“Чайналко” Симандоу ордыг худалдан авах санал тавьжээ

Дэлхий Галаа Галаа 2017 05 сар 18 582

Хятадын “Чайналко” компани төмрийн хүдрийн Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналыг Гвиней улсын Засгийн газарт тавьсан байна. Жилд 100 сая тонн хүдэр олборлох тооцоотой нийт 20 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг Хятадын компани дангаар хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Симандоу ордын төслийн 41,3%-ийн эзэмшилтэй байсан “Чайналко” компани 2016 оны аравдугаар сард Австралийн “Рио Тинто” компанийн 46,6%-ийг худалдан авснаар 87,9%-ийн эзэмшилтэй болсон юм. Үлдсэнийг Гвинейн Засгийн газар эзэмшдэг. Ингэснээр Хятадын компани дөрвөн талбайгаас бүрдэх энэхүү ордын хоёр талбайг нь ашиглах эрхтэй болж байгаа. Үлдсэн хоёр нь одоогийн байдлаар Гвиней улсын Засгийн газар болоод Израилийн BSGR компани хоорондын маргаантай талбай юм. Израйлийн компани Симандоу төслийн 51%-ийг эзэмшиж байхдаа уг эзэмшлээ Бразилийн ”Вале” компанид худалдсан асуудлаар дээрх маргаан үүсчээ.

Симандоу ордыг худалдан авах асуудалд “Чайналко” компани, Гвиней улсын Засгийн газар хооронд нэгдсэн тохиролцоонд хүрэх асуудлууд байгаа юм. Ордыг ашиглахад дэд бүтцийн бүтээн байгуулалтад асар их санхүүжилт шаардагдаж буй. Энэ зардлыг Гвиней улсын Засгийн газраас 23 тэрбум ам.доллар гэж тооцож байна. Ордоос олборлосон хүдрийг зах зээлд хүргэхэд 650 км төмөр зам, 24 км тунель, 35 гүүр болоод боомт байгуулах хэрэгтэй.

Хэрэв Гвиней улсын хөрш Либер улсын газар нутгаар дамжин далайд хүрэх зам тавих юм бол төслийн дэд бүтэц байгуулах зардлыг мэдэгдэхүйц хэмнэх боломжтой. Гэхдээ Гвиней улсын зүгээс улс төр болоод эдийн засгийн шалтгаанаар энэ сонголтоос татгалзсан байна. Мөн “Чайналко”компани 2025 оноос өмнө ордыг ашиглах ажлыг эхлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа юм. Учир нь дэлхийн түүхий эдийн зах зээл дэх төмрийн хүдрийн өнөөгийн ханшийн нөхцөл байдалд Симандоу орд нь ашиггүй гэж үзэж байгаатай холбоотой. Харин Гвиней улсын Засгийн газар төслийг аль болох хурдан хэрэгжүүлж эхлүүлэх байр суурьтай байгаа.  

Симандоу  нь 1997 онд нээгдсэн ч өнөөг хүртэл ашиглагдаагүй төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том ордын нэгт тооцогддог. Уг орд нь Симандоу нурууны урд үзүүрт оршдог бөгөөд 60 гаруй хувийн агууламжтай 2 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй, 40 жил ашиглах боломжтой маш чухал төсөл юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх