Пуужин устгах системд зөрчил илэрвэл буцаана

Дэлхий Галаа Галаа 2017 05 сар 18 402

Америкийн пуужинг замаас нь устгах THAAD системийг байршуулах явцад ямар нэг зөрчил гарвал тухайн системийг буцаах хүртэл шийдвэр гаргахаа БНСУ-ын эрх баригчид мэдэгдлээ.

Энэ талаар парламентын эрх баригч Ардчилсан намын фракцын тэргүүн У Вон Сик сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрээр, “THAAD системтэй холбоотой бүх асуудлыг сайтар судлах хэрэгтэй. Тус системийг байршуулах явцад Өмнөд Солонгос улсын хууль эрх зүйн нормыг баримтлаагүй нь илэрвэл тухайн системийг буцаах талаар авч хэлэлцэх болно.” хэмээн онцолжээ.

Түүнчлэн пуужин устгах THAAD системийг байршуулах талаар анхнаасаа парламентын хэлэлцүүлгээр шийдэх ёстой байсныг даган мөрдөөгүй болохыг тэрээр дурдсан байна. Өмнөд Солонгосын Ардчилсан намынхан нутаг дэвсгэр дээрээ Америкийн THAAD системийг байршуулахын эсрэг байр суурьтай байгаа ба өмнөх консерватив намын эрх баригчид энэ асуудлаар олон нийтээс дэмжлэг аваагүй хэрнээ асуудлыг өөрсдийн дураар шийдэж, хууль эрх зүйн нормыг зөрчсөн гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Өмнөд Солонгос АНУ-д THAAD системийг байршуулсны төлбөр 1 тэрбум ам. доллар төлөх ёстой хэмээн мэдэгдсэнээс хойш тус системийг тойрсон шуугиан улам нэмэгдсэн. THAAD системийн хүргэлт, угсралт, үйлчилгээ зэргийг АНУ-ын тал бүрэн хариуцаж, харин БНСУ-ын талаас зөвхөн тус системийг байршуулах газрыг нь бэлдэж өгнө гэж талууд анхнаасаа тохиролцсон байсныг АНУ-ын зүгээс зөрчиж байна хэмээн Солонгосын эрх баригчид үзжээ.

Пуужинг замаас нь устгах THAAD систем нь АНУ болон түүний холбоотон улс орнуудыг ойрын болон холын зайн баллистик пуужингаас хамгаалах үүрэгтэй ба тус системийг БНСУ-д байршуулах болсон гол шалтгаан нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтууд болоод байгаа билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх