндсэндээ

  • Бие бялдар
  • Хэл яриа
  • Сэтгэхүй
  • Нийгэмшүүлэх

чадварыг олгоно гэсэн үг бөгөөд дараах хэрэгслүүдийн тусламжтайгаар гүйцэтгэх боломжтой. Үүнд,

  • Ном
  • Спортын төрлүүд, тоглоом
  • Урлаг, дуу, хөгжим
  • Танин мэдэхүйн аялал зэрэг багтана.

Энэ бүхнээр хүүхдийг хангаж, нөхцөл нь бүрдүүлсний дараа хөгжлийн тухай ярих боломжтой болно.

Бүгдээрээ бодоод үзье. Танай гэрт тоглоом, ном, зураг, хөгжим, дууны хэрэгсэл хэр байдаг вэ, дийлэнхдээ аль нь зонхилж байна?

Бидний хийсэн судалгаагаар айлуудын 80 хувь нь хүүхдэдээ зөвхөн тоглоом авч өгдөг нь тодорхой байв.

Бүх талаар нь хөгжүүлье, авьяасыг нь нээе гэвэл номоор хангах шаардлагатай юм. Ядаж ном, тоглоом хоёрын харьцааг 50:50 хувь болгох хэрэгтэй. Бүр цаашлаад хөгжим, зургийн хэрэгслүүдээр хангаж байж хүүхдийнхээ хөгжлийг бүрэн дэмжинэ.

Номоор хүүхдийн хэрхэн хөгжүүлэх талаар аваад үзье.

БИД ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙ, ХЭЛ ЯРИАГ ХӨГЖҮҮЛЖ, ГОО САЙХНЫ ХҮМҮҮЖИЛ ОЛГОНО ГЭДЭГ. ТЭГВЭЛ ЯАЖ?

Эцэг эхчүүд хүүхдүүддээ ном уншиж, тэдэнтэй ярилцсанаар хөгжил явагдаж эхэлнэ. Түүнээс бус ном авч өгчихөөд үүнийг уншаарай хэмээн ганцааранг нь орхих юм бол ямар ч үр дүнгүй.

Сонсож, уншиж ойлгох чадварыг ном хөгжүүлдэг байна. Сүүлийн үеийн заах арга, сурганаар энэ аргыг хамгийн их онцолдог. Уншаад, сонсоод ойлгох чадвар нь хүүхдийн сурахын үндэс суурь нь юм. Цаашдаа сургууль, их сургуульд амжилт гаргахын эхлэл. Уншсанаа ойлгох чадваргүй бол амжилт олохгүй.

ТЭГВЭЛ НОМЫН СОНГОЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Ном уншина гэхээр таарсан болгоноо уншихын нэр биш юм. Ном тодорхой шалгууруудыг хангасан байх ёстой. Тухайлбал,

Нас, хүйсийг нь харгалзахын сацуу таны хүүхэд юу сонирхож байгааг хамгийн их онцлоорой.

Эсвэл хэл яриа, сэтгэхүй, хэл ярианы хөгжил олгох зэрэг хөгжлийн хэрэгсэл болгон сонгож авах нь чухал юм.

Бид хүүхдийн хэрэгцээ, сонирхлыг харгалзана гэж ярьдаг ч бодит амьдрал дээр эцэг эхчүүд хүүхдэдээ ном сонгодог.

Эцэг эх, хүүхдийн сонголтыг харахаар газар тэнгэр шиг ялгаатай. Тэгэхээр бид хүүхдэдээ сонирхохгүй номыг нь тулгадаг байх нь.

0-6 НАСНЫ ХҮҮХЭДЭД ЯМАР НОМ УНШИЖ ӨГӨХ ВЭ ?

Ялангуяа бага насныханд их хамаатай асуулт. Ямар бичвэр, ямар агуулга, ямар үг хэллэг, зурагтай байх нь их чухал.

0-2 нас. Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь ном уншиж өгөх ёстой гэсэн үзэл санаанууд байдаг. Зургаан сартайгаас нь зайлшгүй эхлэх ёстой. Хүүхэд энэ үед зөвхөн номыг тогтож хараад гадаад ертөнцтэй харьцуулах чадвар нь сууж эхэлдэг. Энэ насныханд хулдаасан ном, даавуун ном авч өгөх хэрэгтэй. Ийм ном Монголын нөхцөлд хангалтгүй. Бас хүрч мэдэрдэг ном тохиромжтой. Өөрөөр хэлбэл мэдрэмжээрээ уншина гэсэн үг. Энэ номонд хүүхдийн өдөр тутам хардаг, мэддэг зүйлийн зураг багтсан байна. Номын материалын шаардлага өндөр тавигдах ёстой. Яагаад гэвэл хүүхэд амаараа орчноо таньж мэдэрдэг учраас номоо байнга амандаа хийнэ. Тиймээс будаг гардаггүй, ирмэг, өнцөггүй, хулдаасан, даавуун, зузаан байна. Зөвхөн өөрсдийнхөө таньдаг зүйлийг номоос харах учраас бичвэр шаардлагагүй. Бичвэр нь гагцхүү эцэг эх, багш нарт зориулагддаг.

2-4 нас. Мөн л хүүхдийн номын хуудас зузаан, тэднийг гэмтээхээргүй байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдээ ярьж эхлэх үед ном уншиж өгөх ёстой гэж эндүүрдэг. Нялхаасаа ном уншуулж, эргүүлж өссөн хүүхэд номыг хэзээ ч урдаггүй. Энэ үеийнхэнд агуулгын хувьд хүүхэд ойлгох үлгэр, багахан сонирхолтой үйл явдлуудыг тусгасан ном уншуулдаг. Юун түрүүнд зурагт болоод зурагтай ном гэсэн ойлголтуудыг салгаж ойлгох хэрэгтэй. Зурагтай ном гэдэг бол нэг үлгэрт маш олон үйл явдал болдог. Тэндээс хоёр гуравхан үйл явдлыг л зургаар харуулдаг. Харин бүх  үйл явдлыг зургаар харуулсан бол зурагт ном юм. Тэгэхээр 0-4 насныханд зурагт ном тохирно. Эцэг эхчүүдийн уншиж өгсөн номыг хүүхэд зургаас ойлгож, дараа нь ярих боломж бүрдэнэ гэсэн үг.

4­-6 нас. Номын шаардлага өндөрсөж эхэлдэг. Техник, технологи хөгжсөн учраас сонирхолтой номыг л санал болгохгүй бол хүүхэд тэр бүр ном сонирхохгүй байх талтай. Тиймээс охид, хөвгүүдийн номыг ялгаж, салгаж уншуулах хэрэгтэй. Яагаад гэсэн асуултад хариулах, танин мэдэхүйн ном илүү тохиромжтой.

ЯМАР ОРЧИНД НОМ УНШИХ ӨГӨХ ВЭ?

Номоо сонгосон бол унших орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Юун түрүүнд ном уншиж өгдөг цагтай байх хэрэгтэй. Ялангуяа унтахаас нь өмнө оройн 20.00-21.00 цагийн хооронд уншвал бүр сайн. Тэгж чадахгүй бол ядаж долоо хоногийн нэг өдрийг уншлагын цаг болгох хэрэгтэй. Ингэснээр хүүхэд цаг баримтлах, цагт нь ажлыг хийх зарчимд суралцдаг. Өрөөнийхөө гэрлийг тохируулах, лаа асаах, өөр бүтээлэг дэвсэх зэргээр үлгэрийн юм шиг орчин бүрдүүлбэл хүүхэд сонирхож эхэлнэ.

Яаж унших ёстой вэ гэхээр сонирхлыг нь татах хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдөө сонирхож дурлах нь чухал. “Энэ ёстой гоё ном байна. Хоёулаа энийг уншъя” гэх зэргээр уриалж дуудаарай. Номын талаар ярихаасаа өмнө хүүхэд номын сэдвийн талаар юу мэддэгийг сэргээж ярих хэрэгтэй. Дараа нь УНШИХ бус ЯРЬЖ өгөөрэй. Эрдэмтдийн судалгаагаар ярьж өгөх нь хамгийн үр дүнтэйг тогтоожээ. Өөрөөр хэлбэл үлгэрээ түрүүлж уншсан байх ёстой бөгөөд ярих хооронд хүүхэд асуулт асуувал төвөгшөөлгүй хариулж өгөөрэй. Бидний зорилго хүүхдийг хэл яриа сэтгэхүйгээр нь дэмжиж хөгжүүлэх болохоос үлгэрийг унших нь тийм ч чухал биш шүү дээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх