2018 онд Япон улс шинэ эзэн хаантай болно

Дэлхий Галаа Галаа 2017 05 сар 19 324

Японы засгийн газар эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлагч хунтайж Нарүхитод албан ёсоор хэргэм зэргээ шилжүүлэн өгөх хуулийн төслийг дэмжжээ.

Тус хуулийн төслийг өнөөдөртөө багтаан парламентад өргөн барих аж. Киодо агентлагийн мэдээлж байгаагаар дээрх хуулийн төслийг ирэх сарын дундуур гэхэд батлах гэнэ.

Өнгөрсөн наймдугаар сард 83 настай Японы эзэн хаан Акихито ард түмэндээ хандан хаан ширээнээсээ буух хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, эзэн хааныхаа үүргийг цаашид гүйцэтгэж чадахгүй хэмээн зовниж байгаагаа мэдэгдсэн билээ

Хэрэв дээрх хуулийн төслийг парламентаас баталбал эзэн хаан Акихито 2018 онд албан ёсоор хаан ширээнээсээ буух магадлалтай хэмээн таамаглаж байна.

Гэсэн хэдий ч Японы засгийн газар тухайн хуулийн төслөө зөвхөн эзэн хаан Акихитогийн тохиолдолд л үйлчлэхээр боловсруулсан байна. Японы эрх баригчид Японы эзэн хаан уламжлал ёсоор  бүх насаараа хаан ширээндээ суух ёстой гэж үздэг аж. Хамгийн сүүлд 1827 онд Японы эзэн хаан Кокакю өөрийн хүсэлтээрээ хаан ширээнээсээ татгалзаж байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх